Израил Иордан голын баруун эрэгт довтолгоогоо үргэлжлүүлж, олон зуун хүн дүрвэжээ

Израилын зэвсэгт хүчин Иордан голын баруун эрэгт байрлах Женин хотод явуулж буй довтолгоо үргэлжилж байна. Пүрэв гарагт /2025.01.23/ дрон дээр суурилуулсан чанга яригчаар анхааруулга өгсний дараа Женин хотод оршин суудаг олон зуун иргэн гэрээ орхин дүрвэжээ.
Газын зурваст гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлсний дараа Израил энэхүү довтолгоогоо эхлүүлсэн. Израилын албаныхан мэдээлэхдээ Женин дэх ажиллагаа нь Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг чиглэсэн гэжээ. Тус улсын зэвсэгт хүчний командлагч, дэслэгч генерал Херзи Халеви “Бид Жениний хуаран дахь ажиллагаагаа үргэлжлүүлж, өөрчлөх хэрэгтэй” хэмээсэн юм.
Дүрвэсэн хүмүүсийн нэг болох 16 настай Хуссам Саади “Өчигдөр л тэд биднийг нүүн суурьшихгүй бай гэсэн болохоор бид гэртээ л байсан. Харин өнөөдөр тэд манай хороолол руу дрон нисгэж хуаранг орхин яв, бөмбөгдөнө гэж хэлсэн” гэжээ. Израилын зэвсэгт хүчин Жениний оршин суугчдыг гэр орноо орхин явахыг хэлсэн гэдгээ үгүйсгэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.