Хонконгийн хувьцаанууд гурван жилд үзэгдээгүй дээд хэмжээнд хүрлээ

Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвийг эергээр харж байгаа тул Хонкогийн хөрөнгийн бирж ихээхэн хэмжээний өсөлт үзүүлээд буй. Мягмар гарагт /2025.03.17/ Хонконгийн хөрөнгийн бирж гурван жилийн дээд хэмжээндээ хүрч, Азийн зах зээлийг тэргүүллээ.
Тодруулбал “Hang Seng” индекс мягмар гарагт хоёр хувиар өсөж он гарснаас хойш 23 хувийн өсөлт үзүүлээд байна. Энэ нь он гарснаас хойш ямар нэгэн хувьцааны индекс үзүүлсэн хамгийн том өсөлт юм.
Даваа гарагт /2025.03.17/ “OECD” мэдэгдэхдээ АНУ-ын тавьсан гаалийн татвар нь Канад, Мексик, АНУ-ын эдийн засгийн өсөлтийг бууруулж, инфляцыг өсгөнө гэж таамагласан байна. Трампын гаалийн татвар болон засгийн газрын төсвийг танах гэсэн бодлогуудаас хачирхалтай байдлаар хожиж байгаа нь БНХАУ болов. Учир нь Трампын бодлогын улмаас АНУ-ын эдийн засаг саарна гэж хөрөнгө оруулагчид таамаглаж эхэлсэн тул БНХАУ-ын зах зээлд капиталаа шилжүүлж эхлээд байна.
Сингапурт үйл ажиллагаа явуулдаг “Vantage Point Asset” фирмийн хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Ник Феррес “БНХАУ-д ерөнхий төлөв, эрч хүч эерэг байдлаар өөрчлөгдөж байна” гэжээ.
Ням гарагт /2025.03.16/ БНХАУ дотоодын хэрэглээгээ дэмжихийн тулд хүүхэд өсгөхөд туслах хэд хэдэн тусгай хөтөлбөрийг танилцуулсан юм. Тус улсын эрх баригчид энэ оны гол зорилгуудынхаа нэгийг дотоодын хэрэглээг дэмжих гэж тодорхойлсон. Тэгвэл даваа гарагт /2025.03.17/ нийтлэгдсэн тоо баримтаар бол жижиглэн худалдааны өсөлт түргэссэн байна.
Трамп мягмар гарагт /2025.03.18/ мэдэгдэхдээ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин удахгүй АНУ-д айлчилж магадгүй гэсэн. Энэ нь хоёр улс ямар нэгэн шинэ хэлэлцээ хийж, гаалийн татварыг бууруулах магадлалтай гэж хүмүүс таамаглахад хүргэсэн байна. Гэх мэт зүйлс БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөвт эерэг өнгө нэмж буй нь Хонконгийн хөрөнгийн зах зээл өсөхөд нөлөөлж буй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.