СПОРТ

Сэтгэлийн зул: Дугуйн алдарт дасгалжуулагч Н.Нармандах өөд болов

Оны өмнө Н.Нармандах дасгалжуулагчтай уулзахад “Монголын дугуйн холбооны 60 жилийн ойд зориулсан ном бичин, ойн арга хэмжээний бэлтгэл ажил гээд тун ч завгүй сууна, ах нь. Одоо жаахан ядрах гээд байдаг болчихож, нас дарж байгаа бололтой” гээд инээмсэглэж суусан юм сан. Хүнд өвчинтэйгээ тэмцэн, 72 насандаа юу ч болоогүй юм шиг гүрийж суусныг нь би сайн мэднэ. Холбооныхоо 60 жилийн ойг угтлаа, шавь нарынхаа гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэлээ, одоо санаа зовох зүйлгүй боллоо гэсэн шиг ийм эрт бурхны орныг зорино чинээ даан ч санасангүй. Монголын дугуйн спортын хоёр тод од  (нөгөө нь Н.Нармандах багшийн шавь, Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших) жил дараалан өөд болсон нь дэндүү харамсалтай.

Манай улсад дугуйн спортыг хөгжүүлэх, залгамж халаагаа бэлтгэхийн төлөө хамгийн олон жил ажилласан дасгалжуулагч хэн бэ гэж спортын хорхойтнуудаас асуувал бүгд түүнийг онцлох нь тодорхой. Дугуйн спортын өнгийг тодорхойлж, монгол түмний бахархал болсон олон шавьтай эрхэм бол яах аргагүй Н.Нармандах.

ДАШТ-ээс медаль хүртсэн, Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан Монголын анхны дугуйчин Ж.Өлзий-Орших, түүний дүү Өлзийсолонго, Өлзийбаатар, саяхан БНХАУ-д болсон олон өдрийн уралдаанд түрүүлсэн Б.Мягмарсүрэн, ОУХМ Э.Болор-Эрдэнэ, Ц.Солонго, триатлоны улсын анхны аварга Т.Очирбаатар, Монголын дугуйн холбооны генсек З.Наран тэргүүтэй олон шилдэг түүний шавь. Шавь нараа хамгийн өндөр амжилтад хүргэсэн, хамгийн өндөр оргилд мөрийг нь гаргасан дугуйн дасгалжуулагч тэр мөнөөс мөн.

Н.Нармандахыг дугуйн спортгүйгээр, дугуйн спортыг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголын дугуйн спортод оруулсан түүний хувь нэмэр, гаргасан амжилт их жин дарна. Үүний сацуу Н.Нармандахын шавийн шавь нарын талаар бичвэл цаг, цаас нэлээд орох нь гарцаагүй.

Ерөөс түүний шавь нараас салаалан, эл спортын А үсгээ заалгасан тамирчдын цөөнгүй нь Монголын дугуйн спортын өнөөгийн өнгийг тодорхойлж тэр ч бүү хэл мэргэжлийн дэвжээнд цойлж явна. Үүнийг Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй дугуйчин Б.Марал-Эрдэнэ, Монголын дугуйн спортоос мэндэлсэн дэлхийн анхны аварга Б.Тэгшбаяр нарын амжилтаас бэлхнээ харж болно. Тэд Н.Нармандахын шавь Ж.Өлзий-Орших гавьяат, С.Төмөрхуяг нарын шавь гэдгийг спортын хүрээнийхэн сайн мэднэ.

Улаанбаатар хотод бүр тодруулбал, Сэлбийн голын зүүн эрэгт, одоогийн Монгол Улсын Консерваторийн орчимд дэрвэж өссөн хүү наймдугаар ангид сурч байхдаа “Залгамж” сэтгүүлийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. Улмаар хоёр жилийн дараа “Алдар” спорт хорооны Я.Баатар багшийн шавь болсноор дугуйн спорттой амьдралаа холбосон юм. Н.Нармандах багийн УАШТ-ээс мөнгө, хүрэл, 1974 онд Монголд болсон олон өдрийн уралдаанд хоёр гараанд нь гуравдугаар байр эзэлсэн даруухан амжилттай.

Тэрбээр дасгалжуулагч болж, шавь бэлтгэн, өөрийнхөө дутууг гүйцээхийн төлөө өнөөгийн МУБИС-ийн биеийн тамирын багшийн ангийг 1974 онд төгсжээ. Тухайн үед түүнийг Дорнод аймаг руу томилсон нь ажлынх нь анхны гараа байв.

Түүний дасгалжуулагчийн замнал “Хөдөлмөр” нийгэмлэгтэй салшгүй холбоотой. Тэрбээр тус нийгэмлэгээс дасгалжуулагчийн гараагаа эхэлсэн юм. 1983 оны өсвөр үеийн УАШТ-ээс Л.Баттулга хүрэл медаль хүртсэн нь түүний шавь нарын анхны амжилт. Түүнээс хойш Н.Нармандах дугуйн спортын аль ч төрөлд ганзага хоосон үлдэж байгаагүй. УАШТ-ий бүх насны ангилалд багийн дүнгээр 36 удаа түрүүлсэн давтахад бэрх амжилт. Үүний сацуу дугуйн спортын А үсгийг зааж, 17 жил дасгалжуулсан шавь Ж.Өлзий-Орших нь ДАШТ-ээс медаль авсан, Гавьяат цол хүртсэн улсынхаа анхны дугуйчин болж, монгол түмнээ баярлуулсан билээ. Насанд хүрэгчдийн ДАШТ-ий медальт шавьтай дасгалжуулагч Монголд түүнээс өөр үгүй.

Манай улсад дугуйн дасгалжуулагчаар хамгийн олон жил уйгагүй ажиллан, хөдөлмөрлөж буй эрхэм бол тэр мөнөөс мөн. Дасгалжуулагчаар завсаргүй 41 жил ажиллана гэдэг урт хугацаа. Монголын дугуйн холбооны шилдэг дасгалжуулагчаар таван удаа тодорч, дэлхийн медальтнаас авхуулаад олон шилдэг шавь бэлтгэсэн Н.Нармандах багш УАШТ-ээс медаль хүртсэн, тодорхой амжилт гаргасан төдийгүй хоёроос дээш жил хичээллэсэн 800 гаруй шавьтай. Тэднээс нэг гавьяат, олон улсын хэмжээний мастер цолтон ёс, 33 мастер, 33 дэд мастер төрсөн юм.

Монголд дугуйн спортын клуб байгуулсан анхны эрхэм бол Н.Нармандах багш. Монголын дугуйн спортод анхны жимийг нь гаргасан, томоохон гавьяануудын нэг нь энэ. Зах зээлийн ороо бусгаа үед цөөнгүй тамирчин, дасгалжуулагч спортоо орхин, өөр салбарт хөл тавьсан. Тийм хүнд үед Н.Нармандах дасгалжуулагч дугуйгаа орхих бус харин ч эсрэгээрээ “Залуус” нэртэй клубээ 1991 онд байгуулан, анхдагч болсон түүхтэй. Мөн дараа нь “Монгол росцветмет” нэгдлийг түшиглэн хоёр жил тамирчдаа уралдуулсныхаа дараа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн дэмжлэгээр, тэднийг түшиглэн “Алтан Дорнод Монголын залуус” клубийг дахин байгуулжээ. “Хөдөлмөр” нийгэмлэгээс 2008 онд гарсныхаа дараа төрсөн дүүгийнхээ хүүгийн дэмжлэгээр “Дархан элит” клубийг найман жилийн өмнө байгуулж, тамирчдаа бэлтгэсэн юм.

Дасгалжуулагч бүр өөр өөрийн гэсэн замнал, содон амжилттай. Н.Нармандах багшийн тухайд дурьдахгүй өнгөрч боломгүй цөөнгүй содон амжилт бий. Тэдгээрийн нэг нь 1991 оны цанын насанд хүрэгчдийн УАШТ. Тэрбээр тус тэмцээнд дугуйн шавь нараа ганцхан сар сойгоод оролцохдоо багаараа түрүүлж, шуугиулсан юм. Тэгэхэд зургаан шавь нь медаль хүртэн, хоёр нь дэд мастер цолны болзол хангажээ. Шавь нараа тэс өөр төрлийн УАШТ-д өрсөлдүүлээд түүгээр ч үл барам багаараа тэргүүлнэ гэдэг яах аргагүй “Үнэн үү” гэж асуумаар амжилт.

Н.Нармандах дасгалжуулагч дугуйн шавь нараа өөр спортын төрлөөр цөөнгүй удаа цойлуулсны нэг нь энэ. Нөгөө нь 1987 оны Бүх ард түмний спартакиад. Тэр жил “Хөдөлмөр” нийгэмлэгийн шавь нараа тэшүүрийн төрөлд сойгоод багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ. Мөн 1986, 1987 оны өсвөр үеийн УАШТ-д хоёр, гуравдугаар байр эзэлсэн нь яах аргагүй содон амжилт.

Дэлхийн медальтан төрүүлсэн, хоёроос олон жил хичээллэсэн 800 гаруй шавьтай, дасгалжуулагчаар завсаргүй 41 жил ажилласан Н.Нармандахыг спортын хүрээнийхэн “Ард түмний гавьяат” хэмээн хүндэлдэг. Тэглээ гээд тэрбээр хөдөлмөрийг минь үнэлсэнгүй гэж улсдаа гомдоогүй. Монголд дугуйн спортыг улам хөгжүүлэх, олон шилдэг шавь бэлтгэхийн төлөө хувийн амьдралаа хойш нь тавин байж насан эцэслэтлээ зүтгэлээ. Монголын дугуйн спортод түүний орон зай үгүйлэгдэх нь гарцаагүй. Магад хэн ч нөхөж чадахгүй байж ч мэднэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ум маани бадми хум. Багш минь

Холбоотой мэдээ

Back to top button