Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Европ АНУ-гүйгээр өөрийгөө хэрхэн хамгаалах вэ

Цагаан ордонд Доналд Трамп эргэн ирснээсээ хойш Москвад ээлтэй хандаж, Европын холбоотнуудтайгаа харилцаагаа хүндрүүлэх хэд хэдэн алхам хийсэн. Ерөнхийлөгч Трамп болон Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс хоёр НАТО-гийн гишүүн Европын орнуудыг аюулгүй байдлаа хангахын тулд АНУ дээр хэт их тулгуурладаг гэж үздэг.

Трамп өмнө нь ерөнхийлөгч байхдаа НАТО-гийн гишүүн орнууд ДНБ-ийнхээ хоёр хувийг батлан хамгаалахын салбартаа зарцуулахыг шаардаж байсан. Европ АНУ-ын армиар өөрсдийгөө хамгаалуулж, тулгуурладаг гэх үзлээ Ж.Д. Ванс саяхан дахин илэрхийлсэн юм. Трампын захиргааны дээд албан тушаалтнуудын байдаг нууц групп чатын мессежнүүд даваа гарагт /2025.03.24/ ил гарсан.

Тус групп чатад Ж.Д. Вансынх бололтой аккаунт “@PeteHegseth хэрэв та үүнийг хийх ёстой гэж бодож байвал хийцгээе. Би дахиад л Европыг аврахыг үзэж ядаж байна” гэсэн юм. Үүнд Хэгсет хариулахдаа “Дэд ерөнхийлөгч өө Европ бидэн дээр тулгуурлаж байгааг би ч үзэн ядаж байна” хэмээжээ. АНУ ийнхүү Европын аюулгүй байдлыг “хангахаас” залхаж байна.

АНУ Европын харилцаа өгөршиж буй энэ үед ОХУ-аас үзүүлж буй аюулгүй байдлын эрсдлээс Европ өөрсдийгөө хамгаалах шаардлагатай. Брюгелийн судалгааны төв болон Киелийн хүрээлэн хамтран хоёрдугаар сард гаргасан тайлан ОХУ европт шинэ түрэмгийлэл эхлүүлэх магадлалтай гэж дүгнэсэн. Гурваас арван жилийн дотор ОХУ довтлоход бэлэн болох магадлалтай гэх НАТО-гийн мэдээллийг тус тайлан дурдсан юм.

Европын боломж

Зургийн эх сурвалж: Euro News

Трампын захиргаа Европыг хөсөр хаяагүй ч батлан хамгаалахын тал дээр илүү анхаарч ажиллаж, өөрсдийгөө авч явахыг тэднээс шаардаад байгаа. Европ аюулгүй байдлаа сайжруулах боломжтой нэг арга нь цэрэг татлагыг дахин хэрэгжүүлж эхлэх. Нэгэн цагт цэрэг татлагыг Европын ихэнх орон явуулдаг байсан. Хүйтэн дайны явцад Европын орнууд цэрэг татлага явуулахаа нэг нэгээрээ зогсоож, сайн дурын илүү мэргэжлийн армитай байх сонголтыг хийсэн юм.

Хамгийн анх Их Британи 1960 онд цэрэг татлагыг зогсоосон. Үүнийг хэд хэдэн орон дагаж, 1990-ээд онд Франц, Нидерланд зэрэг орнууд мөн өөрчлөлт хийсэн байна. Финланд, Швейцар гэх мэт хэдэн орон л цэрэг татлагыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм. Украины дайн эхэлснээс хойш Европын зарим орон цэрэг татлага явуулах түр хугацааны системийг үүсгэсэн.

Брюгелийн тайланд тооцоолсноор бол хэрэв АНУ Европоос цэргээ татвал нэмэлтээр 50 бригад, 300 мянга орчим цэргийн алба хаагч шаардлагатай аж.Тайлангийн хамтран зохиолч Александр Бурилков “Euro News” агентлагт хэлэхдээ шинэ алба хаагчдын зарим хэсгийг цэрэг татлагаар төвлөрүүлж болно гэжээ. Европын цэргийн хүчинд нэгдсэн удирдлага байхгүй. Ийм учир боловсон хүчний тоог нэмэгдүүлэхийн тулд ийм систем нэвтрүүлэх нь маш чухал гэж тэр хэлсэн байна.

Латви Украины дайн эхэлсний дараа цэрэг татлагыг дахин явуулах шийдвэр гаргасан. Латвийн Ерөнхийлөгч Эдгарс Ринкевичс “Sky News”-д ярилцлага өгөхдөө Европын бусад орнууд ч гэсэн цэрэг татлагыг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гэсэн юм.

Брюгелийн тайлан дээр ОХУ Балтийн орнуудаар орж ирж болзошгүй гэж үзвэл Европын армид эхний гурван сардаа 1,400 танк, 2 мянган явган цэргийн байлдааны машин, 700 их буу, 155 мм-ийн нэг сая ширхэг их бууны сум хэрэгтэй гэж бичжээ. Франц, Герман, Итали, Их Британийн одоогийн хуурай замын цэргүүдээ нийлүүлээд ч ийм тоонд хүрэхгүй. Тус тайлан эхний ээлжид Европ батлан хамгаалахын салбарт зарцуулдаг жилийн төсвөө 250 тэрбум еврогоор нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзжээ.

Францын цөмийн зэвсгээр Европыг хамгаалах

Батлан хамгаалах, гадаад бодлогын сэтгүүлч Николас Грос-Верхейд “Euro News” агентлагт хэлэхдээ Европын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх өөр нэг арга нь Францын цөмийн зэвсгийн хамгаалалтыг тэлэх явдал гэжээ. Европын цорын ганц цөмийн зэвсэгтэй орон нь Франц. Тус улсаас бусад Европын орнуудын гол цөмийн хамгаалалтыг АНУ хангаж өгдөг. АНУ цөмийн зэвсгүүдээ Бельги, Герман, Итали, Нидерланд болон Турк дахь цэргийн баазуудад байрлуулсан байгаа.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын эхээр цөмийн зэвсгийн хамгаалалтаа холбоотнууддаа сунгах асуудлыг авч үзнэ хэмээсэн. Тэр Украин-Оросын дайнд АНУ бидний талд үлдэхгүй байхад Европ бэлэн байх хэрэгтэй гэсэн юм. Энэ санааг Германы шинэ Ерөнхий сайд Фридрих Мерз дэмжиж байгаа бололтой. Тэр Их Британи болон Францыг цөмийн хамгаалалтаа Германд сунгах талаар хэлэлцэхээ мэдэгдсэн.

Зургийн эх сурвалж: Britannica

Их Британийн цөмийн цэнэгт хошууг АНУ-д зохион бүтээсэн. Тус улсаас ялгаатай нь Франц цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ дотооддоо хийсэн юм. Ийм учир Франц цөмийн зэвсэг хэрэглэх номлолоо Их Британиас илүү эрх чөлөөтэйгөөр тодорхойлох боломжтой. Тэрхүү номлолд Францын амин чухал ашиг сонирхлыг хамгаалах зорилготой гэж бичсэн байдаг. Макрон энэхүү амин чухал сонирхол нь Европтой хамааралтай гэж нарийн ширийн зүйл хэлэлгүйгээр мэдэгдэж байсан юм.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Макроныг үг хэллэгээрээ Орост шууд заналхийлж байна хэмээсэн. Лавров “Тэр Европын орнууд болон Их Британийн зэвсэгт хүчний штабын дарга нарын уулзалтыг зарлаж, цөмийн зэвсэг хэрэглэх шаардлагатай гэж хэлж, Оросын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлтгэж байгаа нь мэдээжийн хэрэг заналхийлэл болно” гэжээ.

Батлан хамгаалахын салбараа хүчирхэгжүүлэх ажлыг эхлүүлсэн

Европын орнууд аюулгүй байдлаа хамгаалах алхмуудыг авч эхлээд байна. Тухайлбал энэ сарын эхээр Европын удирдагчид Брюссельд уулзаж батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэн, Украиныг үргэлжлүүлэн дэмжих тохиролцоонд хүрсэн юм.

Уулзалтад дэвшүүлсэн санаачилгын нэг нь Европын комисс 150 тэрбум евро хүртэлх гадаад зээл авч, Европын холбооны орнуудын зэвсэгт хүчинд нь нэмэлт төсөв болгон олгох төсөл байсан.

Европ батлан хамгаалахын салбараа хүчирхэгжүүлэх ажилд Герман томоохон үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн долоо хоногт Германы парламентын доод танхим батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж, дэд бүтэц босгох түүхэн хуулийн төслийг дэмжсэн. Дараагаар парламентын дээд танхим тус хуулийн авч үзэн санал хураахдаа мөн дэмжсэн юм.

Тэрхүү хуулийн төсөл үндсэн хуульд зааж өгсөн төсвийн дүрэм журамд өөрчлөлт оруулна. Германы үндсэн хуульд гадаад өрийн тоормос суулгаж өгсөн байдаг. Дээд танхим шинэ хуулийн төслийг дэмжсэн тул тэрхүү өрийн тоормосыг сулруулах замаар олон зуун тэрбум ам.долларын төсвийг босгож, батлан хамгаалах болон бусад салбарт ашиглах боломжтой.

Эх сурвалж: Euro News, Bruegel, Deutsche Welle

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button