"Өлзийт-Асар" түр хоноглох байр: Бусдын хувьд төгссөн амьдрал, энд харин эхэлдэг

Хотоос буйдхан орших “Өлзийт-Асар” түр хоноглуулах байр. Гэр хорооллын гудамж дундуур сүлжсээр зорьж яваа газраа оллоо. Хашааны төв хэсэгт хоёр давхар том байшин, хойд хэсэгт жижиг давхар байшин мөн их найман ханат, гал тогооны дугуй байр илүү дутуу нүдэнд өртөх зүйлгүй цэвэрхэн, цэмцгэр хашаа угтав. Том байшингийн цонхыг чимэглэжээ. Шинэ жилийн уур амьсгалыг тэд ийн мэдэрч, гэрээ гоёж.
Үүдний хэсэгт хамгаалалтын ажилтан байрлана, яг өөдөөс нь эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх жижиг өрөө байх ч яг энэ үеэр сэтгэцийн өөрчлөлттэй тэнэмэл иргэнийг тусгаарлан оруулжээ. Залуус, дунд насныхан, настай эмэгтэй, залуухан бүсгүй гээд нас, насныхан л энд байх аж.
-Гэр бүлээсээ дайжсан тэд гэр бүл болж энд өвөлжиж байна-

“Өлзийт-Асар” ТББ-ын түр хоноглох байрыг найман жилийн өмнө нэг жижиг гэр барьж эхэлжээ. Харин өдгөө ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай болтлоо өргөжин тэлсэн бөгөөд өвөл тэдний хамгийн ачаалалтай үе. Өчигдөр л гэхэд осгож хөлдөх эрсдэлтэй, орон гэргүй 60 гаруй иргэдийг авч ирснээс тал нь энд үлдэж. Шуудхан тэмдэглэхэд энд архины хамааралтай, гэр орноосоо дайжсан эсвэл гэр бүл нь хүлээж авахаа болиод гудамжид гарчихсан иргэд ирдэг. Тус газар нийгэмшүүлж энгийн амьдралд нь буцаан аваачих зорилготой ч санаснаар нь үл болох иргэдийг ядаж өвлийн улиралд осгох, хөлдөх эрсдлээс хамгаалан өвөлжүүлдэг юм.
Өрөө 1: Сургалт явуулдаг заалны дэргэдэх жижигхэн өрөөнд шинээр ирсэн хүмүүстэй ярилцах уулзалт хийдэг. Хориод насны хоёр залуу нийгмийн ажилтантай уулзаж байна. Санаа зовсон нь илэрхий нүүрээ буруулна. “Таныг нүүр царай, нэр усыг гаргахгүй тул битгий санаа зовоорой” гэж хэллээ. Цааших бүх өрөөнд энэ үгийг давтан хэлсэн. Нэгнийх нь нүд хөхөрч, нүүр нь нэлэнхүйдээ хавдаж. Маш залуухан 25 настай л болов уу. Нөгөөх нь дагжин чичирч байна. Архины хордлого нь илэрч буй бололтой.
Өрөө 2: Давхар модон орнууд, зурагт, ширээ сандал, эмэгтэйчүүдийн хувийн эд зүйлс. Арваад эмэгтэйчүүд хоёр давхарт захирлынхаа өрөөтэй зэрэгцээ амьдарна. Настайвтар цэмбэгэр эмэгтэй хамгийн ахмад нь. Шинжлэх ухааны ажилтан, судлаач хүн бөгөөд архины хамаарал гэхээсээ илүүтэй ганцаардсан амьдрал нь энд суурьшуулжээ. 50 л дөхөж яваа болов уу гэмээр хөнгөн шингэн эмэгтэй ирээд 2 жил болж байгаа. Сүрьеэгийн халдвартай иргэдийн эмийг зөөдөг үүрэгт ажилтай. Махны технологич нэг эмэгтэй гал тогоонд ажилладаг. Үе үе алга болж “өнөөх” замдаа орох ч эргээд л ирдэг гэнэ. Энэ мэтээр тэд өөр өөрсдийн түүхтэй. Өрөө нь цэвэрхэн, дулаахан, тохилог. Бүгд л нүүрээ буруулсхийнэ. Аргагүй дээ, тэд ингэж амьдрахыг хүсээгүй нь лавтай. Тэр замд нь харин ийм газар байгаа нь олзуурхмаар.
Өрөө 3, 4: Асуудлаа даван туулсан эрчүүд байрлана. 1995 оноос хойш гудамжид гарсан эр энд ирээд 6 жил болжээ. Төвийнхөө уурын зуухыг ажиллуулдаг гэнэ. Харцнаас нь энд л ирж амар амгалан тав тухыг олжээ гэж мэдрэв. Дараагийн эр гурав дахь жилдээ амьдарч байгаа бөгөөд сая хөдөө явж ажил хийгээд сая гаруй төгрөгтэй ирж. Инээд алдан толгойгоо илэх нь харуусмаар ч хайрламаар. Гурав дахь эрэгтэй энд эхнэртэйгээ хоёул ирсэн. Гэргий нь эмэгтэйчүүдийн өрөөнд бий. Гэх мэт өөр, өөр замаар туучсан 18 эрэгтэй нэг өрөөнд амьдардаг. Настайвтар хоёр нь шатар тоглож, бусад нь зурагт үзнэ. Энэ “Өлзийт-Асар” төвийн итгэл найдварын өрөө гэнэ. Өөрөөр хэлбэл даван туулагчид. Хальтрахгүй, хаа нэгтээ явчихгүй нь баталгаатай болчихвол тэднийг ажилд зуучилна, төвдөө ямар нэгэн үүрэг гүйцэтгэж бусдадаа тусална.
Б 2019 онд ачлагаар анх ирсэн. Үлгэр жишээ даван туулагчийн нэг. Итгэл найдварыг бий болгож чадсан тул төвийнхөө тээврийн асуудлыг хариуцдаг. Урлагийн хөөрхөн авъяастай, баяр ёслолоор төвийнхнөө хөөрхөн хөгжөөчихнө.
Итгэл найдварын өрөөнд хамгийн хурдан орсон М механикч мэргэжилтэй. Гал цогтой, өглөө ажилдаа яваад орой гэртээ инээд алдан орж ирдэг сайхан монгол аав шиг л санагдсан учир энд буйд жаахан харамсав.
Өрөө 5,6: Шинээр ирсэн эрчүүд эдгээр өрөөнд төвхнөжээ. Зарим нь 2-6 сар болж байгаа, зарим нь энэ өвлийн хүйтнээс аврагдахаар ачигдаж ирсэн. Насаараа нисгэгч хийсэн, хүнгэнэсэн хоолойтой буурал эр “Нэг хэсэгтээ эндээ байна. Гараад очихоор нөгөө нөхдүүдтэйгээ дахиад нийлчихнэ” гэв. Намар энд ОХУ-аас ажил хэргийн шугамаар зочин ирэхэд ах маш сайхан орчуулга хийж төвийнхнөө гайхшруулж. Насны тэтгэвэртээ гарч, хувиараа бизнес эрхэлж байсан ч архи гэдэг хорт зуршил түүнийг буурал насандаа энд ирэхэд хүргэж. “Миний ах хичээгээрэй, та чадна” гэж хэллээ. Хүсэл мөрөөдлөөр цалгиж, тэнгэрт дүүлж явсан эр шүү дээ.
Залуухан, урт үсээ дээш шууж боосон гялалзсан залуу өнгөрсөн намар ирж. Хүнсний технологич мэргэжилтэй, эндээ гал тогоонд ажиллаж байна. “Би зөв газар ирсэн, дажгүй ээ” гээд инээмсэглэв. Харцнаас нь яавч муу замаар явахгүй хүн гэж уншлаа. Сайхан ирээдүй түүнийг хүлээж байгаа байх аа.
Гал тогооны хэсэгт өнөөх урт үстэй залуу, махны технологич эмэгтэй хоёр ажиллаж байна. Үдийн хоолны цаг дөхжээ. Нэг удаадаа 100 литр хоол хийдэг. Ирсэн даруйд хоолны үнэр ч авч чадахгүй байснаа хордлогоо гарахаар 5 аяга хоол ч өлхөн идчихдэг аж. “Хоолоор нь сайн тордоод өгөхөөр дороо босоод ирдэг” гэж захирал хэлэв.
Хойдох жижиг байшинд өвчтэй, асаргаа хэрэгтэй хүмүүсээ оруулжээ. Хориод жил “гудамжны” гэх шошготой амьдарсан эрэгтэй эндэх 8 хүнээ асарч, хамгаалдаг юм байна. Өөрөө 20 гаруйхан кг жинтэй амьтай голтой энд ирж, асрал нигүүлсэл авсаар өнөөдөр бусдад тусладаг “баатар” болжээ. Асрах байр цэвэрхэн, тохилог бас дулаахан төсөөлснөөс энерги эерүү. Дөрвөн мөчөө тайруулсан ХУД-ийнхний “толгойны өвчин” болсон иргэнийг эднийх авчээ. Орос хэлний багш, барилгын инженер, жолооч гээд дандаа л сайхан мэргэжлээр сайн, сайханд тэмүүлж явсан түүх тэдэнд бий аж.
-Хуушуур салатаар зоог барьж, бэлэг солилцон баяраа тэмдэглэв-

Асрах байрны урд томоохон суурь цутгажээ. Ирэх хавраас энд нөхөн сэргээх төв барих юм байна. Энэ хүмүүс урт хугацааны турш хамгаалагдах шаардлагатай тул бүхий л хэрэгцээг нь бүрэн дүүрэн хангах учиртай гэнэ. Оргож босгоод алга болох нь олонтаа ч үүсгэн байгуулагч залуу үүнийг нь “Хөгжих үйл явц” гэж тайлбарлав. Ирээд явна, эргээд аргаа бараад хүрээд ирнэ, дахиад явна, эргээд ирнэ энэ явцдаа хүн бүхнийг ойлгоод тогтдог гэв.
Хүн бүхэн хуучин оноо дүгнэн үдэж, шинэ оноо төлөвлөн угтахаар догдолж буй өдрүүдэд энэ хашаанд 90 гаруй хүн өөр, өөрийн бодолдоо автан баяраа тэмдэглэжээ. Эмэгтэйчүүд өрөөгөө чимэглэж, эрчүүд бүхий л зохион байгуулалтад оролцож, хоорондоо бэлэг солилцож. Хуушуур салатаар баярын зоог барьж, төвөөс нь эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж, бусдадаа дуу хуур бэлэглэв. Хүйтний эрч суларч, цас ханзраад ирэхийн цагт тэдний хэд нь ч эндээс гараад явахыг таашгүй. Өнөөдөртөө л дулаахан, тохитой байгаа тэдний оюун санаанд ямаршуу бодол хөвөрч буйг ч таашгүй. Юутай ч чамлахааргүй хувь нь даван туулагч болж, 1000 иргэнийг наанадаж осгож, хөлдөх цаанадаж харанхуй нүх рүү нүдээ аниад үсэрчихсэн мэт ёроолоос татаж гаргасан энэ газар байгаа нь аврал.
Хүн туулсан зүйлдээ амин чанараар ханддаг. Яр шарх, бөөс, идээ бээрэндээ баригдсан хэн ч ирсэн эндэх эмэгтэйчүүд цэрвэлгүй угааж арчилна. Нэгнээ буруу дадлаа үгүйлээд явах гээд байгааг андахгүй таньж, мэдэгдэнэ. Хэн нэгнийх нь зовлон, өвдөлт хүн бүрийнх болчихдог ийм нэгэн амьдрал энд үргэлжилж байна.
Нэмж тэмдэглэхэд, “Өлзийт-Асар” төвийг Л.Баянмөнх байгуулсан. Тэр өөрөө даван туулагч. Амьдралд алдаж уруудаад эргээд босч ирэхдээ туулсан замаа бусдад амсуулахыг хүсээгүй учраас энэ газраа нээсэн. Арван жил архинд мэдүүлчихсэн 1000 гаруй хүнтэй харьцахдаа тэр шантраагүй. Харин ч бүр төвийнхөө үйл ажиллагаанаас гадуур бөөгнөрдөг газруудыг нь зорин очиж, үсийг засуулж, хувцас сольж, халуун хоол өгчхөөд ирдэг. Бас энэ хугацаанд өвөлдөө л төрөөс багахан дэмжлэг авдаг.

Бусад үед бор зүрхээрээ зүтгэж яваа анхаарч хайрлаж боломж байвал дэм болмоор нэгэн. Даван туулагч нараасаа хүний нөөцөө бүрдүүлж, багахан аж ахуй эрхлэхээр 7 хүнийг тусад нь гаргажээ. Долоо хоногийн 2-3 өдөр нь төв дээрээ хонож, заримынх нь хажууд ор дэлгэн унтаж, заримтай хамт хооллож, сайхан явсан үе бий гэх гэрэлт дурсамжуудыг нь өдөөн сэргээж амьдрах урам хайрладаг. Шөнийн 23:00 цагаас хойш ирсэн дуудлага бол андашгүй "нөхдүүд нь" гэнэ. Их хотын хаа нэгтээ газар байршил хэлж, очих болох уу гэнэ. Л.Баянмөнх бусдын хувьд дууссан тэдний амьдрал энд эхэлдэг юм гэсээр биднийг үдлээ.

Эднийхээс хөдлөхөд эргэлт ирж байв. Баривчилгаагаар ирсэн нэгэн эмэгтэйг хүүхдүүд нь эргэхээр иржээ. Энэ мэт сайн сайхан, гялтайх зүйл ч бас бий аж.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гаргахгүй гэчихээд олигтой д�##�длаагүй байна. Таних хүмүүс нь хараад танихаар л байна. Ингэж болохгүй !
Зөв үйлс хулгаач авилгачдаасл хамаагүй дээр
Ямар сайхан сэтгэлтэй!з�##�уу ийм буянтай!үйлийг хийж байдаг бна аа Ажилд амжилт хүсье. Энд ирсэн хүмүүс эргээд хэвийн амьдр�##�даа орж амьдр�##� ахуйгаа өөд нь татаж сайн сайхан болохын ерөөлийг дэвшүүлье
Чонын саахар өгөөд дүн.
Мундаг. Амжилт!
Баяр хүргэе.Яасан сайхан сэтгэл вэ.Эгчдээ туспаач Эгч нь 4 хүүтэй нөхөр бурхан болсон.2 нь архинд орсон үгэнд орохгүй юм одоо барга гудманд байна.
Сайн байна уу.Эгчдээ туслаач 4 хүүтэй 2 нь архины хамаар�##�тай болоод хэцүү байна.Нөхөр бурхан болоод 5 жил болж байна үгэнд орохгүй хэцүү байна.Уул нь би түрүүлж үхмээр байх юм.Одоо гудманд байна.