Байден, Трамп хоёр их ялгаатай Зул сарын мэндчилгээ дэвшүүллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп нар лхагва гарагт /2024.12.25/ их ялгаатай мэндчилгээ дэвшүүлсэн байна. Байден америкчуудыг тунгаан бодож, нэгдмэл байхыг уриалсан бол Трамп баярын мэндийг хүргэн улс төрийн өрсөлдөгчдөө онилжээ.
Лхагва гарагийн орой Youtube дээр нийтлэгдсэн бичлэг дээр Байден Зул сарын баярт зориулж чимэглэсэн Цагаан ордныг танилцуулж, америкчуудыг бүх чимээ шуугиан, хагаралдуулж буй зүйлсийг хойш тавихыг уриалсан байна. Тэрбээр “Энэ дэлхий дээр бид бие биеэ халамжилж, хайрлахын тулд ирсэн. Бид бие биеэ хөршүүд, америкчууд бус дайсан мэт хардаг нь харамсмаар олонтоо” гэжээ. Байден америкчуудыг бие биедээ хүндэтгэлтэйгээр хандаж, гэрэлт байдал амьдрахыг уриалсан байна.
Трамп өөрийн эзэмшдэг Truth Social платформ дээрээ эхнэр Меланиатай авхуулсан зургаа нийтэлж, Зул сарын мэндчилгээ хүргэсэн юм. Үүний дараа тэр өөр нэг илүү урт Зул сарын мэндчилгээ хүргэхдээ БНХАУ-ын цэргүүд Панамын сувагт ажиллаж байна хэмээн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Байден болон Ардчилсан намынхныг шүүмжилсэн байна. Тэрбээр “Шүүхийн систем болон сонгуульд саад учруулахыг байнга оролддог радикал зүүний үзэлтай галзуу хүмүүст Зул сарын мэнд хүргэе. Тэд мултрах цор ганц боломж нь юу хийж байгаагаа огт мэдэхгүй (Байден) хүнээс өршөөл авах гэдгийг мэднэ. Мөн Канадын амбан захирагч Жастин Трюдод мэнд хүргэе. Иргэдийнх нь татвар хэт өндөр байгаа ч Канад манай улсын 51 дэх муж болбол тэдний татвар 60 хувиар буурна” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаан хуйхуй чинь, бас нэг Путлер болчихгүй шүү л байгаасай даа !!!