БНСУ-д зохиогдсон олон улсын бүжгийн тэмцээнээс хос гран-при хүртсэн ТХ продакшныхан

Атланта Мисо урлагийн сургуулийн дэргэдэх "Tөгс хөгжил продакшн"-ийхан 10 гаруй орны 1300 тамирчин оролцсон “KOREA OPEN CHEERLEADING CHAMPIONSHIPS 2025” тэмцээнээс хос гран-при шагналын эзэн болж өнгөрөгч баасан гарагт БНСУ-д Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн билээ.
"Бүжиглэж байхдаа ихэд сандралтай, ниссэн, догдолсон, үгээр хэлэмгүй олон мэдрэмжүүд холилдож байсан. Бэлдсэн бүх зүйлээ тултал хийсэн ч ялахгүй байх, гурван алдаа гаргасан шүү дээ гэж бодон сууцгааж байсан. Гэтэл хоёр гуравдугаар байранд шалгарсан хамтлагуудыг дуудсаны дараа "ТХ" хэмээн дуудахад чихэндээ итгээгүй. Оролцсон бүх хамтлагийн нэрсийг л зарлаж байгаа байх гэж бодсон ч дахин дуудахад үнэн юм байна гэж итгэж дуу алдсан. Бүр орилсон…" гэж ярих энэ хүүхдүүд ТХ продакшныхан.
Жүжиглэх урлагийн дугуйланд суралцдаг тэд бүжигт дурлаж, дүүрэг, Улсын чанартай тэмцээнд анх удаагаа хүч сорьж хоёронтоо мөнгөн медаль хүртчихээд "шарандаа" алт авна даа хэмээн зориг шулуудан БНСУ-д зохиогдох “KOREA OPEN CHEERLEADING CHAMPIONSHIPS 2025” тэмцээнийг зорьсон байна. Тэмцээний өмнө БНСУ-д долоон хоног бэлтгэлээ базааж, 10 орны тамирчидтай өрсөлджээ.
-ТХ продакшныхан: Түрүүлсэндээ ерөөс итгээгүй, одоо ч ниссэн мэдрэмжээсээ буугаагүй яваа-

Т.Отгон: Манай хамтлаг 12 гишүүнтэй, хип-хоп төрлөөр бүжиглэдэг. Бүжиглэхээр шийдэж анхныхаа тэмцээнд бэлдэж байсан үе саяхан шүү дээ. Дүүргийн аваргын тэмцээнд орох гээд өөрсдийнхөө гар доорх материалаараа зүүх баг, хувцас хэрэгслээ базааж заалнаас заалны хооронд хөөгдөөд л явж байсан. Тэгж тэгж дүүргийнхээ тэмцээнд ороод мөнгөн медаль авсныхаа дараа чадчихсан юм шиг мэдрэмж авсан. Гэхдээ мөнгөн медаль авсандаа шаралхаад УАШТ-д ортол 0.5 оноогоор дутаж дахин мөнгөн медаль авчихсан. Хоёр удаа хамраа таслуулж мөнгө авсан бид Олон улсын тэмцээнд ороод заавал алт авна даа гэх зорилготой болж, түүнийгээ биелүүлчхээд эх орондоо ирлээ.
Э.Мөнхтөр: Түрүүлнэ гэж ер бодоогүй, дүнгээ хүлээж байхдаа найдлага тасарсан. Яагаад гэвэл бид бүжгийн тайзан дээр гурван том алдаа гаргасан юм л даа. Тийм учраас түрүүлэхгүй байх л гэж бодсон. Гэтэл ТХ гээд зарлахад биш байх, андуурсан байх гээд итгээгүй. Үнэн гэдгийг нь мэдэхдээ зүүдлээд байх шиг л санасан. Орилж, уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй юм билээ.

Х.Дашдаваа: Бага байхаасаа л яасан ч байсан урлагийн хүн болно доо гэж боддог байсан. Тэгээд л сошиалаас ТХ продакшн шалгаруулалт зарласан байхыг нь анх хараад ирж байлаа...
Бүжиглэх мэдрэмж өөрөө их гоё л доо. Нэг тийм огших мэдрэмжийг төрүүлдэг гэх юм уу даа. Тэмцээний үеэр алдчих вий дээ, гүйж байхдаа унах вий гэх айдас их байсан. Бас хамгийн том өрсөлдөгч маань ОХУ-аас ирсэн тамирчид байсан л даа. Манай төрөл болохоос өмнөх өдөр Жазз бүжгийн тэмцээн болсон. Тэр үеэр ОХУ-ын тамирчдыг хараад Жазз дээрээ ийм сайн оролцож байгаа юм чинь Хип Хоп дээрээ "алах" байхдаа гэж зүрхшээсэн. Гэхдээ тэд байр эзлээгүй /инээв/. Алдалгүй, бусдаасаа зөрөхгүйгээр бүжгээ дуусгаж чадсан. Бидний зорьсон зорилго алт л байсан.
М. Билэгт-Очир: Жүжигчин болохоос өөр мэргэжлийн сонголт одоогоор байхгүй л байна. Гэр бүлийнхэндээ, найзууддаа, багш нартаа амласан амлалтдаа хүрч алтан медалийн эзэн болсондоо баяртай байна. Гэхдээ бас уучлалт гуймаар... Хамтлагийнхныгаа айлгаж, медаль авч чадахгүй байх гэж урвайж суух гурван шалтгааных нь нэг нь би байсан юм л даа. Бүжгийн үеэр үзүүлэх ёстой байсан ганцаарчилсан техник дээрээ алдчихсан. Гэхдээ тэр олон улсын мянга гаруй тамирчин оролцсон тэмцээнээс ийм амжилтыг үзүүлээд ирнэ гэдэг бахархмаар үйл явдал боллоо.

О. Энхмаа, М. Номин-Эрдэнэ : Олон улсын тэмцээнд оролцох нь дан ганц тэмцэлдээд өнгөрөх бус шинэ найзуудтай болох боломж байсан. Монголоосоо авч очсон бэлэг, дурсгалын зүйлсээ өгч соёлтой нь ч танилцсан.
“KOREA OPEN CHEERLEADING CHAMPIONSHIPS 2025”-ийн тайз бол манай хамтлагийнхны гарч үзсэн хамгийн том тайз байсан. Сүрдмээр, догдлол сандрал дүүрэн. Нэг л мэдэхэд ая дуусаж бид бууж байсан. Тэнд юу болж өнгөрснийг үгээр хэлэх аргагүй байна. Мөн ТХ гээд зарлагдаад медаль авахаар урагшлах гэхэд хөл хөдлөхгүй, итгэхгүй... Амьдралдаа авч байсан хамгийн гоё мэдрэмж тэр байх.

Ө. Хүслэн, М. Анирлан: Өмнө нь аруухан, бусадтай шинэ харилцаа үүсгэхдээ муу байсан. Харин жүжгийн дугуйланд хичээллэдэг болоод илүү нээлттэй өөрийгөө олж авсан. Тэр дундаа бүжиглэж эхэлснээрээ тэс өөр мэдрэмжүүдийг авч, дурлаж дугуйландаа ирдэг болсон. Тэмцээний үеэр хэзээ ч түрүүлнэ гэсэн бодол байгаагүй, сайхан оролцлоо, олон улсын тамирчдаас их зүйл сурлаа гээд л сууж байсан. Гэтэл бид түрүүлсэн, хөл урагш гишгэхгүй сонин мэдрэмж, цаанаасаа л уйлаад байсан. Тэнд хүртэл дэмжиж, бүх боломжоор хангасан аав ээждээ баярлалаа гэж хэлмээр байна.

Ц. Нинжин, Б. Энххүслэн: Тэмцээнд оролцохоор БНСУ руу нисэх үнэхээр гоё байсан. "Нээрээ тэмцээнд орохоор нисэж байгаа юм байхдаа" гэх итгэмээргүй мэдрэмжийн дунд л хөвөрсөн. Тэнд буухдаа л гэнэт "юу билээ" гэж сандарч эхэлсэн. БНСУ-д өнгөрүүлсэн өдөр хоног нүд ирмэх зуур өнгөрч, амьдралдаа тохиосон хамгийн том азыг шүүрч эх орондоо ирсэндээ их баяртай байна. Ниссэн мэдрэмжээсээ одоо ч буугаагүй, хөөрсөн хэвээр...
Бүх цаг үед дэмжиж хайрласан аав ээж, ах эгч нар дээрээ медальгүйгээр ирвэл яана аа гэх түгшилт бол байсан.
Б.Энххүслэн: Намайг медаль авсан гээд өвөө минь Сэлэнгэ аймгаас ирчихсэн байсан гээд боддоо. Тийм их хайр, хүндлэл гэр бүлээс минь ирсэн болохоор тэдний ерөөл, хүсэл багтсан болохоор өнөөдөр энд баяртайгаар сууж байгаа байх.
-А.Мөнхцацрал: "Би үнэхээр алтан медаль аваад нэгдүгээр байранд орсон юм уу, зүүд юм биш биз" гэж өөрөөсөө асуусаар л байгаа-

"“KOREA OPEN CHEERLEADING CHAMPIONSHIPS 2025” тэмцээний бага насны ганцаарчилсан төрөлд гран-при шагнал хүртсэн А.Мөнхцацрал: Би найман настай, бүжгийн спортоор хичээллээд нэг жил өнгөрч байна. Ер анх удаа ийм том тэмцээнд оролцож үзлээ. Бүр гран-при шагналыг нь атгаад ирсэн шүү. Би Хип-хоп төрлөөр бүжиглэдэг.
Солонгос явчхаад гар хоосон гэртээ ирвэл яана, аав ээжийнхээ миний төлөө хийсэн бүгдийг хариулж чадахгүй бол яана аа гэх бодол байсан. Гэхдээ би ачийг нь бага ч гэсэн хариулж олон улсын шинжтэй тэмцээнээс богц дүүрэн л ирлээ"
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж аль улсын тамирчдыг харж байв?
-ОХУ, БНХАУ-ын тамирчдыг хамгийн хүчтэй өрсөлдөгч хэмээн харж байсан. Яагаад гэвэл тэд сунгалтаар "алдаг" юм байна лээ. Бас уян налархай. Тэднээс их юм сурсан.
-Цом атгасан мэдрэмжээсээ хуваалцаач, хамгийн түрүүнд энэ мэдээгээ хэнтэй хуваалцсан бэ?
-Тайзан дээр бүжиглэж байхдаа алдчих вий гэж бодоод өөр зүйл анхаараагүй. Сайн оролцоно, туршлага хуримтлуулна гэж санаснаас ерөөсөө түрүүлнэ гэж зориогүй. Бүжгээ дуусгаад тайзнаас буусан ч гэлээ сандрал, түгшилтийн мэдрэмж арилдаггүй юм байна лээ. Одоо ч гэсэн нэг л хэвийн болохгүй л яваа. "Би үнэхээр алтан медаль аваад нэгдүгээр байранд орсон юм уу, зүүд юм биш биз" гэж өөрөөсөө асуусаар л байгаа.
Хамгийн түрүүнд аав ээждээ медаль авсан тухайгаа дуулгасан. "Бахархаж байна шүү, хайртай шүү" гэх хоёр үгийг зөндөө их хэлсэн.
-Ирээдүйд ямар мэргэжил эзэмшинэ гэж боддог вэ, мөн том мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Өөрийн гэсэн дуу гаргана бас кинонд гол дүр бүтээнэ гэсэн мөрөөдөлтэй. Урлагаас өөр мэргэжил миний дотор байхгүй учраас жүжигчин л болно байх гэж бодож байна.
Аливаа спортыг багш, дасгалжуулагчгүйгээр төсөөлшгүй. Тэднийг энэ хүртэл нь бэлтгэж, БНСУ хүртэл нь хөтөлсөн хүн бол тэдний багш Ж.Буянтөгс юм. Түүний хувьд "Адтай жаалууд"-аас эхлэн багшилж буй бөгөөд өдгөө 18 дахь жилдээ багшаар ажиллаж буй аж.

"Манай хүүхдүүдийн оролцсон Хип-Хоп төрөлд 1300 орчим тамирчин оролцсон. Бусад орны тамирчдыг харахад ур чадвар болон техникийн хувьд хавь илүү, хүчтэй санагдаж байсан. Тийм учраас гран-при авна гэж ерөөс төсөөлөөгүй, туршлага л боллоо гэж бодсон.
Ингэж бодсонд шалтгаан бий л дээ. Хөгжөөж дэмжигчдийн холбооноос нь ирээд "яагаад хог тарьчихсан юм бэ" гэсэн. Угтаа хар нөмрөгөө тайлаад БНСУ-ын үндэсний хувцас болох Хамбугтай бүжгээ үргэлжлүүлсэн юм. Хог хэмээн тооцно гэж бодоогүй. Би хувьдаа хог гэхийг нь цаасан салют, бусад хогийг хамааруулна гэж ойлгосон. Бусад дүрмийг бол зөрчөөгүй"
-Хамбугтай Хип-хоп бүжиг гэхээр сонирхолтой санагдаж байна. Яагаад ийм шийдлийг үзүүлэх болов?
-Нэг талаараа тухайн орны үндэсний хувцсыг өмсөж хүндэтгэж буйгаа илэрхийлсэн. Нөгөө талаараа хамбугтай Хип-хоп төрлийн бүжиг бүжиглэж байсан түүх байдаггүй юм билээ. Манай хүүхдүүдийн хувьд дан ганц бүжиглэхээс гадна уран бүтээлч, жүжигчин. Тэр ч утгаараа санаа, зохиомж, нүүрний хувирал, жүжиглэлт нь энгийн бүжигчдээс тэс өөр байж чадсан.
-БНСУ өөрөө бүжгийн урлаг тэр дундаа Хип-хоп төрлөөрөө хөгжсөн. Эзэн орноос нь гран-приг нь авч ирнэ гэдэг амаргүй шүү дээ.
-Тийм шүү. БНСУ-ын хамтлаг гуравдугаар байранд орсон. Бүгд медалиа гардаж байх мөчид хамт зургаа даруулъя гэхэд ихэд дургүй байсан. Тэдний хэлийг ойлгохгүй ч гэлээ нүүрний хувирал, хариу үйлдлээс нь харахад алтан медалиа бидэнд өгсөнд тэд ундуй л байх шиг.
-Тэмцээн болохоос урьтаж очсон байна лээ. Тэр хугацаандаа бэлтгэлээ хаана, хэрхэн базааж байв?
-Монголд заал түрээс үнэтэй шүү дээ. Цагийн түрээс багадаа 50-60 мянга. Гэтэл бид тэмцээний өмнө долоон хоногийн хугацаанд бэлтгэлээ базаахдаа цагийн 18 мянган төгрөгийг төлж байсан. Заалны хувьд манайхтай жиших юм биш. Цэвэрхэн, уух ус нь бэлэн, хувцас болон бусад эд зүйлсээ хадгалах шүүгээ нь ч тусдаа. Бүжигчин хүнд заал гэдэг хамгийн анхдагч хэрэгцээ байдаг. Тэр улс анхдагч хэрэгцээг нь ингэж бүрдүүлсэн учраас л бүжгийн спорт нь тэгж хөгжиж дээ л гэх бодол тээсэндээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.