БНХАУ Трампын татварын эрсдэлийн эсрэг юанийн ханшаа бууруулахыг авч үзэж байна
2025 онд АНУ-ын гаалийн татвар нэмэгдэхэд бэлтгэн, БНХАУ-ын удирдагчид болон бодлого тодорхойлогчид юанийн ханшийг сулруулах боломжийг хэлэлцэж байна. Энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжууд ханш сулруулахыг авч үзэж байгаа нь Трампын татвартай тэмцэхийн тулд томоохон эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг бодлого боловсруулагчид хүлээн зөвшөөрч буй хэрэг гэж “Reuters” агентлагт хэлжээ.
Трамп бүх импортод 10 хувийн гаалийн татвар, БНХАУ-ын бараанд 60 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Юанийг сулруулах нь БНХАУ-ын экспортын барааг хямдруулж, татварын нөлөөг багасган, мөнгөний бодлогыг зөөлрүүлэхэд туслах юм.
“Reuters” агентлагт юанийн ханшийг сулруулах тухай хэлэлцэж буйг мэдэх гурван эх сурвалж нэрээ нууцлах нөхцөлтэй мэдээлэл өгсөн байна. Тэдгээр эх сурвалж ханш сулруулах талаар ярьсан ч БНХАУ-ын төв банкны хэвлэл "юанийн ханш тогтвортой байх суурь нөхцөл хэвээр байна" гэж нийтлэл гаргажээ. Мөн оны эцэс гэхэд юань тогтворжиж, чангарна гэж үзэж буйгаа тус нийтлэл дээр бичсэн байна.
Хэрэв ирэх онд юанийг сулруулах шийдвэр гарвал энэ нь ханшийг тогтвортой байлгах БНХАУ-ын төв банкны уламжлалт бодлогоосоо ухрах алхам болох юм. Одоогийн байдлаар юанийн ханшийг төв банкны тогтоосон өдрийн ханшаас 2 хувийн хэлбэлзэлтэйгээр удирдаж байдаг.
Төв банк албан ёсоор юанийн ханшийг сулруулна гэж мэдэгдэх магадлал бага. Гэхдээ ханшийг тодорхойлоход зах зээлийн нөлөөг нэмэгдүүлэх тухай онцолж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлэв. Энэ долоо хоногт болсон БНХАУ-ын Улс төрийн товчооны уулзалт болсон. Тус уулзалтаар БНХАУ сүүлийн 14 жилд анхны удаа тодорхой хэмжээгээр зөөлөн мөнгөний бодлого баримтлахаа амласан юм. Гэхдээ юанийн ханшийг тогтвортой байлгах талаар дурдаагүй. Сонирхолтой нь Улс төрийн товчооны есдүгээр сарын уулзалтад ч гэсэн дурдаагүй байна.
Санхүүгийн шинжээчид болон судалгааны хүрээлэнгүүд юанийн бодлогыг энэ жил өргөн хүрээнд хэлэлцэж байгаа юм. БНХАУ-ын тэргүүлэх санхүүгийн бодлогын хүрээлэнгийн судлаачид юанийг доллартой шууд холбохын оронд түр хугацаанд евро зэрэг бусад валютын багцтай уях санал гаргажээ. Энэ нь нөхцөл байдал хурцадсан үед арилжааны ханшийг уян хатан барихад туслах аж.
Мөн нэгэн эх сурвалжийн мэдээлснээр ам.доллар 7.5 юаниар арилждаг хүртэл сулруулах боломжийг төв банк судалж байгаа аж. Энэ нь одоогийн түвшнээс ойролцоогоор 3.5%-ийн уналт болно. Юанийг сулруулах нь БНХАУ эдийн засгийн өсөлтөө таван хувь давуулна гэх зорилгодоо хүрэхэд тусалж, экспортын орлогыг нэмэгдүүлж, импортыг барааны үнийг нэмэгдүүлж дефляцын дарамтыг багасгах ач холбогдолтой.
“HSBC”-ын Азийн эдийн засаг хариуцсан ахлах шинжээч Фред Нойманн “Үнэнийг хэлэхэд ханш унагаах нь бодлогын сонголтуудын нэг. Валютын ханшийг тохируулах нь гаалийн татварын нөлөөг бууруулахад ашиглах хэрэгсэл мөн” хэмээжээ. Гэхдээ ингэх нь алсын хараагүй бодлого байх болно гэж тэр нэмж хэлсэн юм.
Нойманн “Хэрвээ БНХАУ валютын ханшаа хурдтай бууруулбал энэ нь бусад улсууд гаалийн татвар ар араасаа тавих эрсдэлийг нэмнэ. Юанийн ханш хурдтай буурч байвал бид өөрсдөө гаалийн татвар тавьж, хязгаарлахаас өөр аргагүй гэж бусад орнууд үзэж магадгүй юм. Ийм учир БНХАУ валютын ханш хяналтыг бид хэт түрэмгий ашиглавал худалдааны бусад түншүүдийнхээ дургүйцлийг хүргэж болзошгүй. Энэ нь БНХАУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй байх эрсдэлтэй” гэжээ.
Шинжээчдийн таамаглалаар юань ирэх оны эцэс гэхэд нэг доллартой харьцахдаа дунджаар 7.37 хүртэл сулрах төлөвтэй байгаа. Гэхдээ энэ нь Трампын татварын бодлогоос хамаарна. Хөрөнгө оруулагчид Трамп ерөнхийлөгч болоход бэлтгэсэнтэй холбогдуулан юанийн ханш өнгөрсөн есдүгээр сараас хойш бараг 4 хувиар унаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.