Дата: Увс аймгийн төв, Ю.Цэдэнбалын талбайг ₮1 тэрбумаар тохижуулна

Увс аймгийн засаг даргын тамгын газраас 1 тэрбум төгрөгөөр Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит аймгийн төв талбайн шинэчлэлт тохижилт хийлгэх тухай тендер зарласан байна.

Нийт өртөг болох 1,065,000,000 төгрөгийн санхүүжилтийг тусламжаар бүрдүүлнэ хэмээн тусгасан байна. Хийгдэх ажлыг тодруулбал, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг гүйцэтгүүлэх аж.
Увс аймгийн түүхт 100 жилийн ой энэ оны долоодугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөөд буй. Тус аймгийн Засаг даргаар С.Батжаргал 2024 оны 11 сарын 01-нээс хойш ажиллаж байна.
Нэмэлт: Ю.Цэдэнбал даргын хөшөө цогцолбор, нэрэмжит талбайг шинэчлэх зураг төслийн уралдааныг 2009 онд Увс аймгийн ЗДТГ-аас улс орон даяар зарлаж, уралдаанд олон тооны төсөл ирснээс Улаанбаатар хотын “BALDANS” ХХК-ийн төсөл шалгарсан юм. Хөшөөний загварыг уран барималч Л.Ганхуяг бүтээсэн бөгөөд Ю.Цэдэнбал даргыг ширээ түшин зогсож буйгаар урлаж, хөшөө, талбайн орчинд нь усан оргилуур бүхий гантигаар бүрсэн тохижилттой хийжээ. Хөшөөний нээлтийг Ю.Цэдэнбал даргын мэндэлсний 100 жилийн ойгоор буюу 2010 оны 9-р сарын 17-ны өдөр хийсэн юм. Увсчууд томоохон ойн үеэр уг хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, хол ойроос ирсэн зочин гийчид ч зураг хөргөө татуулдаг, хөл хөдөлгөөн ихтэй газрын нэг болсон билээ.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.