“ТЭЦ-5” дулааны цахилгаан станцын төсөлд хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулна

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Тус станц ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг дулаанаар хангах юм.
Тэгвэл НЗДТГ-аас дулааны V цахилгаан станц төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Тодруулбал, сонирхсон хувийн хэвшлийн түншлэгч нь хүрэн нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцыг сүүлийн 5 жилийн хугацаанд доод тал нь нэг удаа барьсан туршлагатай байх бөгөөд Төр, хувийн түншлэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Уг шаардлага нь түншлэлийн гишүүн бүрт хамаарах юм.
Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө хүлээн авна. Санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 3 хүртэлх оролцох санал гаргагчийг дараагийн шалгаруултад оролцуулна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.