Top StoriesУлс төрийн мэдээ

Битүү шөл үү, Үндсэн хууль уу: 100 жилийн өмнө сэтгэлгээний хувьд хөгжлийн эхлэл тавьсны баяр

Өнөөдрийг Үндсэн хуулийн өдөр гэнэ. Тэмдэглэх болсон түүхэн шалтгаан нь гэвэл, 100 жилийн өмнөх арваннэгдүгээр сарын 26-нд манай улс хамгийн анхны Үндсэн хуулиа баталсан. Ингэж хаант засгийг халж, Бүгд найрамдах засаглалд шилжсэнээр сая бүрэн тусгаар тогтносон. Орчин үеийн, бие даасан хөгжлийн замдаа хөл тавьсан.

Сүүлийн жилүүдэд энэ өдрийг илүү Үндсэн хуулиа дээдлэх, хамгаалах өдөр болгон тэмдэглэх санаачилгыг төрийн түшээд идэвхийлэн дэвшүүлж байгаа. Энэ жилийн хувьд онцлог, 126 гишүүнээс бүрдсэн шинэ парламент нэгэн тогтоол батлав.

Тогтоолд,

  • Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган, түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулахыг Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллагад даалгах;
  • Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр Үндсэн хуулийг дээдлэн залах, Үндсэн хуулийн үзэл санаа, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг түгээн дэлгэрүүлж, тайлбарлан таниулах, сурталчлахыг хэвлэл мэдээллийн байгууллагад уриалах гэхчлэн заажээ.

Анхдугаар Үндсэн хуулийг баталсны 100 жилийн ой тохиож буй тул үүнээс хойш айл өрх, албан байгууллага бүр Үндсэн хуулиа дээдлэн залах үзэл санааны үүрэг хүлээсэн нь энэ.

Та гэртээ Үндсэн хуулиа залсан байгаа юу? Магадгүй битүү шөл хийж иднэ хэмээн шоглож хэлэх үү?

Үндсэн хуулийг УИХ-аас баталдаг. Тийм учраас Үндсэн хуулийн өдрийг УИХТГ-аас санаачлан, тэмдэглэлт өдөр болгон өргөжүүлж хөгжүүлэх нь ойлгомжтой. Авчиг хэлбэрийн хувьд бусад баярууд шиг оройн зоогтой, тогтсон хоолтой байлгах гэхдээ битүү шөлийг санаачилсан нь эдгээр өдрүүдэд шүүмжлэл дагуулж байна.

Үнэн хэрэгтээ Үндсэн хуулийн өдрөөр битүү шөл хийж идэх, иддэг болох эсэх иргэдийн л сонголт. Хэн ч хүчээр тулгаж болохгүй, боломжгүй зүйл энэ. Харин Үндсэн хуулийн үзэл санаа, үнэ цэнийг сурталчлан таниулж бол болно.

Тэртээ 1924 онд Ахдугаар Үндсэн хуулиар төрийн байгууллыг Улсын Их Хурал, Улсын Бага Хурал, түүний Тэргүүлэгчид, Засгийн газар, төв ба нутгийн захиргааны байгуулага гэсэн ерөнхий тогтолцоотойгоор хуульчилж, төрийн эрх мэдлийн хуваарилалт, эрх хэмжээг тогтоосон.

Цаашлаад,

  • Улсын тусгаар тогтнолыг бататган, иргэдийн эрх, эрх чөлөөг бэхжүүлсэн,
  • Хамжлагат ёс, сэтгэлгээг халж, иргэн ба төр гэсэн харьяат хамаарлын эрх зүйн үндсийг анх удаа тодорхойлсон,
  • Энгийн ардад хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөөг олгож, ардын эрхт шинэ дэглэмийг хуульчилсан,
  • Нийгэм, төрийн байгуулал, эдийн засгийн үндэс, гадаад, дотоод бодлогын чиглэлийг тодорхойлсон,
  • Итгэл үнэмшилтэй байх, шүтэн бишрэх, эвлэлдэн нэгдэх, соён гэгээрэх зэрэг хүний заяамал эрхийг хүлээн зөвшөөрсөн,
  • Төрийн байгууллын зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож, ард иргэдийн оролцоотойгоор төрөө байгуулан, хяналт тавих, тэдгээр байгууллагууд нь иргэдийн өмнө ажлаа тайлагнаж байх төлөөллийн ардчиллын үндсэн зарчмыг хуульчилсан тус тус онцлогтой.

Ингээд харахаар барууны сонгодог жишгийг ч баримталсан, бие даасан хурдацтай хөгжил рүү тэмүүлсэн хандлага Анхдугаар үндсэн хуулиас харагддаг. Чухам энд монголчууд орчин үеийн монгол хүн болж, сэтгэлгээний хувьд цаг үетэй хөл зэрэгцэн алхаж эхэлсэн гэмээр.

Анхдугаар Үндсэн хууль баталсан жимээр бид өнөөдрийн парламентын засаглалтай, ардчилсан тогтолцоотой, олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого бүхий Монгол Улсаа эмхлэн байгуулжээ.

Тийм ч учраас монгол хүний хувьд бодох өдөр мөн. Цаашлаад Үндсэн хуулийн үнэ цэнийг илүү ухаж мэдэх шалтгаан ч мөн. Ер иргэн бүр Үндсэн хуулийн үзэл санааг нэвтэрхий мэдэж чадвал эргээд өөрийнхөө эрх, үүргийг сайтар тодорхойлж, төрийн бүтцээс юу шаардахаа ойлгодог. Ухамсарт иргэн болдог. Ухамсарт иргэдээс улстөрчид айж, улс ч өөрөө хөгждөг жамтай.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нэр
нэр

Тэр ухаангүй Лхагва гэгчийг шууд огцруулах хэрэгтэй.

Зочин
Зочин

Mongol ulsiin tusgaar togotnoliig esreguutsej baigaa heden tuuch nettei hyadadiin erliizuud talbaid irsen ba teg ajilaa hiij ter tagnuuldaa bari

Холбоотой мэдээ

Back to top button