Израил Газын зурваст явган цэргийн ажиллагаа дахин эхлүүллээ

Израилын зэвсэгт хүчин лхагва гарагт /2025.03.19/ мэдэгдэл хийхдээ Газын зурвасын төв болон өмнөд бүсэд хуурай газрын цэргийн ажиллагаа дахин явуулж эхэлсэн гэжээ. Үүнтэй зэрэгцэн Израилын арми агаарын цохилт өгсний улмаас 48 хүн амь үрэгдсэн гэж Газын зурвасын эрүүл мэндийн ажилтнууд мэдэгдсэн байна.
Нэгдүгээр сард Хамас бүлэг, Израил хоёр гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Гэвч хоёр дахь шатны хэлэлцээ удаашралд орж, Израил мягмар гарагт /2025.03.18/ Газын зурваст томоохон агаарын цохилт өгсний улмаас 400 гаруй хүн амь үрэгдсэн гэж орон нутгийн албан тушаалтнууд мэдэгдсэн юм. Израилын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ Газын зурвасыг хоёр хуваадаг Нетзаримын коридорт тавьдаг хяналтыг нь нэмэгдүүлнэ гэжээ.
Хамас бүлэг Нетзаримын коридорт хуурай замын цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хоёр сар үргэлжилж буй гал зогсоох тохиролцоог зөрчиж буй шинэ бөгөөд аюултай явдал хэмээсэн байна. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурваст агаарын цохилт дахин өгч эхлэх шийдвэр гаргасан нь дотоодод эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн юм. Газын зурваст одоог хүртэл 59 Израил барьцааны хүн байгаа. Барьцааны хүмүүсийн гэр бүлүүд болон Нетаньяхуг шүүмжлэгчид түүнийг дайныг улс төрийн зорилгоор ашигласан гэж буруутгаж байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.