Ярилцлага

Д.Батмөнх: Манай баруун бүсийнхэн, Алтайчууд бодоорой. Боомт нээж, бэлэн бараа зөөснөөр хөгждөггүй юм шүү

Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй нутгийн өндөр настан иргэдийн төлөөлөл болгож, Д.Батмөнх гуайтай танилцлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг аймаг, орон нутагт ажиллаж буйг тохиолдуулан тэр энэ ярилцлагаа нутгийн иргэддээ голчлон зориулсан юм.


-Та өөрийгөө танилцуулна уу?

-Би Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, өдгөө Улаанбаатар хотод амьдардаг өндөр настан Д.Батмөнх гэж хүн байна.

-Нарансэвстэйн боомт нээхийг та ямар үндэслэлүүдээр буруушааж байна вэ?

-“Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн дөрвөн үг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орчихож. Хамтарсан Засгийн газар байгуулаад, намчирхаж талцаад байлгүй томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулъя гэсэн зорилгын хажуугаар зарим нэг хүн хувийнхаа эрх ашгийг тусгачихсан юм биш биз гэж би хардаж байгаа.

Энэ боомтыг нээгээгүй биш нээж үзсэн. 1992, 1993 онд Нарансэвстэйн боомтыг улирлын чанартай нээж, 2-3 удаа ажиллуулж үзсэн байдаг. Гэтэл энэ үед эдийн засгийн үр өгөөж өгөхөөс илүү, байгаль орчныг доройтуулах, эмзэг хөрсийг сүйтгэх, ховор амьтдыг дайжуулах, цөөн тооны булаг шанд, баянбүрдийг бохирдуулах зэрэг олон сөрөг нөлөө үзүүлсэн. Улмаар энэ боомтыг хаасан. Үүний дараа тодорхой ашиг сонирхол бүхий хүмүүс хэд хэдэн удаа санал оруулсан. УИХ, ЗГ-аас “Нээгээд ач холбогдолгүй” гэж тогтоон шийдсэн. Өнөөдөр дахиад энэ асуудал тавигдаад байгаа нь өмнөх судалгаануудаа үгүйсгэж буй хэрэг үү. Аль эсвэл өөрсдийнх нь хувийн ашиг сонирхол дэндүү давамгайлаад байна уу гэж хардахад хүргэлээ.

Хоёрт, боомт нээхтэй холбогдуулж засмал зам тавина гэсэн. 600 гаруй км замыг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барина гэдэг асуудал яригдаж байна. Үнэгүй бяслаг хавханд л байдаг. Энэ ямар их өртөгтэй зам болох билээ. Хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай байх вэ. Үүнийг зүгээр л Монголд бэлэглэж, бариад босгоод өгнө гэхээр итгэл төрөхгүй байна. Далдуур ямар аваа, өгөө үүсэж байдаг юм бол. Нөгөө үнэгүй бяслаг ямар хавханд байж байгаа юм бол гэж бодож байна.

Гуравт, Нарансэвстэйн боомтыг нээвэл дархлан хамгаалаад 50 жил болж буй газарт ямар сөрөг нөлөө үзүүлэхийг судлаад тогтоочихсон. Тэнд насаараа ажилласан эрдэмтэн судлаачид удаа дараа тайлбарлаж байна. Гэтэл тэднийг эсрэгээрээ доромжилж, гүтгээд буйг харахаар мөн л хардлага төрж байна.

Мөн орон нутагт дарамт үзүүлж байгаа тухай мэдээлэл сонссон. Аймгийн удирдлагаас Нарансэвстэйн боомт нээхийг иргэдээр дэмжүүл, эс тэгвэл албан тушаалд батламжлахгүй гэж сумын дарга нарт тулгасан. Ийм бусармаг арга барилаар хүмүүсийн санаа сэтгэлийг угааж байгаа нь эх орноосоо урвасан хүнээс л гарах үйлдэл.

Буруу ойлголт өгөхийн тулд янз бүрийн аргаар худал сурталчилгаа явуулж байна. Засмал зам тавих нь говийн дархан цаазат газарт хамааралгүй гэх жишээтэй. Энэ хэнийг, юу гэж хуурч буй хэрэг вэ. Говийн дархан газрын хил, Монгол Улсын хил нэг шугамд давхцаж байгаа шүү дээ. Үүнийг дайруулахгүй гэхээр БНХАУ-ын нутгаар замаа тавих хэрэг үү? Маш сонин сонсогдож байна. Түүнчлэн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, сайд Б.Тулга гэдэг хүн ярьж байгаа. “Хятадын хамгийн өндөр хөгжилтэй мужтай Нарансэвстэйн боомтоор харилцаж, Ази-Европыг холбосон төв замтай холбогдоно. Улмаар баруун бүсийн хөгжлийг түргэсгэж, ард түмний амьдралыг өөд татна” гэж. Гэтэл Ганьсу муж нь БНХАУ-ын 31 мужаас хөгжлөөр хамгийн сүүл барьж байна. Монголоо доромжилж байгаа юм уу. Манай улс хөгжилгүй юм чинь Хятадын хамгийн муу хөгжилтэй муж ч өндөр хөгжилд тооцогдоно гэж байгаа хэрэг үү.

Эдгээрийг хараад үзэхээр, үнэхээр эдийн засгийн үр өгөөжий нь тооцоод үзчихсэн, зайлшгүй нээх ёстой боомт мөн гэдэг итгэл төрүүлэхгүй байна. Боомт нээгээд ямар арилжаа наймаа хийх юм. Баруун аймгуудаас ямар барааг экспортлох юм, Хятадаас юу авах юм. Үүнийг мэдээлж байгаа зүйл алга. Ойролцоо нь Бургастай, Шивээхүрэнгийн боомт ажиллаж л байна.

Нутаг орныхоо иргэдэд хандаж, мэдээллүүдийг анхааралтай шүүж үзээрэй гэж хүсэж байна. Нарансэвстэйн боомт нээхийг зөвшөөрөхгүй байгаа хүмүүсийн хүчин чармайлтаар 33 мянган гарын үсэг цуглаж, УИХ ажлын хэсэг байгуулчихлаа. Ажлын хэсэгт орсон гишүүдээс хоёр нь лав зөв байр суурь илэрхийлж байна. Э.Болормаа, Б.Батбаатар гишүүдийн ярьсныг манай нутгийн иргэд судалж үзээрэй.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийг төлөөлж парламентад сууж, түүнийг даргалж байгаа. Тэр бол Говь-Алтай аймгийн унаган хүү. Ний нуугүй хэлэхэд Д.Амарбаясгалангийн талаар сайн, муу юм яригддаг. Харин өнөөдөр Нарансэвстэйн боомтыг нээх санал санаачилга гаргахгүй байх гэж иргэн хүний хувьд бодож байгаа. Нарансэвстэйг нээгээд баруун бус хурдацтай хөгжинө гэж итгэхгүй байна. Иймд мэдээлүүдтэй сайтар танилцаж, олон дахин эргэцүүлж үзээрэй хэмээн баруун бүсийнхнээ, нутгийн иргэдээ уриалж байна.

-Говь-Алтай аймгийн иргэд дандаа боомт нээхийг дэмжих тал дээр нэгдчихсэн гэлцээд байх юм. Хамгийн сайн ойлголттой байх учиртай нь орон нутгийн иргэд шүү дээ. Та үүн дээр юуг хэлэх вэ?

-Бүх хүнийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын ятгалга, сурталчилгаанд орчихсон гэж бодохгүй байна. Гэхдээ нэлээд хэсэг нь автсан байх. Сумдын удирдлагыг батламжлахдаа хүртэл энэ асуудлаар барьцаалсан тухай би дурдсан. Энэ бол дэндүү балмад үйл ажиллагаа гэж хэлэхэд чангадахгүй болов уу.

Би Алтай, Эрдэнэ сумынхан маань боомт нээхийг эсрэг байгаа болов уу гэж бодож байна. Харин Цогтынхонд аваа, өгөөтэй зүйл бол бий. Тархиа угаалгасан хандлага их ажиглагдаж байгаа. Сумын дарга байсан Насанбуян гэж нөхөр бий. Ажил хийхгүй мөртлөө сөрөг юмыг маш сайн явуулдаг. Түүнийг араас нь түлхүүрдэж, бүх зүйлийг хийлгэдэг хүн бол О.Амгаланбаатар юм байна. Тийм ч учраас шагнал болгож, Насанбуянг аймгийн ИТХ-ын даргаар тавилаа гэж ойлгож байна.

-Энэ асуудлаар дуугарсан хүмүүсээс хамгийн өндөр настнуудын нэг та болж байна. 1975 оноос хойш говийн дархан газрыг хамгаалж байна. Та бүх зүйлийг нүдээр үзсэн байх. Зам тавина гэхэд ч тун амаргүй газар шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. 1 км зам тавихын тулд юу шаарддаг вэ. Ямар далан, хаалтууд байгуулах билээ. Ямар их ус шаардагдах вэ. Том даацийн машин техникүүд ажиллаж, тэндээс ямар их тоос шороо, дуу чимээ гаргах билээ. Гэтэл хятадуудаар бариулна гэж байна, хүний нутагт тэд ямар сэтгэлээр хандах билээ.

Дархан хүртэлх хэдхэн км замын багахан хэсгийг хятадуудаар бариулах гэж хэчнээн жил гацав, юу болов. Үүнийг бид мартаагүй.

-Хилийн өргөст торын дагуу зам тавих учир мазаалай, хавтгайд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Говийн экосистемд ч нөлөөгүй. Ер нь тэр угаас амьтан, ургамал байхгүй, эзгүй, хэрэггүй газар гэж яриад байгаа шүү дээ?

-Энэ бол ёстой л хүний толгойг угаах гэсэн арга хэмжээ байна л даа. Хилийн өргөст тор амьд амьтан нааш цааш гарах аргагүй таг битүү биш юм. Бид харсан. Манай мазаалай хил давж урагшаа гарчхаад, буцаад ороод ирдэг. Одоо ч зураг нь нүдэнд харагдаж байна. Тийм чөлөөтэй явж байх ч ёстой юм. Амьтны нүүдэл, гүйдлийг хилийн өргөст тороор хаах ёсгүй. Олон улсын өмнө хүлээсэн үүргээр. Гэтэл зам тавина гэдэг үүний эсрэг үйл ажиллагаа. Адаглаад шаардах усаа яаж татах юм. Худаг гаргаад явах боломжгүй. Ойролцоох хамаг цөөн баянбүрд, булаг шандыг л шавхана гэсэн үг. Тэдгээрийг зөөхийн тулд ямар их дуу чимээ гаргах вэ. Баянбүрдүүд ширгэвэл тэндээс ундаалж амь зогоодог мазаалай, хавтгай үгүй болно. Худал мэдээллээр хүмүүсийн тархийг угаах бол гэмт хэрэг гэж би үзэж байна. Сайдаасаа эхлээд УИХ-ын гишүүн худал мэдээлэл тарааж болохгүй шүү дээ.

-Тэрхүү Алтайн өвөр говь бол дэлхийд данстай, дэлхийн хэмжээний үнэ цэнтэй газар. Түүгээр яваад ирсэн хүмүүс цаанаа нэг шидтэй, сэтгэл татам гэдгий нь дахин дахин дурсдаг. Харин тэнд ямар ч амьдрал байхгүй, ийм уудам нутгийг тэгээд огт ашиглахгүй байлгаад л байх хэрэг үү гэж УИХ-ын дэргэдэх ажлын хэсгийн гишүүн асуусан байна лээ?

-Энд, Улаанбаатарт сууж буй хүнд тийм сэтгэгдэл төрөхийг үгүйсгэхгүй. Харин очоод нэг харчихсан хүн их өөрийг хэлнэ дээ. Юм мэдэхгүй хүн буугаад харахад нэг хэсэг газарт чулуун сайр л бий. Зарим хэсэгт хангай шиг сайхан баянбүрдүүд ч байж л байгаа шүү дээ. Хий таалгүйгээр, болдог бол өөрөө очиж үз. Очиж үзэж чадахгүй бол мэдэж байгаа эрдэмтэн судлаачдын үгийг сонсооч ээ. Ялангуяа ажлын хэсгийн гишүүд энэ талаар бодолцож үз л дээ. Би ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг жаахан хуумгай хандаж байна гэж сонссон, ний нуугүй хэлэхэд. Тэгэхгүй байх гэж бодож байна. Өөрөө “Шинэ хөдөө” бодлого явуулж, Булгандаа сайтар ажилласан. Тэр асуудалд нухацтай хандах ёстой. “Би тэр эзгүй говийг чинь мэдэхгүй” гэх сэтгэлээр хандахгүй болов уу гэж найдаж байна.

Би өөрөө говийн дархан газрын зах зуххан хэсэгт нь эвлэлийн илгээлтээр мал маллаж байсан, сайн мэднэ. Үнэхээрийн баян тансаг, тос нь гоожсон газар шүү дээ. С.Дашдооров гуайн “Говь” гэж шүлгийг энэ хүмүүс олж уншсан л байх.

-Та өөрийн намтрыг танилцуулахгүй юу?

-Би Цогт сумандаа бага сургууль төгсөж, аймгийн төвд 10-р анги төгссөн. Төгсөөд, илгээлт аван Цогт суманд эм хонь авч яван малласан юм. Хоёр жил мал төллүүлсэн. Ингээд ХААДС-д элсэн, малын их эмч мэргэжил эзэмшсэн. Хожим дахин илгээлт авч, Дундговь аймагт хуваарилагдан Мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээр таван жил ажилласан. Тухайн үеийн Намын дээд сургуульд суралцаж, буцаад аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын дарга, орлогч дарга, сум нэгдлийн дарга зэрэг алба хашсан. Сүүлд Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо гэж ТББ-д дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан.

-Говь-Алтай аймаг хөгжлөөр үргэлж сүүл мушгидаг. О.Амгаланбаатар нар бол энэ шалтгааныг хилийн боомттой холбон тайлбарладаг. Тухайлбал, холоос буюу Замын-Үүдээс бараа таваар татдагаас үүдэн хөгжихгүй байна гэдэг. Та ер нь аймгийнхаа хөгжлийг гацааг юутай холбож үздэг вэ?

-Говь-Алтай аймгийн хөгжил үнэхээр сул. Үүнийг хилийн боомттой холбох нь дэндүү өрөөсгөл. Адил нөхцөлтэй аймгууд хөгжөөд л байна. Алтайчууд үнэхээр ажилсаг, дайчин ард түмэн. Потенциал ихтэй. Ямар олон эрдэмтэн, зохиолч, гоц хүмүүс төрсөн билээ гэдгийг бид мэднэ. Бид нутгаараа бахархаж байдаг. Социализмын үед Говь-Алтай аймаг хэзээ ч ажлаараа сүүл мушгиж байгаагүй. Муу ард түмэн гэж байдаггүй, муу удирдагч л гэж байдаг. Говь-Алтай аймгийг удирдаж байсан муу удирдагчдаас болж л хөгжил сул байгаа гэж би боддог. Ер нь бол ийм гэж ойлгож байгаа.

-Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ гишүүний талаар та дурдлаа. Тэр хуралдааны үеэр “Би бол хүнээ бодно, амьтан бодохгүй” гэж шуудхан хэлсэн байна лээ. Аймгийн иргэд ч боомт нээвэл хүний амьдрал сайжирна гэж итгээд байх шиг. Та нутгийн иргэддээ зориулж юуг уриалах вэ?

-Би тэр үгийг сонссон. Хүнээ бодно гэдэг мэдээжийн хэрэг сайхан үг. Гэхдээ хүнээ бодно гэхээр юу хийнэ гэсэн үг юм бэ?

Манай УИХ-ын гишүүд үеийн үед ингэж хэлсэн л дээ. Би үүнийг санал авна гэсэн үг ээ л гэж ойлгодог. Жижүүрийн маягийн ийм үг их бий. Олон юм хамаарч байж хүн бодогдох ёстой. Хүн өөрөө байгалийн л амьтан. Байгальд хэрхэн хандана, хүний хөгжилд шууд нөлөө үзүүлж байдаг. Хүн гэдгийг байгалиас тасалж үзэх боломж байхгүй. УИХ-ын гишүүн хүн үүнийг өндөр түвшинд ойлгож байгаа байх.

Говь-Алтай аймаг, баруун бүс мөнхөд оршино, мөнхөд хөгжинө. Бидэнд боломж бий. Гэхдээ хөгжлийг хүн авчраад хийгээд өгөхгүй. Бид өөрсдөө арга эвээ олж, ажиллаж хөдөлмөрлөж байж л хөгжлийг бий болгоно. Зүгээр нэг боомт хийж, хилээр наймаа хийснээр аймаг хөгжөөд, ард түмний амьдрал сайхан болчихно гэдэг тархи угаалга. “Та битгий юм хий. Бэлэн юм зөөгөөд өгье” гэсэн л үг шүү дээ. Энэ чинь хүнээ бодож буй асуудал юм уу. Үүнийг л манай ард түмэн ухааран бодох байх аа. Хятадын бараа зөөж, бэлэн юм аваачиж өгснөөр хөгжих үү. Түүний оронд шинэ технологи, шинэ мэдлэг, шинэ чадвар хэрэгтэй байна. Энэ тэр Ганьсу мужид байна уу?

Манай алтайчууд ухаантай. Ухаанаа дайчилж, энэ асуудалд хандаарай. Ирээдүйгээ битгий бүрхэг болгоорой л гэж хэлэх байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 31, 2025 09:37

zugeer l avilga sh tee ard tymnee gesen setgel shal hudal oilgomjtoi ireedui dee uldee zarimiig ni amarbayasgalan

Зочин
Зочин
1 сар 31, 2025 09:49
Reply to  Зочин

Бас л нэг Дамбийжаагийн зээнцэр !

Зочин
Зочин
1 сар 31, 2025 09:39

ZOV YARISAN BNA ENE HUND JISHEE NI YMAR ASHIG SONIRHOL BHAV DE ERUULEER BODOOD UZEHED GOA CHUUDAA

Зочин
Зочин
1 сар 31, 2025 14:47

Ирээдүйдээ үлдээ гэж цамнаад бгаа эх орончид чинь "над хүртэхгүй учраас чамд бас өгөхгүй" л гэсэн санаа тай амьтад ш дээ !

Зочин
Зочин
2 сар 1, 2025 07:36

Маш хэрэгтэй зөв мэдээлэл дүгнэлт бна �##�тайчууд маань үүнийг уншиж ойлгож дэмжээсэй билээ одоо орон нутагь ажиллах нэрээо тандан шиншилж явна наадуул чинь

Зочин
Зочин
2 сар 1, 2025 08:55

Амарбаясг�##�ангийн нутгийн эргэдтэй уулз�##�т хийж байгааг сонссон. Энэ хүний ярианаас боомтыг нээх сонирхолтрй байгаа нь илт харагдаж байсан.

Энэ эрдэмтэн биш
Энэ эрдэмтэн биш
2 сар 1, 2025 15:29

Амг�##�анбаатарыг ямар ацных нь гишүүн гэдгийм
Үнэхээр мулгуу м�##� бна лээ
Төрсөн нутгаа хятадуудад ухуулна гээд хөөсөрч яваа хүн дээ
Хэсэг бүлэг хүмүүс тэнэгийг нь д�##�имдуулж ашиглаж бгаа гэдгийг н өөрөө ч мэдэхгүй яваа

Зочин
Зочин
2 сар 3, 2025 11:25

T

Зочин
Зочин
2 сар 3, 2025 11:27

Өндөр боловсролтой мундаг хүн үнэхээр зөв ярьж байна баярллаа

Холбоотой мэдээ

Back to top button