ОХУ Вашингтоны санаачилсан 30 хоног гал зогсоох тохиролцоог зөвшөөрөх үү

Мягмар гарагт /2025.03.11/ АНУ болон Украины албан тушаалтнууд Саудын Арабд уулзсан. Тус уулзалтын үр дүнд Украин энхийн хэлэлцээний эхний шат болох 30 хоног гал зогсоохын зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн юм. Одоо ОХУ гал зогсоохыг зөвшөөрөх эсэхээ хэлэх л үлдээд буй. АНУ гал зогсоохыг зөвшөөрөхийг Москвад уриалсан байгаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио лхагва гарагт /2025.03.12/ ОХУ-тай холбоо барьж, гал зогсоох гэрээний талаар ярилцахаа мэдэгдсэн. Рубио Ирландад айлчлах үедээ "Бид бүгд ОХУ-ын хариуг тэсэн ядан хүлээж байна. Тэднийг бүх дайсагналыг зогсоохыг уриалж байна. Хэрэв тэд татгалзвал бид нөхцөл байдлыг эргэн харж, дэлхий дээр бид ямар байр суурьтай байгаагаа болон ОХУ-ын жинхэнэ зорилгыг ойлгох хэрэгтэй болно" гэсэн юм.
Гэхдээ Москва ямар байр суурьтай байгаа нь нэлээд тодорхойгүй. АНУ, Украины төлөөлөгчид Саудын Арабт хамтарсан мэдэгдэл хийсний дараахан ОХУ Украины Суми, Днипро, Кривой Рог хотуудад агаарын цохилт өгсөн юм. Дублины их сургуулийн улс төр судлалын профессор Доннаха О’Бихэйн ОХУ нь эзэлсэн газар нутаг, Украин дахь үндэстнийг цэвэрлэх ажлыг нь хүлээн зөвшөөрөхгүй л бол ямар ч тохиролцоог хүлээж авахгүй гэж “Euro News” агентлагт хэлжээ.
Украины дайнд НАТО, түүний өргөжилт ямар ч холбоогүй гэж тэр хэлсэн байна. Хэрэв үнэхээр НАТО асуудал байсан бол ОХУ Швед, Финландын элсэлтийг зүгээр хараад суухгүй байсан гэж О’Бихэйн онцолжээ. 2022 оноос хойш НАТО, ОХУ-тай хиллэдэг газар нь хоёр дахин томорсон гэдгийг тэр дурдаж, энэ нь ОХУ-ын зорилго өөр гэдгийг харуулж байна гэсэн юм.
О’Бихэйн "ОХУ-ын зорилго бол бол Украины ард түмнийг устгаж, Украин гэх улсыг устгах. Тэдний гол зорилго энэ хэвээрээ байгаа. Хэрэв энэ мөргөлдөөн зүгээр л царцах юм бол шударга бус байдал, эзлэн түрэмгийлэл, нутгаасаа хөөгдсөн хүмүүсийн зовлон шаналлыг мөн л царцаана гэсэн үг" хэмээжээ.
Тэр хэлэхдээ Путиний дэглэм ганхаж байгаа шинж тэмдэг ажиглагдах болсон тул АНУ ОХУ-д илүү дарамт үзүүлж чадна гэжээ. Тэр "2023 оны Евгений Пригожины бослогыг эргээд хараарай. Тэд нэг өдрийн дотор 800 км зам туулсан. Гэтэл хэн ч Путиныг хамгаалахаар гарч ирээгүй. Гудамжинд 'Бид Путинд хайртай, Евгенийг зогсоо' гэсэн уриа бүхий самбарууд байгаагүй. Харин хүмүүс Евгений Пригожинтой хамт селфи хийхийг хүсэж байсан. Энэ нь дэглэмийн тогтвортой байдал сул байгааг харуулсан” хэмээсэн байна.
Түүний үзэж буйгаар хэрэв Путин Украин дахь дайн өөрийнх нь эрх мэдэлд эрсдэлтэй гэж үзвэл хурдан ухарч магадгүй юм. О’Бихэйн "Харамсалтай нь, Трамп Путинд шахалт үзүүлэхгүй байгаа нь асуудал юм. Трампт маш их боломж бий. Гэвч тэр дарамт үзүүлэхгүй байна. Путинд Украинд ялалт байгуулахаас илүүтэй ОХУ-д эрх мэдлээ хадгалах нь чухал" гэжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп