ЭДИЙН ЗАСАГ

Ирэх онд “Цагаан алт” хөтөлбөрт 788 тэрбумыг төсвөөс гаргаж, хөнгөлөлттэй зээлээр олгоно

Энэ оны хоёрдугаар улиралын эхэнд Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан тогтоолын хүрээнд ирэх оноос ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох зорилтын дор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон билээ.

Хөтөлбөрийн гурван жилийн төсөөллөөр

  • Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг одоогийн 20 хувиас 40 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр,
  • Ноосны боловсруулалтын түвшнийг одоогийн 25 хувиас 55 хүртэл хувь, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр,
  • Арьс, ширний боловсруулалтын түвшнийг одоогийн 30 хувиас 50 хүртэл хувь, борлуулалтыг 57,8 тэрбум төгрөгөөс 900 тэрбум төгрөг, экспортыг 9,6 сая ам.доллароос 22,4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр, нийт 8,000 гаруй ажлын байр бий болно хэмээн тооцоолжээ.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг. Арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,51 их наяд төгрөгийг зээлээр олгох юм. Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг “Цагаан алт” хөтөлбөртэй уялдуулах аж. Ингэснээр зээлд хамрагдаж чадсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ гэсэн зураглалыг хөтөлбөрийг санаачлагчид хэлж буй.

Манай улс жилд дунджаар 49.8 мянган тн ноос, ноолууран түүхий эд бэлтгэх нөөцтэй гэгддэг. Үүний 37 мянган тонн нь хонины ноос, 10 мянга нь ямааны ноолуур, 2,000 нь тэмээний ноос, 400 тн нь сарлагийн хөөвөр байна. Эдгээрийн 70 гаруй хувийг нь зөвхөн угаагаад экспортод гаргадаг.

Дотоодын үйлдвэрүүд 2023 онд 3.3 сая ширхэг арьс, ширэнд хагас боловсруулалт, 2.3 сая ширхэг арьс, ширэнд гүн боловсруулалт, нийт 5.5 сая ширхэгийг боловсруулж, 12.5 саяыг нь боловсруулж чадаагүй гэсэн тоо гарсан байна.

Ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрүүдийг дэмжих “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ирэх онд 788 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор тогтсон бөгөөд анх 682 тэрбумаар тооцож байсан билээ. Зээлийн нөхцөл 2-4 жилийн хугацаатай байх бөгөөд жилийн 6-8 хувийн хүүтэй аж.Зээлийн хүүгийн татаасанд 66.4 тэрбум төгрөг тусгажээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button