“Empathy Education” буюу нинжин сэтгэлийн боловсрол олгох хөтөлбөрт 3000 сурагч хамрагджээ

Залууст хүн байхын утгыг таниулсан, сургалт, сэтгэл заслын олон талт ажлын хүрээнд хүүхэд нэг бүрийн ухамсарт сэтгэхүйтэй нь харилцах цаг иржээ. Өсөж хөгжиж, хүний нийгмийн харилцаанд шилжин орж байгаа залуусынхаа сэтгэл зүй, харилцааны хандлага, хэрэгцээг ойлгох, засах нь томчуудын үүрэг билээ. Үүний тулд эцэг эх төдийгүй хүүхдийн төлөөх төрийн болон төрийн бус байгууллагууд “Малчны 10 бодлого” хөтөлбөрийг анхаарахыг уриалж байна.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр, “Монгол адууны диваажин” ТББ-аас санаачлан Монгол хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өсвөрийн 8-14 насны хүүхдүүдэд өрөвч зөөлөн, нинж сэтгэл суулгах, сэтгэл заслын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү сургалтыг эхлүүлэх болсон үндэслэл нь, ядарсанд задардаг хүүхэд олшрох вий, бидний үр хүүхэд гэмт хэрэг, нийгмийн болохгүй, бүтэхгүй рүү хөл алдах вий, уруу татагдаж, өөрийгөө удирдах сэтгэл зүйн дархлаагүй хүмүүжих вий, үе тэнгийн дээрхлэл өдүүлдэг, зэрлэг балмад этгээд болж төлөвших вий гэх айдасгүй ирээдүйн төлөө юм.

Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд л хүүхэд оролцсон гэмт хэргийн тоо тогтмол өсөж байгааг 2024 онд хүүхэд холбогдсон гэмт хэргийн тоон мэдээнээс харж болно. Тодруулбал, 1373 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1343 хүүхэд үе тэнгийн дээрэлхэлтэд өртжээ. "Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол" олгох шаардлага бийг дээрх тоон үзүүлэлтээс харагдаж буй.
2000-аад оноос Норвеги, Швед, Дани зэрэг улс боловсролын системдээ “empathy education” буюу өрөвч зөөлөн нинж сэтгэлийг төлөвшүүлэх боловсролын арга зүйг нэвтрүүлснээр үе тэнгийн дээрэлхэлт, насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгт оролцсон байдал илт буурсан байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.