Трампийн ээлжит шийдвэр Хятад, Канад, Мексикийг чиглэсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2025.02.01/ Мексик, Канад, БНХАУ-аас орж ирдэг бараанд гаалийн татвар тавьж, худалдааны дайныг эхлүүллээ. Тэрбээр БНХАУ-ыг АНУ-руу орж ирж буй фентанилийн урсгалыг зогсоох, Канад Мексикийг хууль бус цагаачлалын урсгалыг зогсоохыг шаардаж ийнхүү татвар оноов. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, инфляц нэмэгдэхэд хүргэж болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хятадын талаас хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
Мексик, Канад нь АНУ-ын хамгийн том хоёр худалдааны түнш юм. Тус хоёр улс хариу арга хэмжээ авахаа шууд мэдэгдэж БНХАУ бусад арга хэмжээг авна хэмээжээ. Трамп мягмар гарагаас эхлэн /2025.02.04/ Мексик болон Канадын бараануудад 25 хувь, БНХАУ-ын бараануудад тавьдаг татварыг 10 хувиар нэмэх гурван гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан юм.
Эдгээр гаалийн татварыг үхлийн аюултай фентанил, хууль бус цагаачлал зогстол байлгана гэдгээ Трамп мэдэгджээ. Цагаан ордон Трампын шаардлагыг ямар хэмжүүрээр хангасан гэдгийг тодорхойлох тухай мэдээлэл өгөөгүй байна.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо хэлэхдээ АНУ-ын шар айраг, дарс, модон материал зэрэг 155 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар онооно гэсэн юм. Түүний хэлснээр мягмар гарагаас эхлэн 30 тэрбум ам.долларын бараанд гаалийн татвар тавьж, 21 хоннгийн дараа үлдсэн 125 тэрбум ам.долларын бараанд татвар тавих аж.
Трюдо АНУ-ын иргэдэд анхааруулахдаа Трампийн гаалийн татвар нь хүнсний бүтээгдэхүүн, бензиний үнийг нэмэгдүүлж, автомашин угсрах үйлдвэрүүд хаалгаа барьж, никель, кали, уран, ганц, хөнгөн цагаан зэргийн нийлүүлэлтийг хязгаарлаж магадгүй хэмээсэн юм. Үүнээс гадна тэр Канад иргэдийг АНУ-руу аялхаас татгалзаж, АНУ-ын бүтээгдэхүүнүүдийг бойкотлохыг уриалжээ.
Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Х платформ дээр бичихдээ эдийн засгийн сайддаа хариу гаалийн татвар тавих арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгаснаа мэдэгдсэн юм. Канад, Мексик хоёр Трампын гаалийн татварыг даван туулахын тулд хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
БНХАУ-ын Худалдааны яам ямар хариу арга хэмжээ төлөвлөж буйгаа тодорхойлоогүй юм. Гэхдээ “БНХАУ нь АНУ-ыг өөрсдийнхөө фентанил болон бусад асуудлыг бодитой, оновчтой байдлаар харж шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
Дэлхийн зах зээлд үзэгдэж буй нөлөө
Трамп гаалийн татвар тавьж, худалдааны дайн эхлүүлсний дараа буюу өнөөдөр /2024.02.03/ дэлхийн зах зээл ширүүхэн арилжаагаа нээв. Азид арилжаа нээгдэхэд АНУ-ын хувьцааны фьючерс буурчээ. Тодруулбал Nasdaq-ийн фьючерс 2.35 хувиар, S&P 500-гийн фьючерс 1.8 хувиар буурсан байна.
Мөн АНУ-ын газрын тосны үнэ хоёр ам.доллар давж арилжин, бензиний фьючерс гурав гаруй хувиар өсжээ. Өнгөрсөн долоо хоногт хөрөнгийн зах зээлд “DeepSeek” компанийн хиймэл оюун ухаан томоохон цохилт өгсний дараа Трамп худалдааны дайн эхлүүлэв. Ийнхүү Трампын тавьсан гаалийн татвар хэр удаан мөрдөгдөх тал дээр тодорхойгүй нөхцөл байдал үүссэн нь хөрөнгийн зах зээлд тулгараад буй шинэ сорилт боллоо.
“EY” фирмийн ахлах эдийн засагч Грег Дако хэлэхдээ Трампын тогтооно гэсэн гаалийн татвар АНУ-ын энэ жилийн эдийн засгийн өсөлтийг 1.5 нэгж хувиар бууруулж магадгүй гэсэн юм. Мөн түүний хэлснээр энэхүү татвар Канад, Мексикийн эдийн засгийг уналтад хүргэж, АНУ-п стагфляц (инфляц өсөж, эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, ажилгүйдэл нэмэгдэх үзэгдэл) үүсгэж магадгүй аж.
“ATFX Global” фирмийн ахлах зах зээлийн шинжээч Ник Твидейл хэлэхдээ татваруудын улмаас Канад, БНХАУ, Мексикийн мөнгөн тэмдэгтэд сөрөг нөлөө үзүүлнэ мөн ерөнхий эрсдэл нэмэгдэнэ гэжээ. Хилийн чанадад арилждаг юанийн ханш түүхэн доод хэмжээд хүрч сулран, нэг ам.доллар 7.3765 юаниар арилжиж байна. Харин Канад доллар ханш ам.долларын эсрэг сүүлийн 20 жилд байгаагүй хэмжээнд суларчээ. Ам.долларын ханш Мексикийн песогийн эсрэг 2 хувиар чангарсан байна. “JP Morgan” банк өнгөрсөн баасан гарагт /2024.01.31/ тооцоолол хийхдээ хэрвээ АНУ 25 хувийн гаалийн татвар оноовол Мексик песогийн ханш ам.долларын эсрэг 12 хувиар суларна гэсэн юм.
Дээр дурдсанаар Трамп баталсан гаалийн татвар мягмар гарагаас хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ зарим мэргэжилтнүүд хэлэлцээ хийх боломж байгаа гэж үзэж буй. Ялангуяа Канад болон БНХАУ-тай. “Goldman Sachs”-ийн эдийн засагчид ням гарагт /2025.02.02/ мэдэгдэл хийхдээ “Гаалийн татварууд хэрэгжих магадлалтай бололтой. Гэхдээ эцсийн мөчид буулт хийх магадлалыг бүрэн үгүйсгэхгүй” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Элбэгдоржоо авмаар байнаа . Зөнөгөө