Улс төрийн мэдээ

Эзэн биегүй, ойр зайтай MCS-ийн гурван мэдэгдэл

Монголын томоохон групп компани MCS сүүлийн сар гаруйн хугацаанд нийт гурван ч мэдэгдэл гаргалаа.

Эхнийх: 2025.01.10 - Жагсаалыг санхүүжүүлж байна гэдэг худал

Хоёр дахь: 2025.01.31 - Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг эсэргүүцэж байна гэдэг худал

Гурав дахь: 2025.02.19 - Бид хариуцлагатай, хуулийн дагуу ажиллаж ирсэн. Шалгагдаж байгаа асуудлыг гуйвуулахгүй байхыг хүсье.

Мэдэгдлийн хэмжээ, агуулга эхний удаад өргөн, сүржин байсан бол багассаар сүүлийнхдээ 2-3 өгүүлбэр болжээ.

Энэ бол яах аргагүй он гарснаас хойш эрчимжиж буй улс төрийн нөлөөг илтгэж буй нэгэн илэрхийлэл. Засгийн газрын зүгээс яг одоо Ухаа худагийн ордыг MCS-ийн "Энержи ресурс"-д өгсөн явдал хууль ёсных байсан эсэхийг шалгах, хууль бусаар олгогдсон бол лицензийг хүчингүй болгох ажиллагааг эхлүүлээд байна.

Түүний өмнө Засгийн газрыг огцруулах агуулгатай жагсаалыг санхүүжүүлсэн гэгдсэн. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хил холболтын бүтээн байгуулалтыг шүүмжилсэн. Уг бүтээн байгуулалтын цаана "Энержи ресурс"-ийг ашиг сонирхол зөрчигдөх, цаашлаад Д.Энхтүвшин өмнө нь MCS группийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан учраас холбож бичих, хардах давлагаа өрнөсөн юм.

Гэхдээ энэ бүгд албан ёсны мэдэгдэл биш байв. Зарим нь мэдээллийн хэрэгслээр бичигдсэн, ихэнх нь сошиал сүлжээн дэх жиргээчид, үзэл бодлоо илэрхийлэгчдийн дэвшүүлсэн хувилбар юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрыг төлөөлсөн нэг ч хүн дээрх агуулгаар яриагүй билээ.

Тэгсэн ч томоохон хэмжээний групп компани тухай бүрд идэвхийлэн няцаалт өгч байв.

Харин хамгийн сүүлд MCS-ийн хамгаалалтын компанийн захирал З.Төрмандахыг хуулийн байгууллагаас саатуулсан. Энэ бол жиргээчдийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн прогноз биш факт, үйл явдал байв.

Гэтэл энэ удаад ч мөн мэдэгдэл гаргахдаа голчлон сэтгүүлчид рүү чиглүүлжээ.

Эндээс MCS нэр хүнддээ ихээхэн харам байгааг харж болох юм. Мэдээж улс төрийн албан тушаалтан шууд нэр цохож мэдэгдэл хийсэн бол түүний араас хариу байр суурь илэрхийлэх нь зүйн хэрэг. Энэ бол хариуцлагатай алхам. Харин дандаа сошиал ба мэдиад өрнөсөн хэлэлцүүлгийн сэдэв бүрд мэдэгдэл гаргасаар, эцэст нь бодит баривчилгаан дээр ч "Битгий гуйвуул" мэтээр мэдэгдэх болсон нь яах аргагүй анхаарал татаж байна.

Нэг ёсондоо MCS яг хэнд хандаад, хэн нэр хүндэд нь халдсан хэмээн үзээд байгаа нь тодорхойгүй буюу эзэн биегүй гурван ч мэдэгдлийг ойр зайнд гаргав. Энэ бол хөшигний ард буюу бодит байдалд төвөгтэй үйл явц өрнөж байгааг илтгэнэ гэлтэй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 21, 2025 09:47

Мафи гэж энэ дээ.

zochinhun
zochinhun
2 сар 21, 2025 11:26

MCS XXK-g sain shalgaj huuliin hureend buruu baival zohih shiitgeliig ni sain uzuuleh!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
2 сар 22, 2025 01:04

Msc груп хамгийн ноотой газар Хууль зүйн
Хамгийн олон сайд хийсэн Ц Нямдоржийн
Ивэл х�##�амжид байдаг газар

Холбоотой мэдээ

Back to top button