Израил Газын зурваст томоохон цохилт өгч, 400 гаруй хүн амь үрэгджээ

Палестины албан тушаалтнууд мягмар гарагт /2025.03.18/ мэдэгдэл хийхдээ Израилын зэвсэгт хүчин томоохон цохилт өгсний улмаас 400 гаруй хүн амь үрэгдсэн гэсэн байна. Нэгдүгээр сард Хамас бүлэг Израил хоёр гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойш Газын зурваст харьцангуй тайван, байлдаангүй нөхцөл байдалтай байсан нь ийнхүү нурав.
Хоёр тал бие биеэ гал зогсоох тохиролцооны нөхцөлийг зөрчсөн гэж буруутгаж байна. Хамас бүлэг 2023 оны аравдугаар сард барьцаалсан 250 хүний 59-ийг нь одоо хүртэл хорьж байгаа юм. Тус бүлэг Израилын тал дайныг бүр мөсөн зогсоох хэлэлцээг явуулах гэсэн зуучлагчдын хүчин чармайлтыг алдагдуулсан гэж буруутгажээ. Харин Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэл хийхдээ Хамас гал зогсоох саналыг эсэргүүцсэн тул цохилт өгөх тушаал гаргасан гэсэн юм. Тэрбээр Тел-Авив дахь Кирья цэргийн баазаас “Одоогоос эхлэн Израил Хамасын эсрэг илүү хүчтэй арга хэмжээ авна. Мөн одоогоос эхлэн хэлэлцээг байлдаан үргэлжилж байхад явуулна” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.