УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: “Чайна энержи”-тэй хийж байгаа хэлэлцээр эрчим хүчний салбарын үнэмлэхүй түүхэн эхлэл цэг байх болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны дараа цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг талаар тойм мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 4.9 тэрбум доллар оны эцсээр 5 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Монгол Улсын төсөв 1.3 их наядын ашигтай гарсан байна. Тиймээс хөгжлийн сан руу 50 хувь нь орох боломж энэ жилээс эхлээд үүснэ. Экспортын орлого 15.7 тэрбум ам.долларт хүрч үүн дотроо нүүрсний экспорт 81.8 сая тонн буюу түүхэн дээд амжилтад хүрсэн. Нэг үгээр хэлбэл өнөөдрийн байгаа дэд бүтцийн хувьд хамгийн дээд хэмжээгээр тээвэрлэлт хийсэн гэсэн үг. Яагаад энэ үзүүлэлтүүдийг өнөөдөр хэлэлцсэн бэ гэвэл Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батална хэрэгжээд анх удаа мөнгөн дүнгээр мөнгөжиж байгааг дүгнэх хамгийн боломжит хугацааг дүгнэх хугацаа өнөөдөр байсан.

МАН, АН нам хүчилж, парламентын гишүүдийн тоог нэмж, бүсчилж сонгуулийн холимог тогтолцоонд орсноос хойш Үндэсний баялгийн санг байгуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байсан. Түүнээс хойш нэг жилийн хугацаанд үр дүнг дүгнэж үзсэн. Бид энэхүү дүгнэлтээр Баялгийн сан мөнгөжиж байгаа учир олон улсад баялгийн сангийн менежментийг гаргах шаардлагатай байгууллагыг өнөөдөр байгуулсан. Үүнийгээ бид өөдлөн дэвжих бэлгэдлээ бодож их хааныхаа нэрээр нэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Олон улсад Үндэсний баялгийн сан маань Чингис хаан гэдэг нэршлээр танигдана.

Ингээд өнөөдөр Үндэсний баялгийн санд буюу Ирээдүйн өв санд 4 их наяд төгрөгийн хуримтлал үүссэн байна. Ирээдүйн өв сангийн энэхүү 4 их наяд төгрөгийг арвижуулах байдлаар захиран зарцуулах эрх өнөөдөр нээгдэж байгаа.

-Монгол Улсын иргэн бүр 135 мянган төгрөгийн хадгаламжтай болсон-

Хуримтлалын санд буюу Эрдэнэс Монгол болон хамтран ажиллаж байгаа нийт эрдэс баялгийн болон уул уурхайн ордын 34 хувьд ноогдох орлого иргэдийн хуримтлалд байна гэж хуульд заасан. Иргэдийн хуримтлалд өнөөдрийг хүртэлх жилийн хугацаанд 495 тэрбум төгрөг монгол иргэдийн нэрийн хадгаламжид бүртгэгдсэн байна. Үүнийг иргэн бүхэнд хувааж үзвэл нэг хүнд 135 мянган төгрөгийн хадгаламж үүссэн гэсэн үг. Emongolia- гаар дамжин өнөөдөр нээлттэй болж байгаа.

Энэхүү дансаа шалгаж үзээд шаардлагатай гэж үзвэл иргэд карт хэлбэрээр баталгаажуулж авч болно. Гэхдээ уг мөнгийг бэлнээр зарцуулагдахгүй. Хугацаатай хадгаламж гэж ойлгож болно. Иргэд мөнгөө бэлэн бусаар эрүүл мэнд боловсрол, орон сууцжуулалтад зарцуулж болно.

Орон сууцжуулалт дээр ипотекийн эх үүсвэр өмнө нь нэлээд өндөр үнэтэй байсан бол он гараад бид залуу гэр бүлүүдийг дэмжих чиглэл дээр багц зарлахаар болсон.

-Хөгжлийн сангийн мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулж зарцуулна-

Төсөв хэрэв ашигтай ажиллавал төслийн илүү гарсан санхүүжилтийн 50 хувь нь тогтворжуулалтын сан руу 50 хувь нь хөгжлийн сан руу орох эрх зүйн зохицуулалттай. Энэ жилийн хувьд төсөв 1 орчим их наяд төгрөгийн ашигтай гарч байгаа учраас 500 тэрбум төгрөг хөгжлийн санд төвлөрнө гэсэн үг. Үүнийг Хөгжлийн банкаар дамжуулж зарцуулна.

Энэ хүрээнд Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд бондуудаа төлж, дампуурлаасаа гарсан. Тиймээс Хөгжлийн банк дээр хэд хэдэн өөрчлөлт хийх хуулийг оруулахаар өнөөдөр хэлэлцсэн. Ингээд Үндэсний баялгийн санг, Хөгжлийн сантай илүү холбох хүрээнд Хөгжлийн банкийг экспортыг дэмжих банк буюу сонгодог банк болгох хуулийн төслийг өргөн барих талаар өнөөдөр хэлэлцсэн. Хөгжлийн санг томоохон мега төслүүдэд зарцуулах боломжийг нээхийн тулд Хөгжлийн банкийг заавал сонгодог болгох шаардлагатай.

-Ирэх долоо хоногт Гашуунсухайт-Ганцмод боомт буюу “Чайна энержи”-тэй хийж байгаа хэлэлцээрийн асуудлыг УИХ-д өргөн барина-

Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Улс төрийн гацааг гаргана гэдэг уриатайгаар хурдтай хөгжлийн зорилт гэрээг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гэрээ Шанхайд зурагдсан. Хавар ажил нь эхэлнэ. Эрчим хүчний салбарт сайн дохио болж байгаа. Булангийн орон руу саяхан айлчлал хийсэн. Эрчим хүчээ экспортлогч орон байх боломжтой, ялангуяа говийн бүс нутаг. 2030 оноос хойш Хятадад том хэмжээний эрчим хүчний хэрэглээ үүснэ. Үүн дээр том мега төсөл хэрэгжүүлэх боломжтой гэдгээ хэлсэн. Ирэх 7 хоногт хэлэлцэгдэх Гашуунсухайт-Ганцмод боомт буюу “Чайна энержи”-тэй хийж байгаа хэлэлцээр эрчим хүчний салбарын үнэмлэхүй түүхэн эхлэл цэг байх болно" гэв.

-Түгжрэл, агаарын бохирдлыг шийдвэрлэхэд их хэмжээний санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй-

Нийслэлийн түгжрэл, агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдал гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг бид бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөх ёстой. Тиймээс бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг рүү шилжүүлсэн. Одоо бид нийслэлийн тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх хүрээнд УИХ-тай хамтран ажиллахын тулд эрхзүйн тусгай орчин зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Үүнийг бид ирэх долоо хоногт УИХ-д нээлттэй танилцуулж дэмжлэг авах бодолтой байгаа. Түгжрэл бол гамшиг юм. Агаарын бохирдол бол гамшиг юм гэдэг асуудлыг тусгай эрхзүйн түвшинд авч үзэх нь зөв гэж үзсэн. Энэ дээр орон нутаг барьцахгүй байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл хотын асуудал нэлээд удаан хугацаанд ужгирч хүндэрсэн. Уг асуудал дээр шийдлүүд гаргасан. Гаргасан шийдвэрээ цаг алдалгүй хэрэгжүүлэхэд нэлээд их хэмжээний санхүүгийн эх үүсвэр, олон нийттэй ойлголцох шаардлагатай газар чөлөөлтөөс эхлээд хатуухан арга хэмжээнүүд авах шаардлагатай гэдгийг бид ярилцсан.

О.СОЁЛМАА

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бэхээ
Бэхээ
12 сар 20, 2024 17:15

ГАЗАР чөлөөлнө ,хатуухан арга хэмжээ авна гээд нөгөө улны хэдэн айлынхаа газрыг үнэгүйдүүлэн дээрэмдэх аян эхлэх нь байна шүү болгоомжлоорой гэр хорооллынхон минь

Зочин
Зочин
12 сар 20, 2024 18:20

MAANAG GAR

Холбоотой мэдээ

Back to top button