Сурвалжилга: Улаанбурханаар өвчилсөн нийт тохиолдолын 55.4 хувь нь вакцинд огт хамрагдаагүй байна

Манай улсад Улаанбурхан өвчин 2025 оны хоёрдугаар сарын 18-ний өдөр гаднын улсаас зөөвөрлөгдөн орж ирэн, албан ёсоор анхны тохиолдол бүртгэгдсэн.
2025 онд Монгол Улсад, тэр дундаа Улаанбаатар хотод улаанбурхан өвчний дэгдэлт эрчимтэй нэмэгдэж буй. Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр, зургаадугаар сарын 6-ний байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5,565-д хүрээд байгаа бөгөөд өмнөх өдрөөс 86 тохиолдлоор нэмэгджээ.
Эдгээрээс 3,795 хүн эдгэрч, 1,682 хүн эмнэлэгт болон гэрийн нөхцөлд эмчлүүлж байна. Өвчлөлийн 83 хувь нь нийслэлд бүртгэгдэж байгаа бөгөөд халдвар голчлон ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүдийн орчинд тархаж байгаа юм.

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирал Э.Анхбаяр:
"Тавдугаар сар гаргаад өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 120 болж өмнөх саруудаас огцом өссөн. Харин тавдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд хамгийн их буюу 265 тохиолдол бүртгэгдсэн. Тохиолдлуудыг шинжлэн үзэхэд дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд илүү их өртөмтгий байгаа нь тогтоогдсон. Дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдэд голомтын дархлаажуулалт хийж, нийт 46,816 хүн голомтын хавьтал болох нь тогтоогдсон. Эдгээрээс 39,075 хүн буюу 83.4 хувьд нь улаанбурханы вакцин хийсэн. Улаанбурхан өвчнөөр өвдөөд гэрээр эмчлүүлж буй болон эмнэлэгт үзүүлж байгаа хүмүүстээ байнгын хяналт хийж байгаа. Цэцэрлэгийн хувьд нийслэлийн хэмжээнд 16 цэцэрлэгт улаанбурханы тохиолдол батлагдсан бөгөөд ихэнх тохиолдолд нэг өвчлөгч байсан бол цөөн хэдэн цэцэрлэгт 3 тохиолдол илэрсэн. Түргэн шуурхай арга хэмжээний үр дүнд цэцэрлэгийн голомтуудыг таслан зогсоож чадсан.
Эмнэлгийн ачааллын тухайд
ХӨСҮТ-с хийсэн мэдээлэлд өнөөдрийн байдлаар 400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба нийт орны 85 орчим хувийг улаанбурхан өвчнөөр эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулан ашиглаж байна.
Зарим тасгийн засвар үйлчилгээ дууссантай холбоотойгоор орны хүрэлцээ одоогоор хангалттай байгаа. Өдөр бүр батлагдаж буй тохиолдлын тоо янз бүр. Жишээлбэл өнөөдөр 85 тохиолдол бүртгэгдсэн. Ерөнхийдөө өдөрт 100–150 тохиолдол тогтмол бүртгэгддэг. Үүний 70 орчим хувь нь гэртээ зөвлөгөө, эмчилгээ авч байгаа бол 30 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа.
Иргэдийн санал, гомдол
Сургууль, цэцэрлэг амарсан нь халдварын тархалтад нөлөөлж байгаа ч эмч, эмнэлгийн ажилчдын ачаалал хэвээр байна. Зарим тохиолдолд иргэдээс орчин, нөхцөлийн талаарх санал, гомдол ирж байгаа. Нэг эмч дээр олон өвчтөн хэт ачаалалтайгаар үзүүлж байгаа талаар гомдол ирсэн. Бид дор бүр нь арга хэмжээ авч ажиллаж байна. Өвдсөн хүүхдүүдийн насны ангиллыг авч үзвэл 10–14 нас болон түүнээс доош насныхан түлхүү халдвар авч байна. хэмээн мэдээлэв.
Сургууль, цэцэрлэгийг каринтилахгүй
Халдварт өвчин дэгдлээ гээд бүх нийтээр нь каринтилж, сургуулиар нь амраах буруу гэдгийг бид ковидын жишээнээс харсан. Цахим хичээл ямар үр дүнгүй байгаад хүүхдүүдэд хоцрогдол үүсгэдэг. Бид голомтын хариу арга хэмжээгээ аваад хяналтдаа аваад явж байгаа. Тийм учраас ямар ч сургууль, цэцэрлэгийг каринтилахгүй" хэмээн мэдээлэв.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга З.Болормаа:
"Хүүхдийг 9 сартай болон 2 настайд нь товлолын дагуу хоёр тун улаанбурханы вакцинд хамруулдаг бөгөөд энэ нь 90 хувиас дээш хамгаалах үр дүнтэй болохыг мэргэжилтнүүд онцолдог. Нийслэлд өвчлөл эрчимтэй нэмэгдэж буй энэ үед олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, хүүхдийнхээ дархлаажуулалтын түүхийг шалгах нь хамгийн чухал алхам болж байна. Энэ бол зөвхөн эмнэлгийн асуудал биш, гэр бүл бүрийн анхаарах ёстой асуудал. Багахан хайхрамжгүй байдал томоохон дэгдэлтийн шалтгаан болж байна” хэмээн анхааруулав.
Халдвар авсан нь батлагдсан хүүхдийн асран хамгаалагчид

Иргэн Г: Манай 14 настай хүү халдвар авсан. Өвчний шинж тэмдэг эхлээд толгой өвдөж эхэлсэн. Хоёр дах хоногоос халуурч эхэлсэн. Өрхийн эмнэлэгт үзүүлтэл хоолой идээлсэн байна гээд антибиотек, халуун бууруулах эм бичиж өгснийг авч уусан боловч халуун нь олигтой буухгүй, эм уух хугацаа хоорондоо халуурсаар л байсан. Гурван хоногийн дараанаас дух болон чихний араар тууралт гарсан байсан тул халдварт орж үзүүлээд улаанбурхан гэдэг нь батлагдсан. Халдвартын эмнэлэг өвчний шинж тэмдгээр ангилж хоёр тусдаа бүртгэл болон үзлэгийн чиглэл өгч байсан. Очиход учиргүй их хүнтэй биш ч нэг хүүхэд бүртгэхэд зарцуулах, иргэд хүлээх цаг нь удаан байсан. Ойролцоогоор 40-50 минут хүлээж байсан тул тэр хэрээр удаашрал үүссэн. Эмнэлгийн ажилчдын хүрэлцээ муу байна гэж бодсон. Учир нь бүртгэл хийж байсан ажилтан үзлэг хийх өрөөнд орж үзлэг хийж байсан. Хүүхдүүдийг ихэвчлэн хэвтэн эмчлүүл гээд гаргаж байсан боловч манай хүүхэд шинж тэмдэг болон хүндрэл нь гайгүй байсан учраас мөн хэвтэн эмчлүүлэх орны хүрэлцээ ч муу байсан тул зөвлөгөө аваад гэрээр эмчилсэн. Харьцангуй том хүүхэд болохоор тууралт гарсан л бол халуурхаа больдог, халуурч хүндэрвэл шууд ирж хэвтээрэй гэж зөвлөсөн. Анх толгой өвдөж халуурснаас хойш 14 хоног гэртээ байсан байна.
Бид Улаанбурхан өвчний одоогийн нөхцөл байдлыг сурвалжлахаар ХӨСҮТ-ийг зорьлоо. Биднийг очих үед үзлэг хийж буй 10 өрөө нээлттэй байсан ба иргэдийн хөдөлгөөн их, ачаалал мэдрэгдэж байв. Халдварт өвчний үед баримтлах халдвар хамгааллын дэглэмийг иргэд сахиж, бүгд амны хаалттай, аль болох хоорондын зайгаа барьсан байдалтай харагдана. Бүртгэлийн хэсэгт ачаалал ихтэй, хүлээлт удаан байгаа нь анзаарагдлаа. Бид ирснээс хойш 30 минут өнгөрөхөд, анх ирэхэд бүртгэл дээр зогсож байсан иргэд өөрчлөгдөөгүй, дараалалдаа хэвээрээ байв. Энэ нь бүртгэлийн үйл явц хэт ачаалалтай, хүн хүч хүрэлцэхгүй байгааг илтгэв. Хариуцсан эмч нь гадаа гарч ирэн, иргэдэд заавар зөвлөмж өгч, ямар өрөөнд үзүүлэх, хэр хугацаанд хүлээх талаар тайлбарлаж байв. Бид тухайн эмчээс нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн боловч албан ёсны эрхгүй гэх үндэслэлээр мэдээлэл өгөхөөс татгалзав.


Бидэнд мэдээлэл өгөх боломжтой хэмээн заасан эмнэлгийн байранд очсон ч тэнд хүн байсангүй. Хаалганууд нь түгжээтэй, орчны хувьд нам гүм, аль нэг ажилтан ч байтугай угтан мэдээлэл өгөх хүн байсангүй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.