ОХУ засгийн газрын төсвийнхөө гуравны нэгийг дайнд зарцуулна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2025 онд зэвсэгт хүчиндээ төсөвлөх зардлыг түүхэнд байгаагүй дээд түвшинд хүргэх төлөвлөгөөг баталжээ. Ням гарагт /2024.12.01/ тус улсын засгийн газрын вэбсайт дээр нийтлэгдсэн төсвөөс харвал 32.5 хувийг нь батлан хамгаалахын салбарт зориулахаар төлөвлөсөн байна. Энэ нь 13.5 их наяд рубльтэй (145 тэрбум ам.доллар) тэнцэж байгаа юм. 024 онд ОХУ төсвийнхөө 28.3 хувийг зэвсэгт хүчиндээ зарцуулж байгаа билээ.
Ирэх жилд төсөвлөсөн батлан хамгаалахын зардал нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж гуравт төсөвлөсөн мөнгөний нийлбэрээс их байгаа юм. 2022 оны хоёрдугаар сараас хойш үргэлжилж буй Украины дайн нь Дэлхийн II дайнаас хойш Европт гарсан хамгийн том зэвсэгт мөргөлдөөн. Энэ дайн хоёр талын нөөцийг шавхаж байгаа. Украиныг барууны холбоотнууд нь тэрбум тэрбум ам.доллароор дэмжиж буй. Гэвч ОХУ-ын хүчин илүү олон тоног төхөөрөмж зэвсэгтэй тул сүүлийн саруудад фронт дээр ахиц гаргасаар л байна.
Европын зөвлөлийн шинэ ерөнхийлөгч Антониу Кошта болон Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Каллас нар ням гарагт /2024.12.01/ Киев хотод айлчилжээ. Тэд албан тушаалдаа орсон эхний өдрөө Украинд айлчилсан нь Европ Киевийг дэмжиж буйг харуулсан хүчтэй мессеж боллоо. Тэдний айлчлал АНУ-ын шинэ засаг захиргаа, Дональд Трампын удирдлагаас Украин юуг хүлээх талаар эргэлзээ төрөөд буй үетэй давхацсан юм.
Кошта Х платформ дээр “Дайны эхний өдрөөс Европын холбоо Украинтай хамт байсаар ирсэн. Эхний өдрөөс л Украины ард түмнийг тууштай дэмжиж байснаа дахин баталгаажуулж байна” гэж бичжээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй хамт Кошта хэвлэлийн бага хурал хийхдээ ЕХ-ны саяхны Украин руу дэмжлэг үзүүлэх амлалтыг дурдсан байна. Үүнд Украин улсын төсвийг дэмжихэд зориулсан 4.2 тэрбум евро (4.4 тэрбум ам.доллар), мөн царцаасан ОХУ-ын хөрөнгөөс сар бүр 1.5 тэрбум евро (1.6 тэрбум ам.доллар)-ын тусламж үзүүлэх багтаж байгаа юм.
Трамп дэмжлэгээ зогсоовол ЕХ санхүүжилтээ нэмэгдүүлэх эсэх талаар сэтгүүлч Коштагаа асуухад “ЕХ шаардлагатай бол Украинд дэмжлэг үзүүлэхэд үргэлж бэлэн байх болно” гэжээ.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.