АНУ-ын одоо үеийн хамгийн дуулиантай хоёр хэрэг дээр ажиллаж буй хуульч гэр бүл
АНУ-ын одоо үеийн дуулиантай хэргүүд бол Рэппер Дидди буюу Шон Комбс болон хамгийн том ЭМД-ын компанийн захирлыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Луижи Манжионе хоёрын хэрэг билээ. Тэгвэл тэр хоёр ижил шүүхийн өмнө ижил стратеги сонгожээ. Өмгөөлөгчөөрөө Агнифилог сонгох, хоёр Агнифило. Хуульч Марк Агнифило нь шүүхийн өмнө Диддиг, харин хуульч Карен Фридман Агнифило нь Манжионег төлөөлж ажиллаж буй. Тэд эхнэр, нөхөр хоёр юм.
Олон жилийн туршид тэд шүүх хурлууд дээр өөр үүрэг гүйцэтгэн ажилладаг байв. Эхнэр Карен нь прокурор, харин Марк өмгөөлөгчөөр ажилладаг байжээ. Тэгвэл одоо тэд АНУ-ын хамгийн их анхаарал татсан хоёр хэрэг дээр ажиллаж буй.
Тэд 1992 онд талхны дэлгүүрийн хүргэлтийн ажилтнууд маргалдан, нэгнийхээ гарыг мачетээр тайрсан хэрэг дээр ажиллаж байх үедээ үеэр танилцсан байна. Сонирхолтой нь Марк, Карен хоёр өмгөөлж буй Дидди, Манжион хоёр нэг шоронд хоригдож байгаа юм.
Карен Агнифило
Карен Фридман Агнифило хууль эрх зүйн салбарт олон арван жилийн туршлагатай. Тэр карьерынхаа ихэнх хугацаанд Манхэттений прокурорын газарт ажиллажээ. Тэрбээр 2021 он хүртэл дүүргийн прокурор Сайрус Вэнс Жуниорын удирдлага дор ерөнхий туслах прокуророор ажиллаж байв.
Агнифологийн намтарт түүнийг “сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой нарийн төвөгтэй хэргүүдийг оролцуулан, өндөр анхаарал татсан хүчирхийллийн хэргүүдийг мөрдөн шалгахад чухал үүрэг гүйцэтгэсэн” гэж бичжээ. Карен Манхеттаны прокурорын газраар Хүний наймааны тасаг, Үзэн ядах гэмт хэргийн тасаг, Эртний эдлэлийн наймааны тасаг, Терроризмын тасаг, Кибер гэмт хэрэг, Хувийн мэдээлэл хулгайлах хэрэгтэй тэмцэх алба зэрэг олон нэгжийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн тэр Манхэттений анхны Сэтгэцийн эрүүл мэндийн шүүхийг байгуулах ажилд оролцжээ.
2021 онд тэрбээр төрийн албанаас гарч, нөхрийнх нь хуулийн фирм болох “Agnifilo Intrater LPP”-д ажиллаж эхэлсэн юм. Сүүлийн жилүүдэд Карен хэвлэл мэдээлэлд идэвхтэй ажиллах болсон. Тэрбээр “Хууль ба Дэг журам” цувралын хуулийн зөвлөхөөр ажиллаж, “CNN”-д хууль зүйн шинжээч хийж байсан. Мөн “Legal AF” болон “MissTrial” гэх подкастуудыг хөтлөн, “MeidasTouch” сүлжээнд хууль эрх зүйн асуудлуудаар үзэл бодлоо хуваалцдаг юм.
Түүний хэвлэл мэдээлэлд идэвхтэй байдаг өмгөөллийн стратегийнх нь нэгэн хэсэг болж магадгүй. Арванхоёрдугаар сарын эхээр буюу Манжионегийн өмгөөлөгч болохоосоо өмнө Карен “CNN”-д ярилцлага өгсөн юм. Тус ярилцлагадаа Карен Манжионегийн өмгөөлөгч ямар тактик ашиглаж болох талаар бодлоо хуваалцсан байна. Тэр “Миний бодлоор бол, энэ хэргийн нотлох баримт маш хүчтэй тул магадгүй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар өмгөөлөх үндэслэл гаргаж ирж магадгүй гэж харагдаж байна” гэжээ.
Карен нэмж “Би энэ байгууллагад өмнө прокуророор ажиллаж байсан хүний хувьд өмгөөлөгчдөд санаа зовж байна. Учир нь тэр ангийнхаа шилдэг сурагч байсан, ухаалаг, чинээлэг гэр бүлээс гаралтай. Тэгэхээр нэг зүйл ихээхэн өөрчлөгдсөн гэсэн үг. Маш том өөрчлөлт гарсан байх. Тиймээс тэд магадгүй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар гэм буруугүй гэх өмгөөлөл гаргаж ирэх боломжтой. Прокурорууд ч бас энэ талаар илүү судлах байх” хэмээсэн юм.
Марк Агнифило
Марк Агнифило мөн л төрийн прокурорын газруудад ажиллаж карьераа эхлүүлсэн юм. Тэр улсын, холбооны болон олон улсын түвшний нарийн төвөгтэй хэргүүд дээр өндөр анхаарал татсан яллагдагчдыг өмгөөлж байснаараа алдартай.
Коннектикутын коллеж болон Бруклиний хуулийн сургуулийг төгссөн тэрбээр Нью Жерси тойргийн прокурорын газарт, мөн Манхэттений прокурорын газарт туслах прокуророор ажиллаж байгаад эрүүгийн хэргийн өмгөөлөл рүү шилжсэн байна. Тэр Мартин Шкрели, Кит Раниер зэрэг олон нийтийн шүүмжлэлийг ихээр хүртсэн хэрэгтнүүдийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм.
Раниерийн авлига болон хүний наймааны хэргийг шүүх хурал дээр Марк “Та түүнээс зэвүүцэж, жигшиж байж магадгүй. Гэхдээ энэ улсад бид хүмүүсийг зэвүүцмээр, эсвэл жигшүүртэй байдлаас нь болж ял оноодоггүй. Олны дургүй санаа гэмт хэрэг биш. Жигшүүртэй санаа гэмт хэрэг биш” гэсэн юм
Сүүлийн саруудад тэр Диддиг батлан даалтаар суллахыг хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргажээ. Маркийн вэбсайт дээр дурдагдсан хэргүүдийн ихэнх нь ямар ч ялгүй эсвэл богино хугацааны ялаар шийдэгдэж байна аж.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.