Монгол, Польш хоёр соёлын салбарт хамтран ажиллана

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Польш Улсын Соёл, үндэсний өвийн сайд Ханна Врублескатай Варшав хотноо уулзаж, соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Талууд кино хамтран бүтээх тухай эрх зүйн баримт бичиг байгуулах, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллах, кино, соёл, урлагийн салбарын мэргэжилтнүүдийг харилцан солилцож, туршлага судлуулах зэрэг асуудлаар ярилцаж тохиролцов.
Өдгөө Чех Улсад дэлгэгдээд буй “Чингис Хаан” олон улсын үзэсгэлэнг Бүгд Найрамдах Польш Улсын нэр хүндтэй музейд толилуулах, цаашид хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр боллоо.
Мөн Польш Улсын Засгийн газар кино бүтээх зардал буцаан олгох тухай холбогдох хуулийн төсөл болон журам батлуулахаар ажиллаж буйгаа мэдээлж, энэ чиглэлээр Монгол Улсын кино урлагийг дэмжих тухай хууль болоод кино бүтээх зардлын буцаан олголтын талаар туршлага судлах сонирхолтой буйгаа илэрхийллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.