Байдены эрүүл мэндийн асуудлыг нуусан байж магадгүй гэх хардлага төрлөө

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден баасан гарагт /2025.05.15/ түрүү булчирхайн түрэмгий хавдраар оношлогдсон гэж түүний ажлын алба мэдэгдсэн. Хавдар нь түүний яс руу үсэрхийлсэн байна. Үсэрхийлсэн хавдрыг дөрөвдүгээр шат буюу хамгийн сүүлийн шат гэж үздэг. Байден ажлаа хүлээлгэн өгөөд дөрөвхөн сар болсон хэр нь дөрөвдүгээр шат гэж үзэж болох хавдраар оношлогдов. Энэ явдал Байден Цагаан ордонд байх хугацаанд эрүүл мэнд нь ямар байсан бэ гэх асуулт асуухаас өөр аргагүй болгож байгаа юм.
Ерөнхийлөгч Доналд Трамп түүнийг хурдан тэнхэрхийг хүссэн. Мөн тэрбээр “Олон нийтэд энэ талаар урт хугацааны өмнө мэдэгдээгүй гэдэгт би гайхаж байна. Есдүгээр шатанд хүрэхэд их урт хугацаа шаарддаг” гэж хавдрын оношилгоог нь буруу хэлсэн байна. Бусад америкчуудад ч гэсэн Байдены эрүүл мэндийн тухай чухал мэдээллийг олон нийтээс нуусан уу гэх хардлага төрж байгаа аж. Байдены хамгийн ойрын туслахууд үүнийг үгүйсгэж, Байден ерөнхийлөгчөөр ажиллахдаа чухал шийдвэр гаргах бүрэн чадвартай байсан гэжээ.
Дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс “Америкийн ард түмэн яагаад түүний эрүүл мэндийн талаар илүү сайн мэдээлэлтэй байгаагүй вэ? Тэр юуг туулж байгаа талаар америкчууд яагаад илүү үнэн мэдээлэлтэй байгаагүй юм бэ? Энэ бол их ноцтой асуудал” хэмээсэн байна.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр түрүү булчирхайн хорт хавдрын тохиолдлын 70 орчим хувь нь хавдар үсэрхийлэхээс өмнө оношлогддог аж. Америкийн ерөнхийлөгч гэдэг бол эрт илрүүлгийн шинжилгээ болон бусад оношилгоонд тогтмол ордог, дэлхийн шилдэг эмч нарын хяналтад байдаг хүн. Ийм хүний хавдар илт илрээгүй байна гэдэг бол маш хачирхалтай хэрэг.
Нортуэстерн эрүүл мэндийн сүлжээний хорт хавдрын хөтөлбөрийн захирал Крис Жорж хэлэхдээ “Ерөнхийлөгч асан жил бүр маш сайн оношилгоо, шинжилгээнд ордог гэж би бодож байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд өгсөн цусны шинжилгээ нь асуудалгүй гарсан гэж итгэхэд хүндрэлтэй байна” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.