Top StoriesЭДИЙН ЗАСАГ

Газрын тосны үнэ цаашид хэрхэх вэ, бид энэ талбарт балчир хэрэглэгч хэвээр байх уу

Газрын тосны үнэ нь дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлж ирсэн. 2020 оны ковидын үед брэнт газрын тосны үнэ баррель нь 20 ам.доллар хүрэхтэй үгүйтэй шал арчсан түүхтэй. Харин 2022 онд түүхэн дээд үнэд хүрч баррель нь 130 ам.доллар шүргэж байсан билээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсаар баррель нь 65-70 ам.долларт хэлбэлзэж байна.

Газрын тосны "бүүм" 1859 онд АНУ-ын Пенсильвани мужид Эдвин Дрейк амжилттай газрын тосны худгийг өрөмдсөнөөр эхэлсэн байдаг. 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үе хүртэл АНУ, Орос, Ойрхи Дорнод дахь нөөцийн их хэмжээний нээлтийн улмаас газрын тосны үнэ харьцангуй тогтвортой, хямд байж ирсэн түүхтэй.

Газрын тосны үнийг огцом өсгөсөн чухал үеүд

  • 1973 оны газрын тосны хямрал: OPEC газрын тосны хориг тавьснаар үнэ дөрөв дахин өсөж, дэлхийн эдийн засгийн хямралыг үүсгэсэн
  • 1979 оны Ираны хувьсгал: Ираны газрын тосны үйлдвэрлэл доголдсоноор үнэ дахин огцом өссөн
  • 1980-аад оны илүүдэл нийлүүлэлт: OPEC-ийн гишүүн бус орнуудаас газрын тосны олборлолт нэмэгдэж, үнэ эрс унасан
  • 1990 оны Персийн булангийн дайн: Нийлүүлэлтийн доголдол үүсэж болзошгүй гэсэн айдсаас үүдэн үнэ түр өссөн
  • 2008 оны санхүүгийн хямрал: Газрын тосны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч нэг баррель нь 147 ам.доллар болсон ч дараа нь эрэлт буурснаар огцом унасан
  • 2014-2016 оны газрын тосны хямрал: АНУ-ын занарын газрын тосны олборлолт нэмэгдэж, OPEC нийлүүлэлтээ танахгүй байсан нь үнийг 30 ам.доллараас доош унахад хүргэсэн
  • COVID-19 цар тахал (2020): Дэлхийн хэмжээнд хөл хорио тогтоосноор газрын тосны үнэ түүхэндээ анх удаа сөрөг утгатай болж байв.

Эдгээр үйл явдлууд нь геополитик, эдийн засаг, технологийн хүчин зүйлүүд газрын тосны үнийг хэрхэн тодорхойлж ирснийг харуулдаг.

Сүүлийн жилүүдэд газрын тосны үнийн төлөв, чиг хандлага ямар байгаа вэ

Сүүлийн жилд газрын тосны үнэ ихээхэн хэлбэлзэлтэй байлаа. 2024 оны эхэнд брент газрын тос нэг баррель нь 85 ам.доллар орчим байсан. Гэвч OPEC-ийн бүлгийн шийдвэр, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, геополитикийн хүчин зүйлсээс хамааран үнэ хэлбэлзэж, 2025 оны эхэн үеийн байдлаар 70 орчим ам.доллар дээр тогтож байна.

Газрын тосны үнэ

Үнийн хэлбэлзэлд дараах гол хүчин зүйлүүд нөлөөлсөн:

  • OPEC-ийн бүлгийн газрын тос олборлолтын таналт: OPEC болон ОХУ зэрэг холбоотнууд нийлүүлэлтийг бууруулах стратеги хэрэгжүүлсэн.
  • Эдийн засгийн сорилтууд: АНУ, Европ, Хятадын эдийн засгийн өсөлтийн удаашрал газрын тосны эрэлтийг бууруулах хүлээлт үүсгэсэн.
  • Геополитикийн нөхцөл байдал: Орос-Украины мөргөлдөөн, Ойрхи Дорнодын хурцадмал байдал нь зах зээлийг тогтворгүй болгож, үнийн огцом өсөлтүүдийг бий болгосон.
  • Нийлүүлэлт ба эрэлтийн харьцаа: АНУ зэрэг OPEC-ийн гишүүн бус улсуудаас олборлолт нэмэгдсэн нь OPEC-ийн таналтыг хэсэгчлэн нөхсөн.

Шинжээчид газрын тосны үнийн талаар янз бүрийн таамаглал дэвшүүлж байна. Зарим шинжээчид үнийг 75-90 ам.долларын хооронд тогтвортой байна гэж үзэж байгаа бол бусад нь геополитикийн эрсдэл, эдийн засгийн хандлага, нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалан хэлбэлзэл өндөр байх магадлалтай гэж таамагласан. Олон улсын эрчим хүчний агентлагаас (IEA) газрын тосны эрэлт ойрын жилүүдэд тогтвортой байх ч урт хугацаандаа сэргээгдэх эрчим хүчний өсөлттэй холбоотойгоор буурах хандлагатай гэж таамаглаж буй.

Бид хямд үнээр Хятад руу түүхий нефть нийлүүлж, өндөр үнээр шатахуун импортлосон хэвээр байна

Монгол Улс газрын тос олборлогч томоохон орнуудын нэг биш. Монголд 332 сая баррель батлагдсан газрын тосны нөөц бий боловч гол олборлолтын бүсүүд нь Дорнод, Тамсагийн сав газарт байрладаг. Гэвч Монголд нефть боловсруулах үйлдвэр байхгүй тул түүхий нефть Хятадад хямд үнээр экспортолж ирсэн.

Дорноговь аймагт газрын тос боловсруулах анхны үйлдвэрээ барих мега төслийн хүрээнд Энэтхэг улсаас 1.2 тэрбум ам.долларын зээл авчихсан явж буй. 2028 онд ашиглалтад орох уг үйлдвэр нь Оросоос шатахуун болон эрчим хүчний хараат байдлаа бууруулна гэж байгаа ч бид өнөөдөр дэлхийн зах зээлийн үнийн тоглолтоос гадуур хамгийн хямд үнээр түүхий нефть нийлүүлж буй алдагдлаа хэзээ нөхөх вэ.

Монголд газрын тосны хэрэглээ

Жилдээ 2 сая тонн орчим бөгөөд 100 хувь импортоор хэрэгцээгээ хангадаг. Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 89.2 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлдэг байна.

Өнгөрсөн оны эхний улиралд гэхэд 557.1 сая ам.долларын 668.4 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 178.1 мян.тн буюу 36.3 хувиар, үнийн дүнгээр 133.9 сая ам.доллар буюу 31.6 хувиар тус тус өссөн үзүүлэлт.

Газрын тосны бүтээгдэхүүний импортын нийт үнийн дүнгийн 90.5 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 30.0 хувийг автобензин, 60.5 хувийг дизель түлшний импорт тус тус эзэлж буй. Харин экспортын хувьд гэхэд өнгөрсөн онд 4 сая 850 мянган баррель буюу 661 мянган тонн газрын тос борлуулна гэж тооцсон ч 82.6 сая ам.долларын 1 сая орчим мянган баррель газрын тосыг Хятад руу экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 108.3 мянган баррель буюу 9.3 хувиар, үнийн дүнгээр 5.9 сая ам.доллар буюу 6.7 хувиар тус тус буурсан дүнтэй гарав.

Монгол Улс газрын тосны салбарт дотоодын хэрэгцээгээ зуун хувь гаднаас импортоор хангаж байна. Үүнийг дагасан валютийн урсгал мөн монголоос гадагшилсаар буй нь үнэн. Засгийн газрын зорилт болгож урдаа тавьсан мега төслийн нэг газрын тосны үйлдвэр өнгөрсөн жилүүдэд төсвөөс санхүүжилтээ нэмэгдүүлж, улсын өр зээлийг тэлсээр л байгаа. Долоон жилийг зарцуулсан энэ төсөл хэрэв ажил хэрэг бололгүй төсөв "идсээр" байвал бид цаашид олон жил газрын тосны талбарт балчир хэрэглэгч хэвээр л байх юм.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button