Хуулийн мэдлэгт #16: Иргэний үнэмлэхээ гээсэн иргэнийг торгох нь үндэслэлгүй гэж УДШ-ээс дүгнэлээ
Хуулийн мэдлэгт цувралын 16 дахь удаагийн дугаарт иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэж торгож байгаа нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг эцэслэн шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2024/0109 дүгээр тогтоолыг танилцуулахаар бэлтгэлээ.
Иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлж, үрэгдүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т зааснаар 30 нэгжтэй тэнцэх буюу 30,000 төгрөгөөр торгодог байсан. Гэтэл тухайн асуудлаар Прокурор Н.Э нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэх үндэслэлээр иргэн П.Х-г торгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шүүхэд дүгнэлтийг хүргүүлснээр уг асуудлыг Монгол Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс прокурорын гаргасан дүгнэлтийг хангахгүй орхиж, иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд торгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. Улмаар прокурорын зүгээс хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд хяналтын шатны шүүх прокурорын гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнд:
“[1]...Аливаа хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн тохиолдол бүр нь нийтийн эрх зүйн хүрээнд зөрчил үйлдсэнд тооцогдохгүй, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй, нийтийн эрх зүйн харилцааны явцад хууль, хэм хэмжээний актын заалт зөрчигдсөн боловч энэ нь тухайн этгээдэд зөвхөн өөрт нь хамааралтай, эсхүл уг харилцаанд оролцогч талуудад хамааралтай бөгөөд нийтийн эрх зүйн хүрээнд ямар нэг үр дагавар үүсгээгүй бол нийтийн эрх зүйн хүрээнд зөрчил үйлдсэнд тооцохгүй, ийм зөрчилд торгууль шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор “Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-ийг баталсан, уг дүрмийн 2.7-д “Иргэн иргэний үнэмлэхээ эзэмшихэд дараах үүрэг хүлээнэ” гээд, 2.7.1-д “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах” гэж заасныг маргааны үйл баримтад хамааруулан тайлбарлахад, иргэний үнэмлэхээ цэвэр, гамтай эзэмшээгүй, хадгалаагүй эсхүл хаяж үрэгдүүлсэн нь нийтийн эрх зүйн хүрээний зөрчилд тооцогдохгүй, учир нь иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гамгүй эзэмшсэн эсхүл гээсэн нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн үр дагавар үүсгэхгүй, нийтээр тогтоосон журам, зан заншлын хэм хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй, нийгэмд хор уршиг учруулахгүй, өөр бусад хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, зөвхөн хувь иргэнд өөрт нь эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой байх тул улсын бүртгэлийн байгууллага тухайн иргэнийг зөрчил үйлдсэнд тооцож Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж шийтгэл оногдуулсан нь буруу байна” гэж үзэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байна. Мөн дээрх шийдвэр нь нэгэнт төлөгдсөн торгуульд хамаарахгүй бөгөөд иргэнийг төлсөн торгуулиа буцаан шаардах эрх иргэнд үүсгэхгүй болохыг дурдсан байна.
Ийнхүү дээрх шийдвэр нь хууль хэрэглээний хувьд нэгдмэл байдал тогтоох үр дагаврыг үүсгэж байгаа бөгөөд цаашид иргэд нь энэхүү үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар торгуулах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагын зүгээс иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэх үндэслэлээр торгуулиа төлөөд дахин үнэмлэхээ захиал гэх шаардлага тавих нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй болж байгаа юм.
Мэдээллийг бэлтгэсэн: Өмгөөллийн “Авалон Лекс” ХХК
Хууль зүйн зөв шийдлийг танд хүргэнэ.
Эх сурвалж:
[1] https://www.supremecourt.mn/mn/printc?id=44354
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.