Чихэрлэг бүтээгдэхүүний татварыг нэмнэ
Чихрийн агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, томуу, томуу төст өвчнөөс сэргийлээрэй гэж НЭМҮТ-өөс мэдээллээ.
Хүнсний бүтээгдэхүүнд нэмэлтээр орсон чихрийн хэмжээ нь өдрийн нийт илчлэгийн 10 хувиас хэтрэх ёсгүй ба 5 хувиас ихгүй бол бүр сайн байдаг. Сахарыг хэтрүүлэн хэрэглэснээр хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, эрүүл саруул өсөж бойжих нөхцөлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг явцтай өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Тухайлбал 100 грамм хүнсний бүтээгдэхүүнд 5 граммаас бага сахар агуулагдаж байвал эрүүл, 5-10 грамм байвал анхаарал татахуйц, 10 граммаас их байвал сахар ихтэй гэж үздэг.Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед дархлаа дэмжих уламжлалт хоол унд, сүү, цагаан идээгээ тогтмол хэрэглэж эрүүл мэндээ хамгаалъя.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лаборатори, Стандарчлал хэмжил зүйн газар хамтран Хэвлэлийн хурал зохион байгуулж, томоохон худалдаа үйлчилгээний газарт худалдаалагдаж байгаа хүүхдийн бэлгэнд лабораторийн шинжилгээ хийсэн.
Лабораторийн шинжилгээгээр уут бэлгэнд агуулагдах сахарын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн хэмжээнээс олон дахин их байна гэсэн дүгнэлт гарсан байна.
Сахарын хэт хэрэглээ нь ийнхүү тулгамдсан асуудал болоод байгаа учир 2027 оноос чихэрлэг бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэх хуулийн зохицуулалттай болохоор бэлтгэл ажил эхэлжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.