Дүүгийнхээ гадаад паспортоор хил давахыг завдсан хэрэг гарчээ

“Чингис хаан” агаарын боомтоор өөрийн төрсөн дүүгийнхээ гадаад паспортыг ашиглаж буюу нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан гэмт хэрэг гарсан байна.
Тодруулбал, дээр дурдагдсан хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарчээ. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэмээн хуулийн байгууллагын зүгээс үзсэн аж.
Шүүгдэгч " Миний хувьд Швед Улсад бичиг баримтгүй хараар амьдарч байсан. Би тэгээд Монголд юмны үнэ арай хямд учраас Монгол руу ирэхээр шийдсэн. Тэгээд өөрийнхөө гадаад паспортаар Швед Улсаас гарах гэтэл буцаж тухайн эмнэлэгт үзүүлэх ёстой байсан учраас өөрийнхөө паспортыг хар даруулж Швед Улсын гадаадын иргэн харьяатын байгууллагад бүртгэлтэй болохыг хүсээгүй. Учир нь бүртгэлтэй болчих юм бол дахин Швед Улс руу очиж, эмчилгээ хийлгэж чадахгүй. Ийм учраас өөрийн төрсөн дүү болох Б.Г-ийн гадаад паспортыг ашиглаж Монгол Улсад ирсэн. Надад үүнээс өөр арга байгаагүй. Надад Швед Улс руу буцаж очиж эмнэлэгт үзүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа. Ийм учраас дээрх үйлдлийг хийчихлээ. Уг нь бол миний тээшинд миний өөрийн гадаад паспорт байсан. Гэхдээ миний тээш БНТурк Улсад дамжин нислэгийн үед үлдчихсэн. Би өөрөө түрүүлээд Монголд ирчихсэн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн төрсөн дүү Б.Гпаспортаар Монгол Улс руу нэвтэрсэн" хэмээн шүүх хэлэлцүүлгийн үеэр мэдүүлсэн байна.
Улмаар шүүх байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйл.Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх
1.Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
- 2.1.бүлэглэж;
- 2.2.хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.