УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Д.Цогтбаатар: ТӨК-иудад олон улсын аудит оруулах мөнгөгүй гэдэг гэнэн тайлбарт автдаг цаг өнгөрчихсөн

УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар намуудын шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацааг Ерөнхийлөгчийн сонгууль давуулна гэж оруулж ирэн. Гэвч нэг жилээр хойшлуулж, намын дарга нар суудалдаа үлдэхийг бид харлаа. Энэ парламентад байгаа цөөхөн хуульчдын нэгийн хувьд юу гэж бодож байна вэ?                                                                      

-Энэ асуудлыг олон талаас нь бүгдээрээ ярилцлаа. Дагнаж ажиллаагүй ч, хуулийн хугацаанд жижиг намууд хурлаа хийж, шийдвэрээ гаргаж амжихгүй. Жинхэнээсээ “Байхгүй” болох эрсдэл гарсан.

Өөрсдөдөө зориулж хууль гаргаж давуу байдал үүсгээд, жижиг намуудыг устгалаа гэдэг буруутгал явагдана. Үүнийг үндэслэж хойш тавьж өгч, хугацаа олголоо л гэж ойлгож байна. Том намуудад бол асуудалгүй.

-Төсөв хэлэлцэж байх үеэр хууль сахиулах болон шүүхийн байгууллагын төсөв хангалтгүй тухай шүүмжилсэн. Таны санасан хэмжээнд хангалттай хуваарилагдаж чадав уу?

-Манай ХЗБХ-ны олон саналыг унагаалаа. Уг нь бид салбарынхаа бодлогыг барьсан ч танагдлаа. “Алдагдалгүй батал” гэсэн агуулгаар Ерөнхийлөгч хориг тавьсан. Энэ тохиолдолд бүх салбарынхны төсөв танагдсан. Хууль хяналтын салбарынхан ганцаараа бууруулахгүй үлдэнэ гэж байхгүй. Тодорхой хэмжээгээр танагдсан. Зохицоод ажиллахаас өөр аргагүй.

Нөгөө талаар ялангуяа шүүхийн салбарт төсөв тавьж өгөхгүй арван жил явчихсан нь бодит үнэн. Зах зээлийн нийгэмд мөнгө санхүүгүй ажиллана, цалин өгөхгүй ажиллуулна гэж байхгүй.

Аялал жуулчлалын салбарын хүн “Кемп дээр асуудал үүсээд цагдаа дуудахад маргааш нь ирж байсан” гэж байгаа байхгүй юу. Амжиж байгаа хугацаа нь л энэ. Бие бүрэлдэхүүний цалин хангамж, төсөв мөнгө ийм л дутагдалтай гэсэн үг.

Төсөв мөнгийг нь боломжийн хэмжээнд нь тавьж өгөх гэж манай байнгын хороо хичээсэн. Цаашдаа ч анхаарахгүй бол хоосон үгээр шүүмжлээд, ташуурдаад ажил явахгүй.

Бүтэц зохион байгуулалт, бодлого, төсөв мөнгөний цогц нийлбэр. Хэн нэгнийг тансаглуулах гэсэн юм биш. Зам дээр зогсож байгаа цагдаагийн л асуудлыг ярьж байна. Хууль сахиулах, хүчний байгууллагуудад хөдөлмөрийн хууль хэдийн зөрчигдсөн. Бодит үнэн.

-Шүүхийн байрны стандартын асуудал олон жил яригдаж байгаа сэдэв. Ирэх оны төсөвт энэ чиглэлийн хөрөнгө оруулалт тусав уу?

-Хөрөнгө оруулалт харьцангуй гайгүй туссан. Гэвчиг хасагдсан зүйлс ч бий. Хууль зүйн байнгын хороог удирдах хугацаандаа шүүхийн шинэчлэлийн нэлээн олон асуудал орж ирсэн. Шүүхийг шударга, шуурхай болгохын төлөө олон шинэчлэл хийлээ. Хэрэгжүүлэхэд мэдээж төсөв хэрэгтэй.

Шүүгч томилолтоор явлаа гэхэд Засгийн газрын автобаазаас машин гуйгаад сууж байвал хараат болно биз дээ. “Шүүх хараат бус байна” гээд Үндсэн хуульдаа бид заачихсан байдаг.

Хялбар ажиллагааны шүүх хурал зохион байгуулагдаж эхэлж байна. Иргэдэд хүртээмжтэй, шуурхай шийдвэрүүд гарах боломжтой. Мөн “Шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагаа явуулаад байна” гэж олон улсын шинжээч дүгнэсэн. Үзэмжээр баривчлах эрсдэл, хүний эрх зөрчил гаргахгүйн тулд 24 цагийн шүүх ч манайд хэрэгжиж эхэлсэн. Нөгөө талаар гэмт хэрэгтний толгойг нь илээд явуулдаг байж болохгүй. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд төсөв шаардлагатай болно. Түүнээс биш даргад төсөв тавьж өгөх гээд байгаа юм биш.

-Шүүхийн процессыг 2024.07.01-нээс нээлттэй болгосон. "Хөгжлийн банк" малгайтай шүүх хурлыг нийтээрээ нээлттэй үзсэн нь үр дүн. Одоо шүүхийн эрх зүйн байдлыг яаж сайжруулах ёстой гэж бодож байна вэ?

-Хийх ажил их байна. "Энэ хүн ханиад тусчхаж, хараач" гэж ориллоо гэж бодоход тэр хашхираан ханиадыг нь эдгээдэггүй л байхгүй юу. Шүүхийн салбарт дутагдал байгаа бол барьж аваад л, шийдлийг нь олох ёстой.

Аливааг шударга байлгадаг зүйл нь ил тод байдал. Шүүх процесс нээлттэй болсноор олон нийт шүүхэд итгэх итгэл нэмэгдлээ. Зөв бурууг улсаараа хэлэлцдэг, анхаардаг боллоо. Шүүгч нар ч хэн нэгний нөлөөнд автах эрсдэлгүй боллоо. Шүүгчид нөлөөлөх гэж утасдлаа гэхэд "Дарга минь нээлттэй шүүх хурлыг өчнөөн хүн харж байна, би бас амьдралтай" гэж хэлэх эрхтэй болж байна гэсэн үг.

-“23 сайдыг танаад ес болгож болно. Төсөв нь хэтэрхий данхар байна” гэх агуулгыг та хөндсөн байсан. Өөр хүн дуугарсангүй. Нээрээ л 3.6 сая хүн амтай улсын 23 сайдын төсөв нэлээн өндөр жин дарлаа. Төр нь данхайсаар л?

-АНУ 15 сайдтай, кабинетынх нь гишүүдээр авч үзвэл 25. Манайхаас цөөхөн байгаа биз дээ. 23 яамаа цөөлөхөд зайлшгүй ажиллагааны төсөв гарна шүү дээ. “Төсөв данхар байна, хэмнэнэ” гэж ярихдаа энэ тухай хэн ч хөндсөнгүй шүү дээ. Яагаад данхар байгаа юм бэ гэдэг асуудлаа ярих ёстой.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 65 хувиар нэмчихсэн. Тооны эсрэг тоогоор тэнцүүлэх Засгийн газрын сайд нарын тоо буурахгүй байгаа юм. Тэгж байж тогтвортой байх гээд байна. 23 сайд дор бүрнээ төсвөө боогоод орж ирэхээр, данхайлгүй яахав. Төсөв том байгаагийн шалтгаан энэ.

-Одоо сайд нараа цөөлөх боломж бий юу?

-Дэндүү олон байна. Манай жижигхэн улсад ахдаад байна. 9 юм уу 13-аас хэтрэхгүй байх учиртай. Парламентын гишүүдийн тоог ч их байна гэж хэлж байсан. Энэ Үндсэн хуульдаа тангараг өргөчихсөн хүн. Хуулиа хамгаална. Гэхдээ “Үндсэн хуульд 23 сайдтай бай” гэдэг заалт байхгүй.

-2025 он гараад гурван нам хамтарч дэд сайдын албыг сэргээх гэж буй тухай мэдээлэл хөвөрсөн. Горилж, хүлээж буй хүмүүс их байна. Төсөвт зардлыг нь тусгаагүй нөхцөлд сэргээх боломжтой юм уу?

-Миний ярьсан зүйлийн үргэлжлэлийг та хэлчихлээ.126 гишүүн төсөв данхайсны шалтгаан нь өөрсдөө болчхоод байна. Тогтвортой байх үүднээс үүнийг сөрөөд Засгийн газар нь ч томорчихсон. Өчнөөн хүмүүсээр дэмжүүлчихсэн өр УИХ-ын гишүүд, сайд нарт үүснэ. Тэр хүмүүсээ ямар нэгэн суудалд аваачихыг л бодно. Ардчилсан сонгуулийн зайлшгүй зүй тогтол, энэ. Шахалтууд ирээд байхаар дэд сайдын мест суудал гаргая л гэнэ шүү дээ. Дахин хэлье, төсөв данхайгаад байгаагийн нэг шалтгаан гишүүд, сайд нар өөрсдөө.

Өмнө нь ҮХНӨ-өөр би байр сууриа илэрхийлэхдээ “30 жилээр нь хараарай” гэж хэлж байсан. Дараагийн 30 жил ямар байхыг хэн ч мэдэхгүй. Гэтэл нэмбэл нэмээд л байх тогтолцоо цаашаа үргэлжилнэ.

-Ашиггүй, алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниудын асуудал он гараад яригдах чигтэй байна. Тэр болтол алдаг оног явсаар, төсвөөс хуваалцсаар л байх нь?

-Миний хувьд 2022 оноос л “Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг бууруул” гэдэг тогтоол өргөн барьсан. “Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 70-д хүрчихлээ. Үүнийгээ бууруул” гэж олон ч хэлсэн. Дийлээгүй. Одоо олон шинэ гишүүн энэ тухай ярьж эхэлж байна даа. Энэ сэдэв дээр ганцаардахгүй болсондоо баяртай байна.

-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Он гараад ТӨК-иудаа татан буулгах, нэгтгэх эсэх ажил эхэлнэ. Гэхдээ олон улсын аудит оруулах төсөв алга” гэж дуугарна лээ.

-Шалгуулахгүй байхад арга олддог гэдэг. Хэдэн тэрбумаар нь идэх мөнгөтэй хэрнээ шалгалт оруулах мөнгөгүй гэхээр өөрийн чинь гайхал төрөхгүй байна уу.

-Гайхаж л байна?

-Мөнгийг нь төлөөд шалгуулаад ил тод болгочихвол хэмнэгдэх мөнгө нь тэр хэмжээгээрээ нэмэгдэнэ. Хэдэн ч удаа аудит оруулах мөнгө идчихсэн л байгаа байхгүй юу. Ийм гэнэн тайлбарт автдаг цаг өнгөрчихсөн. 1990-ээд оны үед Монгол Улсын эдийн засаг юун олон улсын аудит манатай байсан. Гэтэл өнөөдөр бид 35 их наядын төсөв хэлэлцээд сууж байна. Төрийн өмчит аж ахуй нэгжүүдэд олон улсын аудит оруулах нь зөв шүү дээ. Дотоодынх гэхээр хэн нэгний хамаатан, хамаатны хамаатан болчихно.

-ТӨК-иудын тоо орон нутгийнхтай нийлбэл асар данхар. Хэд болгож цөөлбөл зохимжтой юм бэ?

-Тоо ярьж болохгүй. “Боллоо, зогсоо” гэж байгаад байгаа хэдийнхээ ашигтай, ашиггүйг эхлээд ярих учиртай. Түүнээс биш тэд байх ёстой гэж болохгүй. Тэгж далдыг хардаг эрдэмтэн, мэргэн ч байхгүй. ДНБ-ий 70-аас доошгүй хувийг хувийн сектор эзэлж байх ёстой. Бидний сонгосон чөлөөт ардчилсан зах зээлийн нийгэм ийм л байх ёстой.   

-Эрчим хүчний реформ гэж ид яригдаж байгаа цаг үед  энэ салбарын ТӨК-иудын өр, алдагдал, татан буулгах асуудлаар дорвитой хөндөж дуугарч байгаа хүн ч алга. Энэ салбараа одоо л цэгцлээсэй гэдэг хүлээлт нийгэмд үүсээд байна?

-Хувийн хэвшил орж ирж болно. Гэхдээ хийж байгаагаа төр үргэлжлүүлэхээс өөр сонголтгүй салбарууд бий. 70 жилийн коммунист тогтолцооны ул мөр шууд алга болчихгүй. Жишээ нь, ус цэвэрлэх байгууламжийг хувьчилж үзсэн. Гэвч баларсан.

Үүн шиг шууд арилжаанд шилжих боломжгүй салбарууд байгаагийн нэг нь эрчим хүч. Эрчим хүчээ хувьчилчхаад дампуурлын ирмэгт очсон улс орны түүх ч бий. Нөгөө талаар эрчим хүчийг хувийн компани маш үр ашигтайгаар ажиллуулж байгаа улс орон ч бий. Харьцаагаа зөв бодох л асуудал. Шууд л хар эсвэл цагаан гэж болохгүй. Энэ ертөнцөд маш олон өнгө бий. Тиймээс маш сайн тооцож байж хөдлөх ёстой.

-Та гадаад яаманд ажиллаж байхдаа л хүний эрхийн тухай асуудлыг хөндөж ажиллаж байсан юм билээ. Одоо хүний эрхийг хангах чиглэлд хэрхэн анхаарч, ямар ажлууд хийх вэ?

-Анх 2008 онд Гадаад яаманд Хүний эрхийн нэгжийг байгуулж байлаа. "Хөөх Монгол Улсад хүний эрхийн асуудлаар хийх ажил их байна" гэж бодож байлаа. 2012 онд Монгол Улс бол Ази номхон далайн төв бүс нутагт хүний эрхийн төв штабтай байх ёстой гэж ярьж байсан. 2019, 2020 оны үед Хүний эрхийн хамгаалагчийн хуулийг аваад ороход маш олон гишүүн шоолж инээж байсан юм. "Манай улсад хүний эрх болоод байгаа шүү дээ. Чи шал дэмий зүйл авч орлоо" гэцгээсэн.

Хүний эрх гэдэг чинь эрх зүйн тогтолцоог бүхэлд нь хэлээд байгаа юм л даа. Хариуцлага шингэчихсэн байгааг ч ойлгохгүй хүмүүс шоолсон. Үүнийг ярихад ганцаардаж л явлаа. Зүтгээд яриад л байсан. Одоо УИХ-ын ярьж буй гол зүйлсийн нэг нь хүний эрх болчихсон байна. 2015 онд Барилгын сайд байхдаа хүн төвтэй салбар болгоно гэж зорьж байлаа.

-Нам дотроо сөрөг хүчин байх ямар вэ?

-Өмнөх парламентад Үндсэн хууль хэлэлцэх үеэр манай намын олонх нь "болно" гэхэд "ингэж болохгүй" гээд л явж байлаа. Хэцүү шүү. Сөрөг хүчин сөрөг зүйл ярих нь ажлаа хийж буй хэлбэр. Ажлаа хийж явахад гайхахгүй, эсэргүүцэх ч үгүй. Засаглаж байгаа дийлэнх олонхынхоо эсрэг "Үгүй, ингэж болохгүй" гэж хэлэх чинь улстөрийн хувь жинхэнэ ганцаардал. Энэ шалгуурыг давах сэтгэлзүй тийм амар биш.

Миний хэлж байсан үгнүүд үнэн байсныг байнгын хороон дээр ч хэлсэн. "Төсөв чинь дийлдэхээ болино" гэж хэлэхэд өөдөөс "Үгүй, гайгүй" гээд л байсан. 30 жил хүлээх шаардлагагүй 365 хоногт л харлаа шүү дээ, бид. "Ямар том төсөвтэй юм бэ" гээд л зарим нь толгойгоо барьцгааж байна. Баталж чадахгүй бол УИХ тарж болзошгүй үр дагавартай зүйл.

Урьдчилж хэлээд биелсэнд нь баярлахгүй, би. Монголын ард түмэн хохирох эрсдэлтэй. Хэн ч хожихгүй. Олонхын урсгалыг сөрөөд өөрийнхөө үзэл бодлыг хэлнэ гэдэг амаргүй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 16, 2024 09:03

Юм хийгээч, өчнөөн л жил УИХ-д суулаа, сайд дарга ч хийж үзлээ. Нэг хүнд үзүүлэх сайн юм хийгээч.

Зоан 1
Зоан 1
12 сар 16, 2024 09:33

ГХЯ-ны сайдаар энэ хүнийг тавиач ээ. Нэг баклавараас өөр юмгүй, худ�##�ч, з�##�ь мэх ихтэй, казиночин авгайгаар гадаад яам удирдуулахаар одоо яах болж байна аа. Одоо энэ хүн ТМС- ийн хэмжээнд англи хэлтэй, ОУ*ын хур�##�, чуулганд суугаад ирэхдээ ярьсан зүйлий нь ойлгохгүй байгаа нь харагдах бөгөөд нэг жаахан англиар х�##�ьт мульт ярьж сурах гэж байх шиг. Ерөнхийлэгчийн гадаад харилцаа хариуцсан зөвлөх Одбаярыг ГХ- ны сайд болгооч ээ. Ичгэвтэр байна аа. Цаасаа хараад цээжлээд байгаа харагдах юм. Ёстой онигоо.

Зочин
Зочин
12 сар 16, 2024 10:38

Зөв

Иргэн
Иргэн
12 сар 16, 2024 13:06

Цогтбаатараа. Намдаа иргэний аудит оруул. Үндэс нь тэнд байгаа. Олон улсын аудит хэрэггүй. Ийм амархан бодлого бодож чаддагүй юм бол мөрөө хөө.

Ганаа
Ганаа
12 сар 16, 2024 13:31

төрийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, бяслагны үйлдвэр барихаа болих хэрэгтэй, �##�ь болох хувийн хөрөнгө оруул�##�тыг татах , ингэхгүй бол улсаа татаж унагана шүү, сайн судлаад үзээрэй дээ, 1 эмнэлэг, сургууль баригдахад барилгын зардлаас гадна жил бүрийн урсг�##� зард�##�, ц�##�ин хөлс , хөрөнгө оруул�##�т гээд дийлдэхээ больж байгаа юм байна. Одоо нэгэнт бий болсон энэ хөрөнгө дээрээ зөв менежмент хийгээд явах хэрэгтэй. Энэ хэрээр төрийн �##�бан хаагчийн тоо цадигаа �##�длаа, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх менежментийг хийх хэрэгтэй дээ, ТӨК-иудыг ч гэсэн эрчим хүч, ус зэрэг дээр 34 хувийг , бусад дээр нь 66-100 хувь хүртэл олон нийтэд нээлттэй болгох ёстой шүү, гэхдээ дэндүү удаан байнаа

Зочин
Зочин
12 сар 16, 2024 13:47

Үлгэрээ ярьсаар л байна уу? СБД с өчнөөн олон жил үлгэр ярьсаар гарч ирсэн хийсэн юм түй ч байхгүй шүү.

Зочин
Зочин
12 сар 16, 2024 15:53

Маш зөв ярилаа

Холбоотой мэдээ

Back to top button