Top StoriesНИЙГЭМ

Шинэхэн номоо уншигчдынхаа алган дээр тавиад буй Монгол зохиолчид

Уншигч, зохиолч хоёрын уулзах боломж тэр бүр тохиодоггүй. Жилдээ хоёрхон удаа буюу намар, хаврын Номын баяраар л нүүр хагаран уулзаж, зохиол, бүтээлийнхээ талаар хуучилдаг билээ.

Энэ хаврын номын баяр энэ сарын 16-18-ны өдрүүдэд тохиож байна. Бид саяхан шинэ номоо хэвлэлтээс авч, уншигчдадаа бэлэг барьж буй Монгол зохиолчидтой уулзуулж байна.

Тун удахгүй Колумбийн их сургуулийн зохиолчийн хөтөлбөрт магистрын зэрэг хамгаалахаар мордох Б.Баясгалан “Догшин тэнгис” номоо "Эх орноосоо түрхэн хугацаанд явахын өмнө уншигчдадаа үлдээж буй миний чин сэтгэлийн бэлэг юм шүү" хэмээн уншигч олныхоо алган дээр тавилаа.

-Эх орон минь надад догшин санагдсан учраас л төвшрүүлэх гэж бичсэн минь энэ-

-Таны хувьд энэ удаагийн номын баяр юугаараа онцлог болж байна вэ?

-37 дахь удаагийн хаврын номын баяр Улс эх оронд өрнөж буй үйл явдалтай давхцаж байгаагаараа онцлогтой байна. Эл үйл явдлыг номынхон сөрөх нь үү, нэгдэх нь үү гэдгийг харах хүмүүст сонин байгаа байх. Tagtaa publishing маань олон шинэ номтой оролцож байгаа. Мөн миний өөрийн бүтээл шинээр гарсан учир сайхан байна.

-Колумбийн их сургуулийн зохиолчийн хөтөлбөрт магистраар сурахаар болсон шүү дээ. Уншигчддаа нэг сайхан бэлэг барьчхаад явах гэж буй мэт санагдлаа.

-Тийм ээ. Бид чинь бүгдээрээ эх орондоо хайртай, Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд ямар нэгэн байдлаар цохилж байгаа. Тэр хайраа яаж илэрхийлэх вэ гэдэг нь хүн хүнд өөр өөр байна байх. Миний хувьд бүтээлээрээ илэрхийлээд гаргалаа.

"Дассан газрын даавуу зөөлөн" гэдгээр Монгол шиг сайхан газар байхгүй мэт, зарим тохиолдолд эх орон хэт догширхоод байгаа ч юм шиг санагддаг. Догшроод байвал төвшрүүлэх ажлыг нь бид өөрсдөө хийх ёстой. Яагаад гэвэл энд хүн байгаа болохоор амьдрал өрнөж байгаа, бусдаар бол байгаль бол байгаль шүү дээ.

Надад эх орон минь догшин санагдсан учраас л төвшрүүлэх гэж бичсэн минь энэ. Хүн болгон уншаад өөр өөрсдийнхөөрөө ойлгох байх.

-Номын баяр, жагсаал хоёр давхцаж байгаа нь аль нэгийнх нь хүчийг сулруулах вий гэх эмзэглэл олон нийтэд байгаад байх шиг. Таны хувьд хэрхэн харж байна?

-Жагсагчид их байх юм бол хамт жагсахад бэлэн байна. Номын баяр болж байгаа учир жагсаалыг тарамдуулчихвий гэх асуудал гарахгүй байх. Манай номынхон бол нийгмийнхээ сэхээлэг хэсгүүд. Нийгэмдээ өөрчлөлт шинэчлэлтийг хамгийн түрүүнд хүсэж байх ёстой хүмүүс учраас уншигчид минь номтой танилцах, жагсахын аль нь бай хүрээд ирээрэй. Хамт байгаа шүү гэж хэлмээр байна.


Ц.Дэлгэрмаа “Шагундалагийн ертөнц” номтойгоо оролцож байна. Тус романы гол дүрийг Энэтхэгийн алдарт найрагч Галидаасын “Шагундала” жүжгийн дүрээр нэрлэж, уран бүтээлч залуусын дотоод ертөнцийг дүрийн сэтгэлзүйгээр илэрхийлэн бичжээ. Мөн хот хөдөөгийн залуусын харилцааны ялгаа, уран бүтээлийн мөн чанар зэрэг өргөн сэдвийг хөнджээ.

-Санаа минь хэр сайн гүнзгийрч суусныг, хэр зэрэг ном болсныг уншигчид шүүх байх-

-Миний хувьд энэ удаагийн номын баяр маш онцлог болж байна. Учир нь хүүрнэл зохиолынхоо анхны ном болох "Шагундалагийн ертөнц" нэртэй романтайгаа оролцож байн. Мөн өөрсдийнхөө нэрлэсэн бүтээлийг овоглох зорилгоор Яруу найрагч, судлаач Я.Баяраа бид хоёр хамтран "Долоон од хэвлэлийн газар"-аа үүсгэн байгуулж, анх удаагаа биеэ даагаад асарт зогсож байна.

-Анх удаагаа асар татаад сууж байгаагаа онцлог гэлээ. Хэр догдлолтой байна?

-Харьцангуй догдлол багатай байна. Өмнө нь хэвлэлийн газруудад редактор хийгээд олон удаагийн номын баярт оролцож, бүтээлтэйгээ зогсож байсан болохоор тэр байх. Гэхдээ хамгийн гоё нь нэг айл гэр босгох гэж байгаа мэт ширээгээ юугаар бүтээх вэ, асраа хэрхэн тохижуулах вэ гэх үйл явц байлаа.

-Шинэ номынхоо тухай цухас дурдвал?

-Хайрын сэдэвтэй, би анхнаасаа залууст зориулсан хайрын тууж бичихээр зэхэж өргөжсөөр роман болчихсон. Гэхдээ зөвхөн хайрын сэдэвтэй роман гэж хязгаарлаж болохгүй байх. Роман гэдэг бол бүхэл бүтэн хүний ертөнц, амьдралыг тольддог болохоор нэлээд өргөн сэдвийг агуулсан байх гэж бодож байгаа. Санаа минь хэр сайн гүнзгийрч суусныг, хэр зэрэг ном болсныг уншигчид шүүх байх аа.


Я.Баяраа “Луугийн зүрх” номтойгоо, өөрийн байгуулсан Долоон од хэвлэлийн газрынхаа асарт сууж байна. Түүний хувьд “Хөх мэдрэхүй” бүлгэмийн найрагч тэрбээр "Нэг урлаг", "Цөн", "Таслал", "Бороонд норсон Чeхов" зэрэг номуудаараа уншигчдын танил нэгэн.

-"Луугийн зүрх" гэж нэрлэсэн минь учиртай. Энэ нэрийн цаана олон утга бий, гэхдээ тайлбарламааргүй байна-

-Энэ удаагийн номын баярын уур амьсгал мэдрэмжийн талаар, мөн шинэ уран бүтээлийнхээ талаар хуваалцахгүй юу?

-Би анх оюутан байхдаа л Улаанбаатар банкны хуучин барилгад болдог байсан номын баярт цөөн зохиолчидтой хамт оролцож явсан хүн л дээ. Харин энэ удаа бие дааж, тусдаа асар аваад өөрийн үүсгэн байгуулж буй хэвлэлийн газрынхаа асарт сууж буй минь хамгийн сайхан мэдрэмж төрүүлж байна.

Шинэ ном нээсэн мэдрэмж сайхан байна. Өмнө нь гаргаж байсан дөрвөн шүлгийн түүврийн шилмэл шүлгүүд болон шинэ шүлгүүд багтсан ном байгаа. Номоо хараад хуучны танилтайгаа таарсан юм шиг, хуучны танил минь амьдралаа арай сайжруулчхаад уулзаж байгаа юм шиг мэдрэгдэж байна. Уг номоо зориуд "Луугийн зүрх" гэж нэрлэсэн. Энэ нэрний цаана олон утга бий, гэхдээ нэрийг нь тайлбарламааргүй байна.

Гол утгын хувьд ертөнц, амьдрал, нийгэм бүгд өргөн уудам гэдгийг л ойлгуулахыг зорьсон. Энэ хүрээнд "Луугийн зүрх"-ээс гадна олон уран бүтээл гаргахаар төлөвлөж байгаа.

-Жагсаалтай, номын баяртай өдрүүд үргэлжилж байна. Одоогийн үйл явдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлбэл?

-Монгол Улсын үндсэн хуулийн дагуу ард түмний сонголтоор УИХ байгуулагдаж, УИХ гүйцэтгэх засаглалаа томилдог. Хэрэв үйл ажиллагаа доголдвол хариуцлага тооцдог хэлбэрээр явж ирсэн. Өөрчлөлт шинэчлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан Засгийн газрууд ч огцорч байсан. Монгол Улсын түүхэнд хувь нэмэр оруулсан хүчирхэг Ерөнхий сайдууд ч огцорч байсан. Одоогийн Засгийн газар бол рекорд тогтоохуйц удаан оршин тогтнож байгаа. Гэхдээ рекорд тогтоохоор их хөгжил дэвшил, зөв бодлого хэрэгжүүлсэн үү гэвэл үгүй. Ялангуяа Ерөнхий сайд. Анх намын ах нар нь итгэл хүлээлгэж, дараа нь ард түмэн итгэж сонгосон. Одоо энэ хүнд Монголын зүгээс оршин тогтнох орон зай үлдээгүй байх, магадгүй гаднын орны тусламжтайгаар оршиж болох юм.


20 гаруйхан насны төлөөлөл Humanz.mn сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч М.Баасандэлгэрийн “Миний өмссөн гутал” номтойгоор оролцож байна.

"Хүн бүр. Энэ хорвоо дээр гутал өмсөх хувьтай төрсөн хүн бүр хайр цацруулж, цаг минутын урсгалыг мэдэрч, энгийн өдрөөс ч утга учрыг олж хардаг нүдтэй байгаасай. Хуучин гутлаа дурсамж болгон нандигнаад далд хийчих. Хааяа гаргаж ирээд харахад сэтгэл тань дулаацна. Одоо өмссөн гутал чинь сайхан газар аваачна аа. Голж, өөлж, өөр гутал руу харах хэрэггүй шүү. Цэмбийтэл нь тосолж дуусаад гутал руугаа хараарай, тусгалд нь энэ амьдралыг авч яваа эгэл нэгэн махбод инээмсэглэж харагдана. Ирээдүйд илүү гоё шинэ гуталтай болно гээд бод доо. Сайхан байгаа биз, гутал өмсөх хувьтай хүний амьдрал гэдэг... хэмээсээр уг ном эхлэх аж.

-Бид нийгмийнхээ завгүй амьдралын хэмнэлээс болоод хэтэрхий материаллаг болоод байгаа шүү дээ. Тийм болохоор бүх сайхан зүйлсээ харах нүд нь нээгдээсэй гэсэндээ хань болох номоо бичсэн-

Анх удаа өөрийн номоо урдаа тавиад асарт сууж үзэж байна. Өмнө нь ирээд ном аваад буцдаг байсан бол өөрөө оролцогч болох мэдрэмж тэс өөр юм байна. Бүх асуудлууд нь мэдрэгдэж байна. Энэ удаагийн номын баярын онцлог гэвэл Монгол бичиг болон крилээр бичсэн номууд олон байх шиг. Үүнийг хараад крилээр уншихаас гадна өөр хэрэгцээ байгаа юм байна хэмээн бодогдлоо.

"Миний өмссөн гутал" номын тухайд гутал гэх үгийн цаана амьдрал гэх философи бий. Би дөнгөж хорин хэдэн настай учраас учиргүй амьдрал бичихгүй. Гэхдээ өөрийнхөө амьдралд тохиолдсон үйл явдлуудыг өөрийнхөө харснаар, туулсан үнэнээрээ бичсэн. Уншсан хүмүүсийн мартагдсан мэдрэмжүүд нь сэргээд одоо байгаа амьдралдаа хайртай болоосой, өөртөө байгаа зүйлсээ анзаараасай. Бид нийгмийнхээ завгүй амьдралын хэмнэлээс болоод хэтэрхий материаллаг болоод байгаа шүү дээ. Тийм болохоор бүх сайхан зүйлсээ харах нүд нь нээгдээсэй гэсэндээ хань болох номоо бичсэн.

Энэ номон дээрээ "ингэдэг шүү, тэгдэг шүү" гэж юуг ч заагаагүй. Зүгээр хүнтэй юм ярьж байгаа юм шиг хэв маягаар бичсэн. Тиймээс ганцаардсан, бүх юм утгагүй санагдсан, хэн нэгэн хэрэгтэй юм шиг санагдсан үедээ миний номыг уншаарай. Хань болно. Би өөрийгөө яг энд зөвлөгөө бус мэдрэмж зараад сууж байгаа гэж бодож байгаа.


Хүүрнэл зохиолын төрлөөр анх “Намаг” нэртэй өгүүллэгээрээ 2017 оны “Тагтаа” утга зохиолын шагналыг авч байсан, залуу уншигчдын дуртай зохиолыг өгүүлэх түүнийг Б.Батзаяа гэнэ. Өдийгөөс яг жилийн өмнө тэр “Тарган муур” нэртэй хүүрнэл хэлбэрийн анхны номоо хэвлүүлж, уншигчдадаа хүргэж байсан бол энэ удаа “Санахгүй байна, гэхдээ сайхан байна” номтойгоо баярт оролцож байна.

-2016 оноос хойш бичсэн өгүүллэгүүдээ нэгтгээд "Санахгүй байна гэхдээ сайхан байна" гэх өгүүллэгийн ном гаргасан-

-Энэ удаагийн номын баяр юугаараа онцлог болж байна вэ. Шинэ номоо уншигчдынхаа алган дээр тавьж буй мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Уур амьсгалын хувьд намрын номын баяр налгар, дулаахан болдог бол хаврынх сэрүүхэн, асуудалтай үеэр тохиодог санагддаг.

2016 оноос хойш бичсэн өгүүллэгүүдээ нэгтгээд "Санахгүй байна гэхдээ сайхан байна" гэх өгүүллэгийн ном гаргасан. Б.Инжинааш найзынхаа дарсан зургийг номынхоо хавтаст оруулсан байгаа.

-Таны хувьд номынхоо хавтасны зургаар мерч гаргасан анхны зохиолч болж байх шиг байна.

-Тиймээ. Мөн л Б.Инжинааш найзтайгаа ярилцаад энэ мерчээ гаргах болсон. Зургийн утга санаа нь бидний ирээдүй болсон хүүхдүүд өөр рүүгээ буу тулгаж буйг дүрсэлсэн. Утгын хувьд "ирээдүй рүүгээ чи гар буугаар буудвал, ирээдүй чинь чам руу их буугаар буудна" гэх өгүүлэмжтэй.

Хүмүүс болж өнгөрсөн юмсыг хурдан мартдаг, үл ойшоодог болчихсон байна шүү дээ. Тэр хүмүүст дохио мессэж хүргэх, сэрээх үүднээс эл мерчийг гаргасан байгаа.

Гэрэл зурагчин Б.Инжинааш анхны ном болох "Glimpse of us”-аа Япон улсад хэвлүүлж, ийн номын баярт нээв.

-2008- 2023 оны хооронд авсан Монголын ахуй амьдралыг бодитоор тольдсон 141 гэрэл зургаас бүрдэх, 160 нүүр бүхий сайн ном болсон-

-Миний номын нэр "GLIMPSE OF US". 2008-2023 онд авсан 141 гэрэл зургаас бүрдсэн 160 нүүр бүхий хатуу хавтастай. Энд Монголын ахуй амьдралын бодит байдлыг харуулсан гэрэл зургууд багтсанаараа онцлог. Гэрэл зурагт дуртай хүмүүсийн гэрт байхад тохиромжтой сайн ном болсон байх гэж бодож байна. Миний номын зургийг Японы алдартай дизайнер сонгосон. Мөн Японд хэвлэгдсэн, хэвлэлийн чанар, зургийн сонголт маш сайн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 17, 2025 09:39

mundag baindaa gadnii orchuulgiin nom ih bolson ene vyd uursdiin nomiig neegeed ingeed uursduu suuj baina geheer baharhaj baina

Зочин
Зочин
5 сар 17, 2025 09:41

doloon od iin nomiig awsan mundag shvv amjilt

Зочин
Зочин
5 сар 17, 2025 09:49

hol bish nom hytadiin zah zeeld garsan gej sonsson mundag shvv manai zaluus

Зочин
Зочин
5 сар 17, 2025 09:57

baasandelgert hairtai shvv amjilt <3

Зочин
Зочин
5 сар 17, 2025 09:58

gerel zurgiin nomiig awsan shvv

Зочин
Зочин
5 сар 17, 2025 10:08

Зохиолчоо ч хат даа.

Basca Feiza
Basca Feiza
5 сар 17, 2025 12:34

сайн байцгаана уу. ХӨӨХ, ГЭРЭЛ ЗУРГИЙН НОМЫГ ОЛЖ АВАХ ЮМ БАЙНА. ГЯЛАЙЛАА Б. Инжинааш гэх хүнд, гэрэл зургийн ажилтай хүнд. Бусад гэрэл зурагчид нар маань номоо гаргах "булган сүүлтэн" болоорой.

Зочин
Зочин
5 сар 17, 2025 17:13

ЭНЭ ЮУН ХҮМҮҮС ВЭ? НОМ ЗАРДАГ ГАРУУД ЮМ УУ? ААН ЗОХИОЛЧИД ГЭСЭН ҮҮ? АНХ УДАА СОНСОЖ ХАРЖ БАЙНА ХӨӨРХӨН ЮМ ТА НАРЫН НОМЫГ ХЭН УНШИХ ЮМ ТЭГЭЭД АУГАА МАНАН БУДАН ГАЗАР ШОРОО ЗҮРХНИЙ ХИЛЭН ОНЦГОЙ ДААЛГАВАР ГЭЭД НОМНУУДЫГ УНШИЖ ҮЗСЭН ҮҮ? ТА НАР ОДООГИЙН ӨӨРСДИЙГӨӨ ЗОХИОЛЧ ЯРУУ НАЙРАГЧ ГЭЭД БОДЧИХСОН ГАРУУД НЭГ Л УЙТГАРТАЙ УТГА АВЦАЛДААГҮЙ ЖИШЭЭЛБЭЛ ТЭР НАМАЙГ ХАЯН ОДЛОО ӨНЧИРСӨН ЗҮРХ МИНЬ ШАРХЛАН ХОЦОРЛОО Ч ГЭХ ШИГ ЭСВЭЛ НАЙМАЙГ ТООГООГҮЙ ХАЙР НАРНЫ ТИТЭМИЙН ЛАНГУУЧИН БОЛЖЭЭ Ч ГЭХ ШИГ НАСНЫ МИНЬ ХАЙР НАРАНТУУЛЫН ХООЛНЫ ГАЗАР УГААГЧ ХИЙЖ БАЙНА ГЭЖ САНАСАНГҮЙ БОДСОНГҮЙ ЗҮҮДЭЛСЭНГҮЙ ЯВЛАА Ч ГЭХ ШИГ.ИНГЭЖ ХУДЛАА ЦАГ АЛДАЖ БАЙХААР АЖИЛ ХИЙ БАРИЛГЫН ТУСЛАХ ХИЙГЭЭД ТООСГО ШАВАР ЗУУРАХАД ГОЁ АМЬДРИЙШТ

Зочинолдо
Зочинолдо
5 сар 18, 2025 09:53

дуртай нь зохиолч болдог болж дээ.зах зухаас нь эргүүлээд харахаар зохиол гэхээсээ илүү хамаа намаагүй үгийн цуглуулга таг туг хийсэн модон хэлтэй юм их бичсэн байдаг.унших гэхээр гацаад утгагүй юм.жинхэнэ ном зохиол уншиж үзээгүй амтыг нь мэдээгүй хүмүүс л авч уншдаг байхаа

Холбоотой мэдээ

Back to top button