“ОХУ, Украин хоёул бага зэрэг буулт хийх хэрэгтэй”

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын томилсон Украины тусгай элч Кит Келлог ням гарагт /2025.02.02/ хэрвээ үргэлжилж буй дайныг шийдвэрлэх хэлэлцээг амжилттай явуулах бол ОХУ, Украин хоёул буулт хийх ёстой хэмээжээ. Саяхан Украинд айлчилсан тэрбээр “Fox News” агентлагт ярилцлага өгөхдөө “Хоёр тал газар нутгийн хувьд бага зэрэг буулт хийн байх” гэсэн юм.
Келлог хэлэхдээ “Трамп дайныг зогсоохыг хүсэж байгаа. Бид ямар нэгэн зүйл хийж чадна гэдэгтээ маш их итгэлтэй байна” хэмээжээ. Түүнээс энхийн тохиролцоонд хүрэхэд хэр урт хугацаа шаардагдах талаар асуухад “Хэдэн сарын дотор гэж хэлмээр байна. Хэдэн жил биш” гэж хариулсан байна.
Тэрбээр тус ярилцлагынхаа үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский газар нутгийн хувьд байр сууриа зөөлрүүлнэ гэдгээ аль хэдийн мэдэгдсэн, одоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байр сууриа ч бас зөөлрүүлэх хэрэгтэй болно хэмээжээ.
Өмнө нь Зеленский ОХУ-д алдсан газар нутгаа өгөх тухай яриаг үгүйсгэсээр ирсэн билээ. Гэхдээ дайны талбар дээрх алдагдал нэмэгдэж, АНУ-ын зэвсгийн дэмжлэг үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед түүнд буулт хийх шахалт илүү ирэх болсон байна.
ОХУ одоогийн эзэлсэн газар нутгийг бүрэн эзэмших гэсэн шаардлага тавьснаас гадна Украин хэзээ ч НАТО-д элсэхгүй байх баталгааг хүсэж байгаа. Путин өнгөрсөн долоо хоногт Украинтай хэлэлцээ энхийн хэлэлцээ хийж болно гэхдээ Зеленскийтэй шууд ярилцахгүй гэсэн юм. Тэр Зеленскийн ерөнхийлөгчийн бүрэн хугацаа дууссан тул хууль ёсны удирдагч биш гэсэн шалтгаанаар түүнтэй хэлэлцэхээс татгалзжээ.
Украин 2022 онд дайн эхэлснээс хойш дайны хууль дор үйл ажиллагаа явуулж байгаа тул сонгууль огт явуулаагүй байгаа. Өөртэй нь хэлэлцэхгүй гэсний хариуд Зеленский Путинийг хэлэлцэхээс айж байгаа хэмээсэн юм.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.