Хавтаст хэрэг

"Дүүг минь зодсон" гэх шалтгаанаар маргаж, мэсээр нэгнээ хөнөөсөн хэрэг гарчээ

Төв аймгийн нутаг дэвсгэрт 24 настай эрэгтэй, 25 настай эрэгтэйтэй "дүүг минь зодсон" гэх шалтгаанаар маргалдаж мэсээр хөнөөсөн хэрэг гарсан байна.

Энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх үүднээс хэргийн процесс шүүхийн дүгнэлтийг тоймлон хүргэж байна.

Уг хэрэг одоогоос найман сарын өмнө Төв аймгийн Эрдэнэсант суманд гарчээ. Хэрэгт холбогдсон этгээдүүд тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.

24 настай шүүгдэгч Б.С- ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орой 19 цагийн орчимд ажлаасаа тараад Төв аймгийн Эрдэнэсант сумын төв дээр байрлах гэртээ ирэхэд манай төрсөн дүүг хэдэн хүн Сансар сум руу дагуулж яваад зодсон гэдгийг дүүгээсээ сонссон. Юу болсон талаар нь асуухад Б.С гэдэг залуу найзыг нь зодохоор нь манай дүү голоор нь ороод салгахад хэд хэд цохисон гэж хэлсэн.

Тэгэхээр нь би найзаасаа Б.С гэдэг залуугийн утасны дугаарыг нь авч яриад Картны цагаан худаг гэдэг газар уулзъя гэж дуудаад худаг дээр очоод нилээн хүлээгээд ирэхгүй юм байна даа гээд явах гэж байтал жижиг тэрэг ирж зогсоод Б.С гэдэг залуугийн гэр хаана байдаг вэ гээд асуухаар нь би өөрөө байна гээд машины зүүн талаас нь яваад очтол хоёр хүн байж байсан. Тэгээд машин дотроо байхад нь би Б.Ст хандаж "яасан гэж хүүхэд дарамталж, яасан гэж хүүхэд цохиж байгаа юм" гэтэл Б.С "би цохиж дарамтлаагүй шдээ" гэхээр нь би "чи манай дүүгийн найз Түмэнбаяр хоёрыг нүүр амыг нь цохисон байна лээ" гээд хэлсэн.

Тэр үед машины зүүн талын хаалга онгорхой Б.И гэдэг залуу сууж байсан бөгөөд намайг яг яриад дуусахад өөдөөс Б.И босож ирээд миний зүүн шанаа руу баруун гараараа цохиод би зөрүүлээд гараа явуулсан чинь цаанаас Б.С гэдэг залуу "та хүн хутгалчихлаа" гээд хэлэхээр нь гараа хартал баруун талын гарт хутга байсан. Тэгээд Б.С гэдэг залуугаар машин бариулаад би Б.Иыг арын суудал дээр авч суугаад эмнэлэгт очсон...” хэмээн мэдүүлсэн байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид "гомдолтой байна, оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлыг төлж өгнө үү" гэжээ.

Цагдаагийн хэргийн газрын дүгнэлт, мөрдлөг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон юм.

Иймд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл буюу Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж 10 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.1 - Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 22, 2025 02:27

Teneg hodooni ork l bna gartaa yu barisanaa medehgui hvn gj bhgui l de

Холбоотой мэдээ

Back to top button