Хямралд ороод буй БНХАУ-ын үл хөдлөхийн салбар сайжирсныг илтгэх шинж тэмдэг үзэгдлээ
БНХАУ-д шинэ орон сууцны үнэ арваннэгдүгээр сард илүү хурдтай өссөн гэдгийг хувийн компани явуулсан судалгаа ням гарагт /2024.12.01/ харуулжээ. Хямралд ороод буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эрх баригчид дэмжлэг үзүүлэхээр авсан цуврал бодлогууд үүнтэй холбоотой байж магадгүй юм.
Үл хөдлөх хөрөнгийн судалдаг "China Index Academy"-ийн мэдээллээр бол 100 хот дахь орон сууцны дундаж үнэ арваннэгдүгээр сард 0.36 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь аравдугаар сард үл хөдлөхийн дундаж үнэ 0.29 хувь нэмэгдсэнээс өссөн үзүүлэлт байв. Харин өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад, дундаж үнэ аравдугаар сард үл хөдлөхийн үнэ 2.08 хувь, арваннэгдүгээр сард 2.4 хувиар өссөн байна.
Орон сууцны үнийн албан ёсны мэдээллийг БНХАУ-ын статистикийн товчоо 12-р сарын 16-нд нийтэлнэ. Үл хөдлөхийн салбар 2021 оны оргил үедээ БНХАУ-ын эдийн засгийн үйл ажиллагааны дөрөвний нэгийг бүрдүүлж байсан билээ. Гэвч тус зах зээлийн удаан хугацааны турш уналтад орсон нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын өсөлтөд гол саад хэвээр байгаа юм.
Сүүлийн саруудад БНХАУ-ын бодлого боловсруулагчид зах зээлийн уур амьсгалыг сайжруулах, иргэдийн худалдан авах боломжийг нэмэгдүүлэх, орон сууц худалдан авах хязгаарлалтыг сулруулах зэрэгт анхаарсан. Үүнээс гадна татварын хөнгөлөлт болон урьдчилгаа төлбөрийг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.
"Reuters” агентлагийн явуулсан санал асуулгаар энэ жил болон ирэх онд орон сууцны үнэ бага зэрэг буурч, 2026 онд тогтворжих төлөвтэй байгаа юм. “Fitch Ratings” фирмийн Ази, Номхон далайн корпорацын үнэлгээний албаны захирал Ин Ван өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ "Есдүгээр сарын төгсгөлд үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих бодлогыг зарласнаас хойш шинэ болон хуучин орон сууцны зах зээлд бага зэрэг сайжрах шинж тэмдэг үзэгдсэн. Гэхдээ энэ өсөлт тогтвортой байх нь тун эргэлзээтэй" гэсэн юм.
Тэрбээр нэмж "Бодит эдийн засагт аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэж, ажлын байрны боломж, оршин суугчдын орлогын хэтийн төлөв сайжрах хүртэл орон сууцны үнэ үргэлжлэн буурах магадлалтай" хэмээжээ. Мөн “Fitch Ratings” компани 2025 он хүртэл Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн зээлийн эрсдэлийн төлөвийг сөрөг хэвээр хадгалах болно гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.