Нийгмийн

Хууль: Үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулж бүртгэхгүй

Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт оруулснаар орон сууцыг анх захиалсан үнээс бууруулж зарах боломжгүй заалт бий болсон. Тодруулбал,

9 дүгээр зүйл.Эрхийн улсын бүртгэлд тусгах үл хөдлөх эд хөрөнгийн үнэ

/Эдгээр зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаар/

9.1.Эрхийн улсын бүртгэлд тусгах газрын хязгаарлагдмал эрх, гэрээгээр ашиглах эрх, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг дараах тохиолдолд доор дурдсан дэс дарааллаар тодорхойлно:

9.1.1.газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд тухайн хөрөнгийн захиалгын гэрээнд заасан үнэ, захиалгын гэрээнд заасан үнэ байхгүй бол батлагдсан төсөвт өртгөөр тодорхойлогдсон үнэ;

9.1.2.газрын эрхийг анх удаа эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд эрх бүхий байгууллагаас тогтоосон суурь үнэ, суурь үнэ байхгүй бол дуудлага худалдааны үнэ;

9.1.3.өмчлөх эрх болон түүнтэй холбогдсон эд хөрөнгийн бусад эрх, газрын эрхийг худалдах, эсхүл шилжүүлэн бүртгүүлэх тохиолдолд гэрээ, хэлцэл, эсхүл эрх шилжүүлсэн шийдвэрт тусгагдсан үнэ;

9.1.4.газрын эрх, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн барьцааны гэрээ, эсхүл барьцаалбарт тусгагдсан тухайн эд хөрөнгийн барьцааны үнэ;

9.1.5.үнийн талаар өөрчлөлт орсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр тогтоолгосон үнэ.

9.2.Мэдүүлэг гаргагч эд хөрөнгийн үнийг бодитой мэдүүлнэ.

9.3.Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3,   9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй.

Тус хуулийн өөрчлөлт зарим талаар иргэдэд хүндрэл учруулж буйг хуульч дараах жишээгээр тайлбарлав.

“Та мкв-г нь 4 саяар орон сууц захиалж байртай болжээ. Гэвч мөнгөний яаралтай хэрэг болсон тул 3.5 саяар худалдах болов.

Ингээд үл хөдлөх дээр нэр шилжүүлэх гэтэл гэрээгээ 4 саяар хийгээд ир, үгүй бол шилжихгүй гэв. Учрыг нь асуутал орон сууцыг анх захиалсан үнээс нь бууруулж зарж болохгүй гэдэг хууль гарсан гэж тайлбарлана.

Захиалгын гэрээ дүүрч гэхэд өмнө нь өндөр үнээр авсан байраа тэр үнээс нь бууруулж зарж болохгүй болж байна. Зарвал өмнөх үнээрээ зар, үгүй бол нэр шилжихгүй.

Үл хөдлөхийн үнэ олон хүчин зүйлээс хамаарч өсч, буурч байдаг. Орчин тойрон нь нэмж барилгажсан, түгжирдэг болсон, утаа нэмэгдсэн, ядаад л крантнаас нь зэвтэй ус гардаг болсон бол үнэ буурч таарна. Ашиглалтанд ороод 20, 30 жил болж байгаа бол үнэд нөлөөлнө.

Бартераар эсвэл бэлэн мөнгөөр зарахад үнэ дээш доош болдог. Үүнээс гадна эдийн засгийн хямралын үед үл хөдлөхийн үнэ их хэмжээгээр унадаг. Гэтэл үнэтэй байхад авсан байраа хямдруулж зарж чадахгүй болж байна.

Ганц гаргалгаа байгаа нь дахин үнэлгээ хийлгэх. Бөөн чирэгдэл, зардал мөнгө. Тэр үнэлгээчин нь бартер, зээлийн нөхцөл, ах дүү хамаатан садны харилцаа, эдийн засгийн хямралыг тооцож чадах үгүй нь эргэлзээтэй.

Зах зээлийн зарчим бол эрэлт нийлүүлэлт буюу зарж байгаа эзэн, авч байгаа хүн үнэ тогтоодог болохоос УБЕГ-н ажилтан, татварын байцаагч тогтоохгүй гэсэн үг” гэв.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button