НИЙГЭМНийгэм мэдээ

Морины хүүхэд хамгаалалтын хувцасгүй унаж эндэхэд, эзнийг нь тэнссэн хоёр хэрэг

Хурдан мориноос унасны улмаас амиа алдсан хүүхдүүдийн асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгчийн гомдлоор 2024 шүүгдсэн хэргүүд хэрхэн шийдэгдсэн талаар тоймлон хүргэж байна.

1.Хэрэг болсон цаг хугацааны хувьд 2022 оны долоодугаар сарын 07. Долоон настай хүү Завхан аймгийн Тэс сумын баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан оролцож байхдаа мориноосоо унаж эндсэн. Нас барсан шалтгааныг нарийвчлан тодруулбал, стандарт шаардлагыг хангасан хувцас хэрэгсэл өмсөөгүй байсан бөгөөд тархи нугасны гэмтэл авсны улмаас амь насаа алдсан байна. Улмаар түүнийг хамгаалах хувцас хэрэгсэлгүйгээр морь унуулж уралдаанд оролцуулсан төрсөн аав 39 настай малчин Х-ийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан Хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэмээн үзсэн. Улмаар шүүх байгууллага түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон.

2.Эл хэрэг 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон. Есөн настай хүү хурдан морь хөлслөх үеэр мориноос чирэгдэн амиа алдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох ээж нь шүүхэд мэдүүлэхдээ “Манай гэр бүлээс зөвшөөрөл авалгүйгээр морь унуулж ийм осол гарсанд гомдолтой байна. Үүнээс гадна эмнэлэгт хүргэгдсэнийг цаг тухайд нь хэлээгүй, би хамгийн сүүлд л мэдэж ирсэн” хэмээсэн байна.

Улмаар гэр бүлээс нь зөвшөөрөл авалгүй хурдан морь хөлслүүлж, ингэхдээ хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсүүлээгүй морины эзэнд шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож, оршуулгын зардалд 57.7 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх хоёр хэрэгт хамаарах хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

1.Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button