Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Трампын сүрдүүлгэд Канадчуудын барих хариу

Доналд Трамп Цагаан ордонд буцаж ирснээсээ хойш Канадад гаалийн татвар тавина, тус улсыг АНУ-ын 51 дэх муж болгоно гэж ярих болсон. Сүүлийн үед Канадад улс төрийн зүүн, барууны үзэлтнүүд хагаралдах болсон. Тэгвэл Трампын сүрдүүлэг Канадыг нэгтгэсэн томоохон хүчин зүйл болж өгөв. Саяхан ерөнхий сайдын ажлаа хүлээлгэн өгсөн Жастин Трюдо Канад хэзээ ч АНУ-ын 51 дэх муж болохгүй гэсэн. Мөн сөрөг хүчний Консерватив намын удирдагч Пьер Польевре ингэж хэлсэн юм.

Трамп нэгдүгээр сард Канадын ард түмэн АНУ-д нэгдэхэд дуртай байгаа хэмээсэн. Харин Канадад явуулсан хэд хэдэн санал асуулгаар бол канадчууд үүнийг эрс эсэргүүцэж байгаа аж. Саяхан явуулсан нэгэн санал асуулгаар канадчуудын 85 хувь нь нэгдэхийг эсэргүүцэж, 9 хувь дэмжсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн үйлдэлд дургүйцсэн канадчууд эсэргүүцлээ илэрхийлэхдээ тус улсыг бойкотолж байна. Канадад болж буй хокейн зарим тоглолт дээр АНУ-ын төрийн дууллыг “boo”-лж, хэсэг дэлгүүрүүд АНУ-ын барааг лангуунаасаа буулгажээ.

Харин аялагчид Трампыг эсэргүүцэж буйгаа хэтэвчээ хааж үзүүлж байгаа аж. Нислэгийн тасалбарын мэдээлэл цуглуулдаг “Forward Keys” фирм мэдээлснээр хоёрдугаар сараас хойш Канадаас АНУ-руу нисэх тасалбарын шинэ захиалга өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар багассан байна.

АНУ-ын “United Airlines” нисэхийн компанийн гүйцэтгэх захирал Скотт Кирби мягмар гарагт /2025.03.11/ хэлэхдээ Канадаас ирж буй урсгал их хэмжээгээр буурсан тул компани хүчин чадалдаа өөрчлөлт оруулсан гэжээ.

Канадын Ванкувер хотод оршин суудаг 34 настай Аллисон хэлэхдээ гэр бүлийнхээ зуны аяллыг Вашингтонд хийхээр төлөвлөж байснаа цуцалсан хэмээсэн юм. Тэр АНУ-ын захиргаа тариф тавина тавихгүй гэж хэд хэдэн удаа савласан шийдвэр гаргасан нь үүнд нөлөөлсөн гэсэн байна. Аллисон нэмж “Бид ерөнхийдөө АНУ-д аялах сонирхолгүй болсон” хэмээсэн юм.

Зургийн эх сурвалж: Newsnation

АНУ-Канадын хил дээр аялал жуулчлалын маркетинг хийдэг Кори Фрэм “Бид АНУ-тай холбоотой зүйлийг Канад аялагчдад, Канадын зүйлсийг АНУ-ын аялагчдад үзүүлэхгүй маш болгоомжтой байгаа. Тийм зүйл үзүүлэхэд хүмүүс маш их сөрөг сэтгэгдэл гаргадаг” гэжээ.

Канадчууд аяллаа цуцалж байгаа нь АНУ-ын аялал жуулчлалын салбарыг түгшээж буй. АНУ-ын аялал жуулчлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Жеофф-Фриман хэлэхдээ АНУ-руу аялж буй хүмүүсийн тоо цар тахлаас өмнөх үеийн тоотой харьцуулахад 90 хувьтай нь л тэнцэхээр байгаа гэсэн юм. Канадчуудаас илүү АНУ-руу аялдаг хүмүүс гэж үгүй. Тухайлбал 2024 онд канадчууд 20.4 сая удаа аялжээ. Мөн Канадын аялагчид АНУ-ын дотоодын аялагчдаас гурав дахин их мөнгийг аялалдаа зарцуулдаг байна.

Хилийн ойролцоо оршдог Вашингтон мужийн Беллингхам хотод бямба гарагт буудалд захиалах тохиолдол хоёрдугаар сарын хоёрноос хойш 10.8 хувиар буурчээ. Мөн Нью-Йорк мужийн Ниагарагийн хүрхрээний ойролцоох зочид буудлуудын захиалга 8.1 хувиар багассан аж.

 “CoStar” фирмийн Ян Фрейтаг хэлэхдээ “Энэ жил өөрчлөгдсөн зүйл нь АНУ-ын захиргааны үг үйлдэл канадчууд хил давах тухайд эргэлзэхэд хүргэж байгаа явдал юм” гэжээ. Тэр нэмж Канад зохиолч, инфлюенсерүүд АНУ-д аялуулах урилгыг тийм ч сайтай хүлээн авахгүй байгааг дурдсан юм. Фрейтаг “Ямар ч үед хязгаарлалт тавьж, хилээр давах хэцүү эсвэл хүмүүсийг хил давах хүсэлгүй болгох нь удаан хугацааны өөрчлөлтийг авчирдаг. Өмнө нь байсан нөхцөл байдал руугаа буцна гэдэг томоохон сорилт болно” хэмээжээ.

Трампын захиргаа АНУ-д 30 хоногоос дээш хугацаагаар оршин суух 14-нөөс дээш насны бүх гадаад иргэдийг дөрөвдүгээр сарын 11-нээс эхлэн системд бүртгүүлж, хурууны хээгээ үлдээхийг шаардаж эхэлнэ гэж мэдэгдсэн. Канадчууд АНУ-д зургаан сар хүртэлх хугацаагаар визгүй аялж болдог ч үүнээс чөлөөлөгдөхгүй юм.

“Forward Keys” фирм мэдээлснээс харвал канадчууд АНУ-д аялахаас татгалзаж эхэлж буй цорын ганц хүмүүс биш аж. Дани, Германаас АНУ-руу нисэх тасалбар захиалах нь тус тус харгалзан өмнөх жилээс 27 болон 15 хувиар буурчээ. Европоос нисэх тасалбар захиалах нь бага зэрэг буюу нэг хувиар багассан байна.

Гэхдээ канадууд аялахаас татгалзаж байгаа нь илүү хохиролтой. АНУ-ын Аялал жуулчлалын нийгэмлэг тооцоолсноор Канадаас аялагчдын тоо арван хувиар буурвал 2.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй юм. Канадын Калгари хотын оршин суугч Зина Оукил “Би АНУ-руу дахиж аялмаар л байна. Гэхдээ одоогийн нөхцөл байдлыг харвал Канад хүний хувьд би намайг тийм ч сайхнаар угтаж авна гэж бодохгүй байна” гэжээ. Тэр нөхөртэйгөө хамт Лос-Анжелест аялах байснаа цуцалж одоо Мексикт амарж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 14, 2025 10:05

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button