УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Амарбаясгалан: "Бүрэн скор", "Сайн скор" иргэдээс жилд ₮20 тэрбумыг авч байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдийн зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгөөр хүргэдэг "Бүрэн скор", "Сайн скор" компаниудын иргэдээс авч буй төлбөрийн асуудлыг хөндлөө.

Видеог үзэх:

Тэрбээр, "Э.Батшугар гишүүн ээ, нэг асуудал байна. Зээлдүүлж байгаа банк, зээлдэж байгаа ААН хоёр зээлийн мэдээлэл авсны төлбөрийг яагаад хувааж төлөхгүй байгаа юм бэ. Яагаад ганцхан зээлдэгч төлдөг болчихов оо. Энэ хоёр яагаад ижил ачаа үүрэхгүй байгаа юм" гэж асуув.

УИХ-ын гишүүн Э.Батшугар "Д.Амарбаясгалан дарга чухал асуудал хөндлөө. Харилцагч, банк хоёр тэгш харилцаатай байх ёстой. Аль нэгэнд нь давуу тал гаргаж болохгүй. 3000 төгрөгийн суурь үнэ бий. 1,6 сая иргэнийг 3000 төгрөгөөр үржүүлэхээр бараг 10 тэрбумын зах зээл үүсчхээд байна. Үүнтэй холбоотойгоор хуульд нэмэлт заалт орсон. Монголбанк үйлчилгээний хөлсийг тогтооно гээд. Картын үйлчилгээний гүйлгээтэй холбоотой. Дээд хэмжээг тогтоох нь чухал. Учир нь маргааш 30 мянга болохыг таашгүй. Хоёрхон компани байгаа учир хоорондоо үнээ тохироод олигопол болчих боломжтой" гэлээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Сонин л болчихсон юм байна лээ шүү дээ. Хуучин Монголбанк зээлийн мэдээллийг хариуцдаг байхад жилд зургаа орчим тэрбум төгрөгний төсөв гаргадаг байсан. Одоо хувийн хоёр компани үйл ажиллагаа явуулаад эхэлсэн чинь иргэдээс авч буй жилийн төлбөр нь 20 тэрбум хүрчихсэн байна гэж байна лээ шүү дээ. Иргэдэд дарамт өгөөд байгаа байхгүй юу. Иргэд, ААН-ээс авдаг мөнгөө л нэмээд байна. Тэгсэн мөртлөө нөгөө талд арилжааны банкууд, ББСБ-ууд зээл өгч байгаа нэртэй баахан л бизнес хийж байгаа шүү дээ. Шударга ёсны асуудал энэ мэт зүйлээс эхэлж байгаа. Монголбанк хэрэглэгчийн эрхийг хамгаалахад ямар бодлого барьж, юу хийдэг вэ. Санхүүгийн зах зээл дээрээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэг нь ганцхан УИХ-д байх юм уу. Эсвэл Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дунд зээлдэгчийн эрхийг хамгаалах байгууллагатай болох ёстой юм уу. Г.Энхтайван Дэд Ерөнхийлөгч үүнд нэг хариулт өгөөч" хэмээлээ.

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван "Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлж байгаа хоёр аж ахуй нэгж хэрэглэгчээс хураамж авдаг. Хураамжийн үнээ тогтоогоод үндэслэлээ Монголбанканд ирүүлдэг. Өнгөрсөн жилийн байдлаар хоёр компани 17 орчим тэрбум төгрөгийн борлуулалтыг нийлээд хийсэн байсан. Харьцуулбал өмнөх жилүүдийнхээс харьцангуй өссөн тоо. Зээлдэгчийн төлж буй хураамжийг зээлдүүлэгч буюу банк, ББСБ хувааж төлөх бүрэн боломжтой" гэж хариулав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
5 сар 9, 2025 11:35

Ynen shyy

Холбоотой мэдээ

Back to top button