БНХАУ-ын компаниуд ажлаасаа халагдсан АНУ-ын төрийн алба хаагчдыг хөлслөхөөр оролдож байна

БНХАУ-ын нууцлаг технологийн компаниудын сүлжээ ажлаасаа халагдсан АНУ-ын холбооны засгийн газрын ажилчдыг хөлслөхөөр оролдож байгаа талаар нэгэн судлаач мэдэгдсэн байна. Вашингтонд үйл ажиллагаа явуулдаг “Foundation for Defense of Democracies” судалгааны хүрээлэнгийн ахлах шинжээч Макс Лессер ажлын зар тавьж байгаа зарим компаниуд нь хуурамч фирмүүдийн өргөн сүлжээний нэг хэсэг байсан гэжээ.
“Reuters” агентлаг мэдээлснээр олон нийтийн сүлжээнд Лессерийн судалдсан зөвлөгөө өгөх болон ажилчин зуучлагч гэх компаниудын талаар мэдээлэл тийм ч их байхгүй аж. Тэдгээр компаниудын вэбсайт нь нэг сервер дээр байрлалтай эсвэл цахим холбоостой байжээ. Дөрвөн компанийн вэбсайт нь интернэт үйлчилгээний “Smiao Intelligence” компанитай ижил IP хаягтай байсан юм. “Reuters” агентлаг энэ талаар нийтлэлээ бэлтгэж байх үед “Smiao Intelligence” компанийн вэбсайт руу хандах боломжгүй болсон байна.
Лессерийн хэлж буйгаар тэдний ашиглаж буй тактик нь БНХАУ-ын тагнуулын газар ашигладаг аргатай ижил байгаа юм. Тэр “Энэ үйл ажиллагааг ач холбогдолтой болгож байгаа зүйл бол энэхүү сүлжээ нь саяхан томоохон цомхотголд өртсөн холбооны хуучин ажилчдын санхүүгийн эмзэг байдлыг ашиглахыг эрмэлзэж буй явдал юм” гэжээ.
“Foundation for Defense of Democracies”-ийн судалгааны талаар “Reuters” агентлаг гурван тагнуулын шинжээчээс асуухад энэхүү сүлжээ нь гаднын орнуудтай холбоотой этгээдүүд Трампын захиргаа халсан эсвэл тэтгэвэрт нь гаргасан ажилтнуудаас мэдээлэл олж авах гэсэн томоохон жишээ бололтой хэмээсэн юм.
Сүлжээ дэх этгээдүүд холбооны засгийн газарт ажилладаг байсан хүмүүсийг ажилд авч чадвал тэднээс бага багаар нууцлалтай мэдээлэл асуух боломжтой гэж шинжээчид хэлжээ. Эсвэл өөр ажилд орохыг хүсэж буй хүн байгаа эсэхийг асууж болно гэж тэд нэмж хэлсэн аж. Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам эдгээр байгууллагуудын талаар мэдээлэлгүй, Бээжин нь мэдээлэл нууцлал, аюулгүй байдлыг хүндэтгэдэг гэсэн байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ БНХАУ нь АНУ-ын чөлөөт, нээлттэй тогтолцоог тагнуул болон албадлагын аргаар урвуулан ашиглахыг оролдож байгаа гэжээ. Тэр “Төрд ажиллаж байгаа болон ажиллаж байсан алба хаагчид гаднын засгийн газруудын үзүүлж буй аюулыг анхаарч, улсынхаа засгийн газрын мэдээллийг хамгаалах ямар чухал вэ гэдгийг ойлгох ёстой” хэмээсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.