Гал зогсоосны эхний өдөр Хамас, Израил барьцааны хүмүүс болон хоригдлууд солилцов

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.01.15/ Израил, Хамас хоёр Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Тус тохиролцооны дагуу хоёр тал ням гарагт /2025.01.19/ гал зогсоов. Гал зогсоосны эхний өдөр Хамас гурван барьцааны хүн, Израил 90 хоригдол сулласан байна.
Үүнтэй зэрэгцэн хүмүүнлэгийн тусламж ачсан машинууд Газын зурваст нэвтэрч, дотооддоо нүүн суурьшаад байсан олон палестинчууд буцаж иржээ. Израилын чөлөөлсөн хоригдлуудыг ачсан автобус Йордан голын баруун эрэг дээрх Рамаллад хүрэлцэн ирэхэд олон мянган хүн тэднийг угтан авч, салют буудуулсан байна. Хамас бүлгийн мэдээлснээр Израил Йордан голын баруун эрэгт оршин суудаг байсан 69 эмэгтэй, 21 өсвөр насны хүүг суллажээ.
Гурван барьцааны хүн суллагдсаны дараа Израилын нийслэл Тел-Авив дахь Батлан хамгаалахын яамны төв байрны гадна цугласан олон баярлан тэмдэглэсэн байна. Израилын зэвсэгт хүчин мэдээлснээр Роми Гонен, Дорон Штайнбрехер, Эмили Дамари нарыг Хамас сулласан аж. Тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху цэргийн командлагчаар дамжуулан тэдэнд хандан “Роми, Дорон, Эмили та нарыг улс даяар тэврэн хүлээн авч байна. Гэртээ тавтай морилно уу” гэж хэлүүлсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.