Монгол Улстай хил залгаа Буриадын бүс нутагт 174 ой хээрийн түймэр бүртгэгдэж, одоо ч унтраагүй байна

ОХУ-ын зүүн Сибирийн бүс нутагт 6000 мянган га ойг хамарсан түймэр асаж байгаа талаар орон нутгийн эрх баригчид анхааруулсан байна. Зүүн Сибирийн хязгаарт 4-р сарын сүүлээс хойш онц байдал зарлагдаад байгаа талаар ОХУ-ын төрийн мэдээллийн Тасс агентлаг мэдээлжээ.
Монгол Улстай хил залгаа энэ бүс нутагт ой хээрийн түймрийг дарахаар бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа бөгөөд ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр лхагва гарагт 49 түймэр үргэлжилж, 629 мянган га-г давсан байна.
ОХУ-ын Ойн аж ахуйн холбооноос мягмар гарагт 1.4 сая га газар ой хээрийн түймэрт өртсөн талаар мэдээлсэн бөгөөд түймэр өргөн хүрээг хамран тархсаар байгаа аж. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад түймэртэй холбогдуулан онц байдал зарлаж, ой хээрийн бүсэд нэвтрэхийг бүрэн хоригложээ. Монгол Улстай хил залгаа энэ бүс нутагт 3-р сарын дунд үеэс хойш 174 ой хээрийн түймэр бүртгэгдсэн бөгөөд 90 орчим хувийг нь хүний болгоомжгүй үйлдлээс болж гарсан талаар албаныхан мэдээлсэн юм.
Одоогийн байдлаар түймрийн голомтод 530 гаруй гал сөнөөгч ажиллаж, Буриадын нутаг дэвсгэрт 22 идэвхтэй түймэр ассан хэвээр байна.
Эх сурвалж: CNN
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.