НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн 5 дүүрэг эзэнгүй нохой муурын устгалд 1.7 тэрбумыг зарцуулна

Нийслэлийн таван дүүргийн худалдан авах ажиллагааны газраас нийт 1.7 тэрбум төгрөгөөр эзэнгүй нохой муурын устгал хийлгэх тухай тендерийг зарласан байна.

Тухайлбал,

СХД-ээс 642 сая төгрөгийн төсөвтэй Золбин муур, нохойны тоо толгойг бууруулах тендер энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр зарласан. Материалыг энэ сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авна.

Ингэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нэг, Гэрээ хариуцах мэргэжилтэн нэг, Жолооч хоёр, Буу эзэмших зөвшөөрөлтэй анчин хоёр байна хэмээн заасан байна. Харин үйлчилгээ үзүүлэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хувьд

  • Нохой муур тээвэрлэх битүү бүхээгтэй ачааны автомашин хоёр
  • Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй буу хоёр
  • Нохой, муур барих тор дөрөв
  • Нохой, муур барих уурга дөрөв байна хэмээн тусгасан байна.

Тус ажлын хүрээнд эзэнгүй 26,766 муур, нохой устгана хэмээсэн байна. Тооцоолон үзвэл нэг нохой, муурыг устгахад 24,000 төгрөг зарцуулна гэсэн үг.

Харин Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 450 сая төгрөгөөр эзэнгүй нохой, муурын тоо толгой бууруулах ажил хийлгэнэ.

Эл ажил хоёр багц хэсгээс бөгөөд галт зэвсэг ашиглан тоо толгойг бууруулна хэмээн тусгажээ. Ингэхдээ устгасан нохой, муурын сэг зэмийг битүү бүхээгтэй автомашинаар тээвэрлэн Цагаан давааны хогийн цэгт хүргэж фото болон видео хэлбэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ. Уг тендерийн ажлын даалгаварт хэчнээн муур нохой устгах нь тодорхой заагдаагүй байна. Уг тендерийн материал хүлээн авах хугацаа тавдугаар сарын 07-ны өдөр дуусна.

Баянгол дүүргээс 245 сая төгрөгийн өртөгтэй эзэнгүй нохой муур устгалын ажлын тендерийг зарласан байна.

Үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн хувьд, анчин гурав, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан нэг, туслах ажилтан гурав, жолооч гурав байна хэмээн тусгажээ.

Техникийн хувьд Нохой, муур тээвэрлэх битүү бүхээгтэй ачааны автомашин тав, Нохой, муурын сэг зэм тээвэрлэх ачааны автомашин /битүү бүхээгтэй/ гурав, Нохой, муур барих тор 10, Нохой, муур барих уурга тав, Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй зөвшөөрөл бүхий галт зэвсэг /буу/ таван ширхэг байна гэж заасан байна.

Хийгдэх ажил нь

  • Нохой, муурыг битүү тасалгаа бүхий ачааны авто машинаар тээвэрлэх
  • Золбин нохой, муурыг устгах
  • Ариутгаж, булшлах ажлыг хийж гүйцэтгэнэ хэмээжээ.

Тоо толгойн хувьд 10,208 эзэнгүй нохой муурыг дээрх өртгөөр устгах юм байна. Тооцоолон үзвэл нэг муур, нохойг устгахад 23,900 төгрөг зарцуулах аж. Тус тендерийг энэ оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 24-ний өдөр хүртэл хүлээн авах юм байна.

Чингэлтэй дүүргийн худалдан авах ажиллагааны газраас эзэнгүй, золбин нохой муур устгалын ажилд 220 сая төгрөг төсөвлөжээ.

Ингэхдээ тендерт тусгагдсан өртгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас энэ ондоо санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ эзэнгүй нохой, муурыг зориулалтын өгөөш, уурга, тор ашиглан хүнлэг байдлаар барина. Гарцаагүй нөхцөл үүссэн үед механик болон бусад аргаар тоог бууруулна хэмээн тусгажээ. Тендерийн материал хүлээн авах хугацаа ирэх сарын 16-ны өдөр дуусна.

Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 143.6 сая төгрөгөөр эзэнгүй нохой, муурын тоог бууруулах тендер зарлав. Эл тендерт тусгагдсан өртгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас энэ ондоо санхүүжүүлнэ хэмээн тусгасан байна.

Дээрх өртгөөр эзэнгүй 5,984 нохой муур устгуулна хэмээжээ. Тооцоолон үзвэл нэг нохой, муур устгахад 24 мянган төгрөг зарцуулна гэсэн үг. Уг тендерийн материал хүлээн авах хугацаа 11 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 17-нд дууссан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
4 сар 28, 2025 08:23

яаая Нохой муур устг�##�д л гэхэд 1,7н төг зарцуулна, Төр засаг Татвар төлөгчидын мөнгөөр туйлах шиг л болохийн,

Холбоотой мэдээ

Back to top button