УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эсрэгцэл: "Төгрөг нуурын орд"-ын талаар Х.Баттулга, Д.Болорсүрэн нар юу ярив

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Н.Учрал "Ерөнхийлөгч асан, одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулга та "Төгрөг нуурын орд"-ыг зарсан чинь үнэн. Энэ асуудлаа шийдэх хоног өгье" хэмээсэн. Гэтэл товлогдсон долоо хоногийн хугацаа дуусахаас нэг өдрийн өмнө буюу өчигдөр /2025-04-08/-нд "Төгрөг нуурын орд"-ын 20 хувийн эзэмшигч байсан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн өөрт байгаа баримтаа АТГ-т өгч, өөрийгөө хамгаалалтад авахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ асуудалд нэр холбогдоод буй Х.Баттулга ч өөрийгөө тухайн ордыг эзэмшдэггүй, минийх бол Баялагийн сандаа 100 хувь өгье гэж "Өрөг" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа дурдлаа.

Иймд "Төгрөг нуурын орд"-той холбоотойгоор мэдээлэл өгсөн Д.Болорсүрэн, тус ордыг зарсан гэж нэр дурдагдаад буй Х.Баттулгын байр суурийг хүргэж байна.


-Х.Баттулга: Төгрөг нуурын ордыг минийх гэх гүтгэлэг маш тодорхой. Стратегийн ордуудын 34-50 хувийг Баялагийн санд төвлөрүүлье гэсэн учраас л Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг миний эсрэг ашигласан-

Зургийн эвлүүлэг ашиглав

" Сая хоёрдугаар сарын 01-нээс эхлээд дөрөв, таван гишүүний хамтаар Улс эх орноороо тойрлоо. Зорилго нь юу байсан бэ гэвэл, 50 гаруй стратегийн ордыг Баялагийн сандаа өгье гэсэн. Үүнд тэр Төгрөг нуурын орд ч багтаж байгаа. Тэгээд яваад иртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал намайг "Төгрөг нуурын ордоо өг" гэж гүтгэлээ. Хэрэв минийх юм бол 100 хувь өгье, бусад нь ч 100 хувь өгчих гэж би уриалмаар байна. Судалгаагаар 40 гаруй гишүүн уул уурхайн лиценз эзэмшдэг гэж байна лээ. Бүгдээрээ л өгье л дөө.

Бас нэг аймар гүтгэлэг нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн "Тавантолгой ордыг өгчих гэж Х.Баттулга над дээр орж ирсэн" гэж хэлсэн. Үүнд миний ээж хүртэл үнэмшчихсэн байсан.

Төгрөг нуурын ордыг минийх гэх гүтгэлэг маш тодорхой. Стратегийн ордуудын 34-50 хувийг Баялагийн санд төвлөрүүлье гэсэн учраас л Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг миний эсрэг ашигласан гэж л би дүгнэж байна. Угтаа Засгийн газар Баялагийн сангаа арвижуулах гээд байгаа биз дээ. Би тэр талыг нь дэмжээд байх шиг байна лээ шүү дээ. Хэрвээ намайг тэр ордоо хүлээлгэж өг гэж байгаа юм бол, минийх гэж нотло. Тэгвэл 100 хувь өгье л дөө.

1992 оны Үндсэн хуульд газрын доорх баялаг ард түмний өмч гэсэн байдаг. Харин 2007 онд 55 орчим ордуудыг стратегийн орд гээд УИХ-аар хуульчилсан. Дараа нь 2024 оны дөрөвдүгээр сард Баялагийн сан гэх хуулийг баталсан. Иж бүрдэлтэй болчхож байгаа юм. Би Ерөнхийлөгч байхдаа энэ Баялагийн сангийн асуудлын араас олонтоо явсан. Норвег, Сингапурт очоод уулзалт хийгээд явж л байсан. Энэ иж бүрдэл байхгүй бол стратегийн ордоо яаж бид ард түмэндээ өгөх вэ гэх асуудал мухардаад байсан юм л даа. Энэ талаар тайлбарлаж хориод аймгаар явлаа л даа, иргэд мэдэхгүй байна. Би Ураны талаарх мэдлэггүй болохоор Н.Учралтай энэ асуудал дээр маргалдсан зүйл байхгүй" хэмээсэн юм.


-Д.Болорсүрэн: Төгрөг нуурын ордыг гаднын иргэнд зарахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авсан. Айж байна. Тиймээс намайг хамгаалалтад аваач гэж АТГ-д хүсэж байна -

Харин “Төгрөг нуурын энержи” ХХК-ийг 2005 онд үүсгэн байгуулсан Р.Дүгэржав агсны охин өөрт байгаа баримтаа АТГ-т өгч, өөрийгөө хамгаалалтад авахыг хүссэн.

Түүний аав Р.Дүгэржав агсан Төгрөг нуурын ордыг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулж байсан ч амжилтад хүрээгүй байна. Мөн тус ордын 20 хувийг эзэмшиж байсан ч Хонгконгийн хөрөнгийн бирж дээр зарахдаа тэднээс зөвшөөрөл аваагүй бөгөөд ямар ч мөнгө авч чадаагүй байна. Тиймээс гурван шатны шүүхэд хандсан ч үр дүнд хүрээгүй гэдгийг онцоллоо.

“Манай аав гурван жилийн өмнө нас барсан. Манай аавыг 1.3 сая ам.доллароор энэ уурхайг зараад идчихсэн, луйварчин гэж бичиж байна. “Төгрөг нуурын энержи” ХХК-ийг манай аав 2005 онд байгуулж байсан. Манай аав шинжлэх ухааны доктор, профессор, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан эрдэмтэн хүн. Антарктид тив рүү 7 удаа явж, тэнд газар авч байсан. Манай аав эрүүл чийрэг хүн байсан. Бурхан болоод гурван жил болж байна. Охины хувьд хардаж байна. Би хардах эрхтэй.Манай аав 2005 онд Төгрөг нуурын орд дээр хэсэг нөхдийн хамт утаагүй түлшний үйлдвэр байгуулаад 2008 онд Ноён Бики гэсэн утаагүй түлшний үйлдвэрийг нээж байсан. Манай аав энэ ордын 20 хувийг эзэмшээд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2009 онд Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 250 сая ам.доллароор зарсан. Ингэхдээ 20 хувийг бидний зөвшөөрөлгүй авч, зарсан. 20 хувь дээрээ бидний мөнгийг өг гээд гурван шатны шүүхээр яваад үр дүнд хүрээгүй. 16, 17 жилийн дараа УИХ дээр Төгрөг нуурын ордын асуудлыг гаргаж яриад, улстөржүүлээд байгаад эмзэглэж байна. Иргэн хүнийхээ хувьд өөрт байгаа материалуудаа АТГ-т өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Би бол АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Тухайн үеийн манай хөрөнгө оруулагч Камикс компанийн захирал Деннис Лим 20 хувийг эзэмшиж байсан. Одоо бурхан болсон. ТУЗ-ийн дарга нь ч бурхан болсон

Долоон удаа антарктид явсан, Увсын Тэсийн маш эрүүл чийрэг биетэй аав маань бурхан болсныг охиных нь хувьд би хүлээн зөвшөөрдөггүй.Маш олон хүн залгаж байна. Аав маань бурхан болсон ч бид амьдармаар байна. Айж байна. Тиймээс намайг хамгаалалтад аваач гэж АТГ-д хүсэж байна” гэсэн юм.


Ямартай ч 3 тонн хүрэн нүүрсний буюу эрчим хүчний нөөцтэй, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн "Төгрөг нуурын орд"-ын асуудал цааш хөврөх нь тодорхой болов. Иймд гадаадад худалдагдсан эл ордоо төр хэрхэн эзэмшилдээ авах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын Х.Баттулгад өгсөн "Төгрөг нуурын бүлэг орд"ыг 250 сая ам.доллароор "зарсан" асуудлаа шийдэх долоо хоногийн хугацаа дуусахад ямар үйл явц өрнөх нь анхаарал татсан хэвээр байна.

Тус агуулгатай холбоотой бидний бэлтгэсэн мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button