Трамп хүүхдийн товлолт вакциныг цуцлах эсэхийг хэлэлцэнэ гэв
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп төрийн томоохон албан тушаалуудад томилох хүмүүсийг нэрлэсэн. Тэдний нэг бол Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яамыг удирдахаар сонгогдсон Роберт Кеннеди Жуниор юм.
Тэгвэл пүрэв гарагт /2024.12.12/ нийтлэгдсэн ярилцлагад Трамп хүүхдийн товлолт вакциныг цуцлах эсэхийг Кеннеди Жуниортой хэлэлцэнэ гэжээ. TIME сэтгүүлтэй хийсэн ярилцлагын үеэр Трампаас сэтгүүлч асуухдаа хэрвээ Кеннеди хүүхдийн товлолт вакцинжуулалтын хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргавал гарын үсэг зурж батлах уу хэмээсэн юм. Үүнд Трамп хариулахдаа “Бид томоохон хэлэлцүүлэг хийнэ. Аутизмын тохиолдол хэний ч итгэмгүй түвшинд хүрээд байна. Болж буй зүйлсийг харвал үүнд ямар нэгэн зүйл нөлөөлж байгаа” гэсэн байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд зарим вакцин тарихыг зогсоох талаар асуухад Трамп “Хэрвээ аюултай эсвэл үр ашиггүй гэж үзвэл цуцлахад тийм ч маргаантай биш байна гэж би бодож байна” хэмээжээ. Сэтгүүлч түүнээс вакцин аутизм үүсгэдэг гэж боддог талаар нь асуухад “Би Боббиг (Кеннеки Жуниор) сонсох болно” гэж харилжээ.
Кеннеди Жуниор өмнө нь холбооны засгийн газар ковид-19-ийн хязгаарлалт тавьж байсныг эсэргүүцсэн. Мөн тэр олон жилийн турш вакцины аюулгүй байдал, үр нөлөөнд эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр ямар ч холбоогүй гэдэг нь тогтоогдсон вакцин, аутизмтай холбоотой гэх мэдээллийн талаар мөн ярьж байсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.