А.Баяр: Явган зам дээрх мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ

Скүүтэр, мопедоос үүдэлтэй зам тээврийн ослын дуудлага эрс нэмэгдсэн бөгөөд манай улсын хэрэглээнд нэвтэрснээс хойш 1000 орчим ослын дуудлага бүртгэгдэж, 300 орчим хүн гэмтэж, бэртжээ.
Гэмтэж бэртсэн иргэдийн 67 хувь нь эрэгтэй бөгөөд 39 хувь нь 10-19 насныхан эзэлж байна. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр мопед, скүүтэрийн түрээсийн үйлчилгээ үзүүлж буй “Eco bike”, “Таbо” компаниудын төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар гудамж талбайд эмх замбараагүй тавигдсан мопед, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгох, хүний хөдөлгөөн ихтэй бүсүүдэд скүүтэрийн хурдыг цагт 8-10 км-ээс дээш хурдлахгүй байх тохиргоог хийх боломжтой эсэхийг судлахыг үүрэгдлээ. Уг ажлыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт даалган аж ахуй нэгжүүдийн саналыг тусгаж, нэгдсэн саналаа ирэх долоо хоногийн лхагва гарагт танилцуулахыг даалгалаа.
НИТХ-ын дарга А.Баяр “Монголд анх мопед, скүүтэрийн хэрэглээ орж ирэхэд дүүргүүд манайд байршуулаад өгөөч гэж хүсэлт гаргадаг байсан. Одоо харин хэзээ, хаанаас скүүтэртэй хүн гарч ирээд миний хүүхдийг, аав, ээжийг, намайг мөргөчих бол гэсэн айдастай боллоо. Скүүтэрт мөргүүлээд маш хүнд гэмтээд насан туршдаа босож ирэхээргүй болсон хүн ч олон байна. Явган хүний зам дээр замбараагүй тавигдсан мопед, скүүтэрээс болж хүүхдийн тэрэгтэй, харааны бэрхшээлтэй иргэд явах нөхцөл алга. Тиймээс бид энэ асуудлыг цэгцлэхдээ нэг талын шийдвэр гарахаас илүүтэйгээр аж ахуй нэгжүүдийнхээ саналыг авч, нэгдсэн шийдвэрт хүрч хамтарч ажиллана” гэв.
Тээврийн цагдаагийн албанаас зөвхөн “Jet”, “Таbо” компанийн мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18.000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд сүүлийн жилүүдэд хэрэглээ эрс өсөж байгааг онцоллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huushee ene chin tag hujaa bnshd
Дугуйгаар зорчихыг л зөвшөарөх хэрэгтэы.