Top StoriesНИЙГЭМ

Статистик ба нөхцөл байдал: Шинэ жилээр хөлдөж, осгож, согтуугаар гэмт хэрэг үйлдсээр л байх уу?

Баяр наадмын сар үргэлжилж буй энэ үеэр архидан согтууралтай холбоотой гэмт хэрэг болоод болгоомжгүйгээр амиа алдах тохиолдол нэмэгддэг. Энэ онд 39.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс 7 мянга орчим нь согтуугаар үйлдэгдсэн хэрэг байгаа юм. Мөн энэ онд 215 иргэн осгож амиа алдсан гэх тоон мэдээлэл байна.

Осгож амиа алдсан хамгийн сүүлийн кейсийг дурдахад энэ сарын 5-10-ны өдрүүдэд 28-66 насны гурван иргэн осгож амиа алдсан байдаг. Шалтгааныг ЦЕГ-аас тодруулахад "Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ осгож амиа алдсан" гэх мэдээллийг өгч байлаа.

Тэгвэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа болгоомжгүйгээр алдах болон гэмт хэрэг үйлдэж буйг сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Нийт гэмт хэрэг үйлдэгсэд болоод үүнээс согтуугаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн тоон мэдээллийг аймаг, нийслэлээр харьцуулсан график.

Графикаас харахад

  • Есөн дүүргээс Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 4486 этгээд хэрэг үйлдсэн бөгөөд, үүнээс 544 нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байна.
  • Харин 21 аймгаас Орхон аймагт хамгийн их буюу 743 этгээд хэрэг үйлдсэн бөгөөд, үүнээс 381 нь архи согтууруулах бүтээгдэхүүн хэрэглэсэн үедээ хэрэг үйлдсэн байна.

Харин энэ оны 11 сарын байдлаар нийт 24.2 мянган хүн гэмт хэрэг үйлдсэн гэх тоон мэдээлэл байна. Гэмт хэрэг үйлдэгчдийг дотор нь ангилбал

  • Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн этгээд нийт гэмт хэрэг үйлдэгчдийн 29 хувь буюу 6978,
  • Бүлэглэн гэмт хэрэг үйлдэгчид нийт хэрэг үйлдэгчдийн 14.6 хувь буюу 3556,
  • Ял шийтгэгдсэн хүн нийт хэрэг үйлдэгчдийн 14.3 хувь буюу 3467,
  • Мансуурсан болон галт зэвсгээр гэмт хэрэг үйлдэгчид нийт хэрэг үйлдэгчдийн 0.78 хувь буюу 214,
  • Харин бусад төрлийн гэмт хэрэг үйлдэгчид нийт хэрэг үйлдэгчдийн 41.4 хувь буюу 10 мянга орчмыг эзэлж байна.

Тэгвэл баяр наадмын үеэрх гэмт хэрэг гаралт болоод хэрхэн сэргийлэх талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй цөөн хором ярилцлаа.

-Баяр наадмын үеэр архидан согтуурал эрс нэмэгдэж иргэд болгоомжгүйгээр гадна осгож амиа алдах тохиол нэмэгддэг. Энэ онд осголт, хөлдөлтөөр 215 иргэн амь насаа алдсан байна-

-Баяр ёслолын сар үргэлжилж буй энэ үеэр гэмт хэргийн гаралт нэмэгддэг гэгддэг. Яг ямар төрлийн дуудлага олширч байна вэ?

-Жил бүрийн шинэ жилийн баярын үеэр баяр, ёслолын арга хэмжээг өргөнөөр зохион байгуулдаг. Энэ үеэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмт хэрэг, зөрчил, осол, гэмтлийн талаарх мэргэжлийн байгууллагад ирэх дуудлага, мэдээлэл эрс нэмэгдэж, иргэд осгох, бэртэж гэмтэх, осол аваарт орох, цахилгаан хэрэгслийг хэт ачаалж халалт үүсгэсний улмаас гал алдах, угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд ихээр бүртгэгддэг.

-Тэгвэл хүйтний эрч чангарч буй энэ үеэр санамсаргүйгээр осгож амиа алдсан хүмүүс хэр олон бүртгэгдэж байна вэ?

-Өнгөрсөн онд дээрх шалтгааны улмаас гудамж талбай, олон нийтийн газарт ухаангүй хүн хэвтэж байна гэх 693, очих газраа мэдэхгүй байна гэх 2.627 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарт бүртгэгдсэн. Харин эрүүл мэндийн байгууллагад осголтын улмаас 115, хөлдөлтийн улмаас 529 хүн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан гэх тоон мэдээлэл байна.

Харин энэ онд осголт, хөлдөлтөөр 215 иргэн амь насаа алдсан.

-Тэгвэл архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдах болоод хүний амь насанд заналхийлэх тохиолдол хэр олон байна вэ?

-Сүүлийн таван жилд дунджаар 952, сард 79, өдөрт хоёр хүн архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр амь насаа алддаг гэх статистик мэдээлэл бий.

Харин энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 39.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6.9 мянга буюу 17.5 хувь нь согтуугаар үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 26,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Улмаар согтуурсан үедээ зөрчил үйлдэж саатуулагдсан хүн 33.7 мянга, эрүүлжүүлэгдсэн 6.6 мянган хүн байгаа нь урьд оны мөн үеэс 48,4 хувиар буурсан боловч зөрчил үйлдэж саатуулагдсан хүний тоо найман хувиар өссөн байна.

-Согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэргийг ангилбал?

- Согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэргийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл, бусдыг амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил зонхилсон. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 824 хүн бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 1.4 дахин өссөн гэсэн үг.

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд ямар арга хэмжээ авч байна?

-Хэрэг зөрчил үйлдсэн тохиолдол хор хохирлоос шалтгаалан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж буй. Энэ оны байдлаар л гэхэд архины албадан эмчилгээнд 293, сайн дурын эмчилгээнд 185 хүнийг хамрууллаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 7 нэгжээр өсөж, сайн дурын эмчилгээнд хамруулсан хүний тоо 1.3 дахин буурсан үзүүлэлт юм.

-Баяр наадмын үеэр бүртгэгддэг бас нэгэн осол бол гацуур мод, салюттай холбоотой санамсаргүй осол. Тэгвэл энэ төрлийн дуудлага хэр олон бүртгэгдэв, ямар хор хөнөөл учирсан бэ?

-Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолд “Пиротехник хэрэгсэл, салют, бенгалын гал зэргийг ашиглахдаа мэргэжлийн операторчин буудлага үйлдэнэ” гэж тусгасан боловч иргэд, байгууллагын зүгээс баталгаагүй салют худалдан авч, ашигласнаас үүдэн сүүлийн 10 жилд 21 хүн гарын сарвуу, бугалга, хурууны үе нь тасарч гэмтэл авч байсан бол гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй галын дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт хоёр бүртгэгдэж эрдэнэт хүний амь нас хохирсон хэрэг гарсан.

-Танай байгууллага энэ төрлийн гэмт хэргийн эсрэг хэрхэн ажиллаж байна. Архидан согтууралтай холбоотой гэмт хэрэг болоод санамсар болгоомжгүй ослоос хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж өгвөл?

-Цагдаагийн байгууллагын зүгээс "Хэтрүүлээд хэрэггүй" аяныг үргэлжлүүлж буй. Энэхүү арга хэмжээ нь иргэд, олон нийтэд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, буруу зуршлаас үүдэлтэй нийгэм, хувь хүнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, улмаар татгалзуулж зөв хандлага, соёл, хэрэглээг төлөвшүүлэхэд уриалж, сурталчлан таниулахад чиглэх юм. Мөн тус арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагаас төв, орон нутгийн хэмжээнд архи, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр нэгдсэн хяналт, шалгалт зохион байгуулж ажиллахаас гадна Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд 925 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар замын хөдөлгөөний хяналт шалгалт хийж ажиллана.

Харин иргэд

  • архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх; -
  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хэн нэгнийг цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагат мэдэгдэх;
  • Шинэ жилийн баярын тэмдэглэлт өдөр аж ахуй нэг байгууллагууд дотоодоо архи согтууруулах ундаагаар нэгнийгээ урамшуулахгүй байх, хэтрүүлэн хэрэглэсэн нэгнийгээ ар гэрт нь хүргэж өгөх зохион байгуулалт хийх,
  • Бусдыг шахаж согтоосны улмаас учруулсан гэм хорыг уухыг шаардсан этгээдээр хариуцдаг учир нэгнийгээ архи, согтууруулах ундаагаар шахахгүй байх,
  • Хамгийн сайхан дурсамж үлдээх шинэ жилийн баярын өдрүүдэд хэтрүүлэн хэрэглэх байх талаар цагдаагийн байгууллагаас уриалж байна.

-Ярилцсанд баярлалаа.


Эхний 11 сарын хугацаанд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн хэрэг, үйлдэгдсэн газар, хэрэг үйлдсэн цаг хугацаа, хохирол зэрэг агуулгаар багц мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Ингэхэд Монгол Улсын хэмжээнд нийт 39.8 мянган гэмт хэрэг бүртгэгдэж, дийлэнх нь буюу 28 мянга гаруй нь нийслэлд гарсан байна.

Аймаг нийслэлээр тоймлон харахад

  • Дархан-Уул аймагт 948 хэрэг бүртгэгдсэн буюу хамгийн их хэрэг бүртгэгдэж, үүнийг дагаад хохирлын хэмжээ хамгийн их буюу 9.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
  • Харин нийслэлийн есөн дүүргээр харьцуулан харахад Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 7982 хэрэг бүртгэгдэж 90.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 21, 2024 12:58

Арай2 200гаруй хүн болгоомжгүй үхэж

Зочин
Зочин
12 сар 22, 2024 12:17

монголчууд дуусж бгаан бн даа.

Зочин
Зочин
12 сар 22, 2024 16:24

Архи, утаа хоёроор амархан явцгаах юм байна даа, харамс�##�тай байна, төр засаг харсаар байгаад ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй байна, архины бизнест төрийн түшээд их холбоотой байдаг юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button