Америк сурагчдын математикийн болон унших чадвар огцом буурч байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Боловсролын яамыг татан буулган, боловсролын тухай бодлогыг мужуудад олгоно хэмээсэн. Тэр энэхүү амлалтынхаа дагуу өнгөрсөн долоо хоногт Боловсролын яамыг татан буулгах анхны алхам бүхий гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан юм.
Трамп Боловсролын яамыг татан буулгана гэж байгаа нь оргүй биш. Тэр АНУ нь ямар ч улсаас илүү мөнгийг нэгж сурагчийн боловсролд зарцуулдаг ч гэсэн бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад боловсролын түвшнээр сүүл мушгидаг гэж Боловсролын яамыг шүүмжилж байсан билээ.
Америк сурагчдын байгалийн ухаан, математик болон унших чадварын сүүлийн үеийн үнэлгээг харвал 45 жилийн турш үйл ажиллагаа явуулсан Боловсролын яамны байгаа байдал нь харагдана.
Олон улсын математик, шинжлэх ухааны чиг хандлагын судалгаа буюу “TIMSS” нь 63 орны дөрөвдүгээр ангийн сурагчид, 45 боловсролын тогтолцооны наймдугаар ангийн сурагчдын математик, байгалийн ухааны боловсролын чанарыг дөрвөн жил тутам тайлагнадаг. “TIMSS” мөн хөтөлбөрийн агуулга, сургуулийн технологийн хэрэглээ, багшийн бэлтгэл, сургуулийн орчны бусад хүчин зүйлсийн талаарх мэдээллийг цуглуулдаг.
2023 оны судалгаа буюу цар тахлын дараах анхны үнэлгээ дэлхий даяар ялгаатай үр дүн үзүүлсэн байдаг. Зарим улс орон сурагчдын амжилтаа хадгалж эсвэл ахиц гаргасан бол нөгөө хэсгийн боловсролын чанар нь уналт үзүүлсний нэг нь АНУ юм. Америк сурагчид “TIMS”S-ийн олон улсын дунджаас өндөр оноо авсан ч дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй улс орнууд болох Япон, Сингапур, Өмнөд Солонгосын сурагчдаас доогуур үнэлгээтэй байна.
Түүнчлэн өмнө нь АНУ-аас доогуур үнэлгээтэй байсан Польш, Швед, Австрали зэрэг улс орнууд зарим хичээлээр АНУ-ын дээгүүр жагсаж эхэлжээ. Математикийн хувьд, 2019 оноос хойш Америкийн дөрөвдүгээр ангийн сурагчдын үнэлгээ 18 оноо, наймдугаар ангийн сурагчдын үнэлгээ 27 оноогоор буурав. Энэ нь 1995 онд АНУ TIMSS-д оролцож эхэлснээс хойших хамгийн том уналт байсан юм.
Байгалийн ухааны хичээлийн оноо 2023 онд 2019 оныхоос статистикийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй, харин дөрөвдүгээр ангийн сурагчдын оноо анхны “TIMSS үнэлгээ хийгдэх үеийнхээс бага байжээ. Аль аль хичээл дээр өндөр оноо авсан болон доогуур оноо авсан сурагчдын хоорондын зөрүү улам өргөжсөн үзүүлэлт мөн ажиглагдсан юм. АНУ-ын Үндэсний боловсролын статистикийн төвийн захирал Пэгги Карр "Эдгээр нь үнэхээр огцом уналт юм" гэж “TIMSS”-ийн тайлан 2024 оны сүүлээр гарах үед хэлж байв.
АНУ-ын Боловсролын яамны Үндэсний боловсролын үнэлгээний судалгааны өнгөрсөн жил гаргасан тайланд дөрөвдүгээр ангийн сурагчдын ердөө 32 хувь нь зохих түвшний эсвэл ахисан түвшинд унших чадвартай байжээ. Нас ахих тусам энэ үзүүлэлт дордож наймдугаар ангийн сурагчдын хувьд энэ үзүүлэлт 29 хувь болсон юм.
Үндсэндээ, АНУ-д улсын сургуулиудад суралцаж буй хүүхдүүдийн ихэнх нь унших чадварын зохих түвшинд хүрээгүй байгаа юм. Мөн АНУ-ын насанд хүрэгчдийн 18 хувь нь уншиж чаддаггүй, 52 хувь нь нийгэмд амьдрахад шаардлагатай суурь унших чадварт хүрээгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон билээ.
Эх сурвалж: Education Week, The Michigan Daily
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайд ямар байгаа т�##�аар мэдээлэл бн уу
Их жаргахаар тэгдэг юм