Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Зүрх сэтгэлийн боловсролыг хичээлийн хөтөлбөртөө тусгаж, үр дүнд хүрсэн 10а анги

Математик, Газарзүй, Хими, Биологи... гэхчлэн бүхий л шинжлэх ухааны мэдлэг хэн бүрт хэрэгтэй, ирээдүйн жаргалтай амьдралын түлхүүр. Гэсэн ч бидний мартаж орхидог, аз жаргалтай амьдралын хамгийн чухал орц бол зүрх сэтгэлийн боловсрол гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тэгвэл энэ боловсролыг нутагшуулж, хөнгөн, хөгжилтэй хийгээд бүтээлчээр хандаж, харилцаа хандлагадаа шинэ салхи нэвтрүүлж чадсан Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн 10а ангийг бид зорин очсон билээ.

Биднийг очиход өглөөний 10.50 цаг. Хөх өнгийн сурагчийн дүрэмтээр жигдэрсэн сурагчид саяхан л энэ коридороор холхиж байсан бол хонхны жингэнэх дуунаар анги руугаа гүйлдэнэ. Хичээлийн цаг ийн эхэлж тухайн сургуульд "Си" хөтөлбөр хэмээн нэршсэн хичээлийн цаг 10а ангид эхэллээ. Гурван салаагаар зассан ширээ сандалд шилээ даран суух хэв маягийг энд халж, ангийн гол хэсэгт ширээгээ нийлүүлэн өөд өөдөөсөө харан сууж байлаа. Мөн баяр, ёслолын үеэр л харагддаг гаргаж тавьдаг туузан гэрэл хийгээд гоёмсог бөмбөлөг уг ширээний голд гэрэлтэн харагдана.

Төд удалгүй тус ангийн багш сурагчдад ном, хэрэглэгдэхүүнийг тарааж "нөхөрсөг, энэрэнгүй" хандлагыг төлөвшүүлэх зорилго бүхий тэдний хичээл өрнөж эхэллээ. Сурагчид багшийнхаа асуусан асуултад уралдан хариулж, өөрсдийнхөө санаа бодол, тохиолдсон асуудал хийгээд ололт амжилтаа хуваалцаж эхлэв. Бид тухайн хичээлийн дундуур ангийн удирдагч багш А.Ганчимэгтэй ярилцлаа.

-Хүүхдүүдэд хайраа дэвсээд, тэгш боломж гэх зүйлийг олгоод өгчихөөр хэрхэх сонголт нь хүүхдүүдийн гарт очдог-

А.Ганчимэг багшийн хувьд 2015 онд МУБИС-ыг Газар зүйн багшийн мэргэжлээр төгссөн. Дараагаар нь хоёр жилийн хугацаанд ОХУ-д магистраа хамгаалаад ирсэн. Гэсэн ч ер мэргэжлээрээ ажиллаагүй, хувийн байгууллагуудад ажилласаар иржээ. Харин энэ намраас "мэргэжлээрээ нэг ажиллаад үзье, нэгэнт багшийн мэргэжлийг аав, ээжийнхээ саналаас татгалзан байж сонгосон юм чинь хүсэл мөрөөдлийн ажлаа хийгээд үзье" хэмээн гээд зориг шулуудсан байна.

-Хүссэн мэргэжлээрээ, тэр дундаа орж ирмэгцээ анги удирдсан багшаар ажиллах нь ямар санагдаж байна?

-Би бодохдоо эхний жилдээ ажиллах гэж байгаа, туршлагагүй учир надад анги даалгаж өгөхгүй байх гэж бодож байсан. Харин мэргэжлийнхээ хүрээнд, өөрийнхөө чадварт ахиц гаргах тал дээр анхаарахаар төлөвлөж байсан. Гэтэл манай сургалтын менежер "Та 10а ангийн багш болсон шүү, ангиа аваарай" гэж мэдэгдсэн Энэ тухай сонсоод шууд татгалзсан боловч менежер маань "чадна" гэх урмаар тэтгээд анги даалгасан. Тухайн үед сургуулийнхаа багш, ажилчдаас дааж авч буй ангийнхаа талаар асууж, тандан судалгаа хийж эхэлсэн. Ингэхэд дийлэнх нь "ер хэцүү, хүмүүжилгүй" гэх байдлаар хариулсан. Тэгээд л шуу шантраад "больё, нэг жил ажиллаж, өөрөө туршлагажаад анги дааж авах хэрэгтэй" гэж шийдэж байсан л даа. Гэтэл яах аргагүй 10а ангиа дааж авах болчхов оо. Бид чинь жигдрэх гэж нэг хоёр сарын ажил болсон.

-Хэцүү гэх тодотголтой байсан анги нь өөрчлөгдөж байгаа тухай хэлж байсан шүү дээ. Таны зүгээс ангийнхантайгаа хэрхэн ажиллаж байна вэ?

-Багш нь байгаа хугацаандаа боломж гэх зүйлийг бий болгож өгнө өө. Харин та нар оролцооны түвшинд ач холбогдол өгөөд өөрсдийнхөө ирээдүйн зорилгыг тодорхойлоод энэ цаг хугацаагаа сайн ашигла. Ингээд 12 дугаар ангиа төгсөхдөө ахисан шатанд очно шүү. Тэр боломжийг бий болгохын төлөө та бүхний төлөө шийдэл хайж олоод явах нь багш миний үүрэг гэх зарчим баримтлаад, сургалтынхаа хөтөлбөрөөс гадна ангидаа жижиг төслүүдийг хэрэгжүүлээд явж буй.

Өөрчлөлт гэх зүйл мэдээж өргөс авсан юм шиг шууд ирэхгүй. Гэхдээ хүүхдүүдийн хандлага маань зүрх сэтгэлийн суурьтай өөрчлөгдөж буйг харахад сайхан байна. Сайн анзаарахад хүүхдүүдийг "чи тэр хичээлдээ мундаг бай" гэж шахахын оронд зүрх сэтгэлийн боловсролын суурийг тавиад өгчихвөл хандлага, хичээл зүтгэл цааш нь хөтлөөд явна гэдэгт итгэдэг.

Хүүхдүүдийн давуу чанарт суурилан бүхий л шинжлэх ухаан, судлагдахуунд нь хэрхэн шинэчлэл хийж болох вэ, яаж хүртээмжтэй байдлаар хичээллэх вэ, хоцрогдлыг ямар байдлаар нөхвөл дээр тал дээр үе шаттайгаар ажиллаж байна.

-Дунд шантарсан тохиолдол бий юу?

-Миний хувьд нэг үе ангиа өгнө гээд өргөдлөө бичээд өгч үзсэн. Тэр үед харин хүүхдүүд маань багшаа авч үлдье гээд гэнэтийн бэлэгтэй уучлал гуйсан.

Тухайн өдөр манай сургалтын менежер сургуулийн коридорт нэг ширээ өргөөд өгөөч гэж манай ангийн нэг хүүхдээс гуйхад нь "би танд тусалмаар байна л даа. Гэхдээ ангийн багшаа авч үлдэх хэрэгтэй байна" гээд бушуу гүйгээд явчихсан гэсэн. Энэ явдлын дараагаар менежертэй уулзахад энэ тухай яриад "танай анги яасан хөөрхөн хандлагатай болж байгаа юм бэ" гэсэн. Үүнийг сонсоод л сэтгэл дүүрчхэж байгаа юм.

Эцэг эхчүүдийн зүгээс "таны санаачилсан ажлуудад чадлаараа оролцоно, энэ бүгд эцэстээ бидний үр хүүхдүүдийн төлөө юм шүү дээ" гээд л нэгэн дуугаар намайг багш хэмээн хүлээн зөвшөөрч үйл ажиллагааг маань сайн дэмжихээ илэрхийлсэн.

Үүнийг сонсож, мэдрээд "би чадахгүй" гэх итгэл үнэмшилтэйгээр ухрах биш жаахан хичээхэд, цаг хугацаа зарцуулахад болох юм байна гэх төсөөлөлтэй урагшилж байна. Сургуулийн удирдлагаас ч мөн адил гаргасан санаачилгуудыг минь дэмжиж буй. Тийм учир ангиа өгөхгүй 12 төгстөл нь хамт байна гэх холбоотой болсон. Бүр дасаад, хайрлаад, хүүхдүүдээ харах болгондоо өөрөө ийм олон хүүхэдтэй болчихсон мэт мэдрэмж төрдөг болсон доо.

Эргээд харахад бүх хүүхдүүдэд хайраа дэвсээд, тэгш боломж гэх зүйлийг олгоод өгчихөөр хэрхэх сонголт нь хүүхдүүдийн гарт очдог. Хөгжөөд өгөөч, сайн сураад өгөөч, мундаг хүн болоод өгөөч гэхийн оронд боломжийг нь л олгоод өгчих. Тэр үед хүүхэд өөрөө боломж суурийг ашиглан ирээдүйгээ хөтлөөд аваад явчихна. Ингэснээр бидний хүсээд байдаг хүнлэг, энэрэнгүй, зүрх сэтгэлийн боловсролтой иргэн нийгэмд төрнө.

Бид тухайн хичээлийн дундуур ангийн сурагчдын төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.

- Г.Дөлгөөн: Манай анги харилцаа хандлагын хувьд тааруу, бусад ангийн сурагчид болоод хичээл ордог багш нарт сөргөөр яригддаг анги байсан-

Манай анги харилцаа хандлагын хувьд тааруу, бусад ангийн сурагчид болоод хичээл ордог багш нарт сөргөөр яригддаг анги байсан л даа. Харин А.Ганчимэг багш энэ намраас манай ангийг дааж авч, мөн "СИ" хөтөлбөр хэрэгжиж Энэрэнгүй, Сайхан сэтгэл гэх хичээл ордог болсноос хойш эхэлснээр бид бүхий л талаараа хөгжиж, хоорондын харилцаанд өөрчлөлт гарсан. Үүнээс гадна хүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж чаддаг болсон.

Манай сургуулийн хүрээнд 10 дугаар ангийн есөн бүлэг байдаг. Бусад бүлгүүд "гүнзгий" сургалтай гэж явдаг бол манай анги ганцаараа энгийн. Энгийн гэдэг нэр доор бусдаас өөр юм шиг мэдрэмжтэй, бусад хүмүүс ч ялгадаг байсан. Бид тэр ялгаварт бараг дассан хийгээд өөрсдийнхөө хүрээнд "муу" гээд хүлээн зөвшөөрчхөөд яваад л байсан. Харин одоо тэс өөр болсон. Бидэнд дургүй байсан ангийнхнаас найзтай ч болсон. Ер нь хүний хандлага өөрчлөгдөхөөр бусад хүмүүс ч өөр нүдээр хардаг юм шиг санагдсан.

- Н.Үжингоо: Намайг шилжээд ороход хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас байсан. Гэтэл маш халуун дотно байдлаар хүлээн авсан-

Би 14 настай, ангийнхнаасаа нэгээр дүү. Бага дунд ангидаа Өмнөговь аймагт суралцаж байсан бол наймдугаар ангиасаа эхлэн хотод суралцах болсон. Сүүлийн хоёр жил 52 дугаар сургуулийнхаа 10б "гүнзгий" ангиас наашаа шилжин орж ирсэн.

Намайг шилжээд ороход хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас байсан. Гэтэл маш халуун дотно байдлаар хүлээн авч "бүгдээрээ нийтэч байя" гэх байдлаар хандаж байсан л даа.

Манай анги "Си" хөтөлбөрийн хичээлд оролцохдоо ширээ засалт, хичээлийн чанар, хүүхдүүдийн оролцоог тэгш хангаж өгсөн нь сурагчдын энэ хичээлд оролцох оролцоо, үр дүнг нэмэгдүүлж байгаа санагдсан. Багшийн хувьд чин сэтгэлээсээ нэг анги хамт олон болгохоор зорьж, үйл ажиллагаа хэрэгжүүлж хэн бүр тэгш байхыг голчилж ёстой л бидний эрхийг бүрэн эдлүүлдэг дээ.

-М.Тэмүүлэн: Би өмнө нь сахилгагүй хүүхэд байсан л даа. Харин одоо бол бусдыг хайрлах хийгээд хэрхэн нээлттэй, чөлөөтэй харилцахыг сурсан-

М.Тэмүүлэн "Бид өмнөхөө бодвол сайн ном уншдаг болчихсон. Мөн хандлага, харилцаандаа маань ахиц ажиглагдаж байна. Жишээ нь би өмнө нь сахилгагүй хүүхэд байсан л даа. Харин одоо бол бусдыг хайрлах хийгээд хэрхэн нээлттэй, чөлөөтэй харилцахыг сурсан. Энэ нь бидний хичээлдээ оролцох орчин нөхцөл бусдаас ялгаатай нь ойрхон болоод дулаан мэдрэмж төрүүлэхээр. Энэ ч бас нөлөөлсөн байх.

Харин танхимын бус цагаар "Ид шидийн орон" "Oxford" "Дүдү" зэрэг газруудад сайн дурын ажил хийгээд сургалтад хамрагдсан. Мөн энэ намар бид ангиараа хүлэмжтэй газар руу аялалд явсан. Тэндээс цэцэг ногоо хэрхэн тарих, услах, ургуулах гээд олон зүйлсийг олж мэдсэн.

-Э.Алтангэрэл: Энэ намраас эхлэн хичээлдээ ирэх, сурах эрч хүч нэмэгдсэн. Энэ өөрчлөлт нь шинэ хөтөлбөр болон шинэ багштай маань холбоотой байх-

Манай анги А.Ганчимэг багш орж ирэхээс өмнө харилцаа хандлага, хичээлийн сурлага тал дээрээ тааруухан байсан. Анги дааж авсан эхний сар буюу есөн сард нэгнээ таньж мэдэх, мөн шинэ хөтөлбөр туршигдаж эхлэх үед учраа олохгүй будилсан. Тэр үед багш маань бидэнд гомдоод "ангиа хүлээлгэж өгнө" ч гэж байсан. Бид багшаа авч үлдэх гэж хичээсэн энэ үедээ сайн нэгдэж, хүнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж үзсэн.

Миний хувьд 6,7 дугаар ангиасаа эхлэн хичээлдээ муудсан. Ангийн хүүхдүүд нэмэгдэж, үймүүлэх байдал ихээр гарсан. Найзууд ч үгүй болж нэлээд удаан явсан. Харин энэ намраас эхлэн хичээлдээ ирэх, сурах эрч хүч нэмэгдсэн. Энэ өөрчлөлт нь шинэ хөтөлбөр болон шинэ багштай маань холбоотой байх.

-Жаахан сэтгэл, цаг гаргахад л хүүхдүүдэд ямар ч айдасгүй, дулаахан тухтай орчинг бий болгож чадсан-

-Уламжлалт, гурван салаагаар шил даран суудаг санал ширээг халж, бие бие рүүгээ харан сууж хичээллэж, мөн дундаа гэрэл чимэглэлтэйгээр хичээллэж байгаа нь анхаарал татаж байна.

-"Си" хөтөлбөр манай сургууль даяар хэрэгжиж байгаа. Үүнд энэрэнгүй, нөхөрсөг зан гэх мэт харилцааны хичээл багтдаг. Харин хөтөлбөр хэрэгжих явц манай анги шиг дотоод асуудал дээр ямар үр дүнд хүрэх, багш ямар байдлаар хичээлээ баяжуулах вэ гэдэг нь чухал. Ер хүнд мэдрэмж гэх зүйл чухалд тооцогдоно. Хүүхэд тухтай мэдрэмжийг авч чадаж байгаа хүүхэд өөрийгөө илэрхийлэх, бодож байгаа бодлын чанар хүртэл өөр түвшинд очдог.

Бид анх энэ хөтөлбөрийн хүрээнд хичээлээ орох гээд, багшийн зүгээс дотроо орчин, төсөөллөө гаргачихсан байсан. Тэгээд шуудхан ангийн даргатайгаа Нарантуул алхаж очиж, ирээд энэ гэрэл, чимэглэл, ангийн орчинг бүрдүүлж байсан.

Жаахан сэтгэл, цаг гаргахад л хүүхдүүдэд ямар ч айдасгүй, дулаахан тухтай орчныг бий болгож чадсан.

-Сурагчид олон хөтөлбөрийг нэрлэж байна, мөн хэд хэдэн газруудад хичээлийн бус цагаараа сургалт хөтөлбөрт хамрагддаг тухайгаа ярилаа шүү дээ.

-"Magic box", "Ид шидийн орон" гэх хөтөлбөрүүдийг хүүхдүүдийн төлөө ямар төрлийн ажил хийдэг талаар бүгд мэдэх байх. Миний хувьд "Magic box"-ийн багт байдаг. Энэ багт маань салбар салбарын төлөөллүүд хүүхдийн төлөө нэгдээд үйл ажиллагаа явуулдаг. Тэр утгаараа манай хүүхдүүдийн ярьсанчлан "Oxford" хөтөлбөр, "ДүДү" шинжлэх ухааны музей байдаг. Тэндээс манай ангийнханд зориулаад 4 сая төгрөгийн үнэ бүхий хөтөлбөрийг үнэ төлбөргүй хамруулж байна.

Мөн "Ид шидийн орон"-ныхон маань манай хүүхдүүдэд зориулан 2-3 удаагийн өртөөчилсөн байдлаар хэрхэн тэтгэлэгт хамрагдах, сайн дурын ажил хийснээр ямар боломжийг авч болох гэх мэт сургалтуудыг орж буй.

Би Ганчимэг байхаа болиод 10а-гийн багш гэдэг нэртэй болчихсон. Таньдаг хүрээлэл минь тэгж дуудах болсон. Тэр хүмүүсийн тусламжтайгаар бид олон боломжоос атгаж чадсан. Цаашид ч хүүхдүүдийнхээ төлөө "энгийн" гэх тодотголыг "илүү" анги болгон төлөвшүүлнэ дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Хүнд цүнх, хонхны жингэнэх чимээн дунд хөврөх олон шинжлэх ухааны хичээл. Эргээд харахад цаг хугацаа, хичээл зүтгэлээ зориулан оролцож байсан тэдгээр шинжлэх ухаан хэрэг болсон уу гэж асуухад "хэрэг болоогүй, эсвэл тархины нэгэн хэсэгт хадгалагдаж буй" хэмээн хариулна. Угтаа бид чинь алхам тутамдаа нийгмийн хүрээнд хүн хоорондын өнгө бүрийн харилцаанд ордог. Энэ үед харин математикаар бус тархи, зүрх, мэдрэмжээрээ ярилцдаг. Тэгвэл эрүүл сэтгэлгээгээр нэгнээ чагнахын тулд зүрх сэтгэлийн боловсролыг төлөвшүүлэх, энэ төрлийн хичээл мэдлэг эзэмших нь чухал болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нар
нар
12 сар 19, 2024 09:40

Телевизээр гаргаад сайн туршлагыг нь орон даяар нэвтрүүлэх юмсан.

Иргэн
Иргэн
12 сар 19, 2024 09:48

Хөөрхөг юмаа, үнэхээр л зүрх сэтгэлдээ боловсролтой иргэдтэй нийгмийг бүтээх юм сан даа

Чимэг
Чимэг
12 сар 19, 2024 09:48

Зүрх сэтгэлийн боловсрол яах аргагүй нэг номерт

Зочин
Зочин
12 сар 19, 2024 09:48

Хөөрхөн юм

зочин
зочин
12 сар 19, 2024 10:53

Үнэхээр энэ үед ховордсон сэтгэл, чармайлттай багш бна даа. Ажлын өндөр амжилт хүсье.

Мүүнийх биш бол яахав
Мүүнийх биш бол яахав
12 сар 19, 2024 19:01

Мүүнийхэн "зүрх сэтгэлийн боловсрол" гэж ярьсаар багш нарыг элсүүлж, улмаар з�##�уу үед хүрэхийг зорьсон байдаг. Боловсролын яаманд хүртэл Мүүний гэдгээр цоллуулсан хүн дээд �##�ба хашиж байлаа шүү дээ. Уран зохиолын хичээлийг хөтөлбөрөөс хасуулсан гэж тэр эмэгтэйг баахан шүүмжилсэн бас.

STOP THIS CAP
STOP THIS CAP
12 сар 19, 2024 20:08

Яг үнэндээ 10А гэдэг анги үнэхээр болж бүтэхгүй анги. Одоо ч гэсэн тийм л байгаа. Багш нь үнэхээр муу багш гэдэг юм бна лээ. Худлаа ярилцлага дээрээ л худ худ аашилж бна.

Зочин
Зочин
12 сар 20, 2024 21:14
Reply to  STOP THIS CAP

Hol ochij huts

Зочин
Зочин
12 сар 20, 2024 06:46
Reply to  STOP THIS CAP

btysha

Холбоотой мэдээ

Back to top button