ДЭМБ: Шувууны ханиадаар өвчтөн нас барсан ч эрсдэл бага байгаа
АНУ-д H5N1 хувилбарын шувууны ханиадаар өвчилсөн өвчтөн нас барсан тохиолдол анхны удаа бүртгэгдсэний дараа ДЭМБ-ын төлөөлөгч мэдэгдэл хийхдээ тус вирус хүн амд үзүүлэх эрсдэл бага хэвээр байгаа гэжээ. Нас баралт бүртгэгдсэн Луизиана мужийн эрүүл мэндийн албанаас мэдээлснээр, өвчтөн нь 65-аас дээш насны, суурь өвчтэй байсан аж. Өвчтөн хашаандаа тэжээдэг тахиа, зэрлэг шувуудтай харьцсаны дараа буюу арванхоёрдугаар сард вирусийн халдвараар эмнэлэгт хэвтсэн юм.
ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис мягмар гарагт /2025.01.07/ Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр “Бидний хувьд мэдээж санаа зовох зүйл байгаа ч нийт хүн амд үзүүлэх эрсдлийг харвал бага хэвээр байгаа” гэж хэлжээ. АНУ вирусийн хяналтыг хангалттай хийж байгаа юу гэх асуултад тэрбээр “Тэд маш их хяналт, тандалт хийж байгаа. Тиймээс бид үүнийг сонсож байгаа юм” гэж хариулсан байна.
АНУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн мэдээлснээр, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш АНУ-д 70 орчим шувууны ханиадны тохиолдол бүртгэгджээ. Тэдний ихэнх нь фермийн ажилчид байсан ба халдвар үүсгэгч вирус шувууны аж ахуй, сүүний малын сүрэгт эргэлдэж байна. ДЭМБ болон АНУ-ын холбооны болон мужийн албаны хүмүүсийн мэдээлснээр, нийт хүн амд үзүүлэх эрсдэл бага хэвээр байгааг онцолжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.