Завхан аймагт "Хөл дээр гишгэлээ" гэх шалтгааны улмаас маргаж нэгийгээ хөнөөсөн хэрэг гарчээ

Завхан аймагт 52 настай эрэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найзтайгаа зодолдож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Бид эл төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэрэг гарсан процессоос шүүхийн шийдвэр хүртэлх үйл явцыг тоймлон хүргэж байна.
Тодруулбал, эл хэрэг өнгөрөгч зургаан сарын 26-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэрт болсон аж.
Шүүх шинжилгээний газраас "хохирогчийн толгой болон нүүр хэсэгт цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, Зүүн чамархайн дээд хэсгийн зөөлөн бүрхүүлийн доорх эдийн няцрал цус хуралт, Зүүн чамархайн дээд хэсэгт хуйхан доорх цус хуралт гэмтлүүд болж нас барсан" гэх дүгнэлтийг гаргажээ.
Зодуулж амиа алдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу эхнэр "Талийгаач нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл уучихсан бололтой байсан. Надтай утсаар ярихдаа хаана ямар хүмүүстэй байгаа талаараа хэлээгүй, би ч түүнээс асуугаагүй. Утсаар ярьж байхад нь цаана нь хүмүүс шуугьж дуугарч мэдэгдэхгүй байсан. Би талийгаачийн амь насыг бусдын гарт алдсандаа маш их харамсаж байна. Миний зүгээс маш их гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардал, хүүхдийн тэтгэлэг, сэтгэцэд учирсан хор уршгийг гэм буруутай этгээдээс гаргуулж авна" хэмээн шүүхэд мэдүүлжээ.
Улмаар тус хэрэг болсон газар дээр байсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, хэрэг үйлдсэн этгээдийн мэдүүлэг зэргээр Эрүүгийн хуулийн 10.1.1 дүгээр заалт буюу Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон аж.
Иймд шүүхээс 52 настай Э-д найман жилийн хорих ял оноов. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар оршуулахтай холбогдон гарсан зардалд 2,262,895 төгрөгийг, сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр 99,000,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох шийдвэрийг гаргасан байна.
Холбогдсон хэргийн хуулийн заалт : Эрүүгийн хуулийн 10.1.1 дүгээр зүйл.
- Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
60 terbumiin Har Ganbaagiin nutag neg iimerhvv